Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Хятад, орчин үеийн Азийн хүрээлэнтэй хамтран “Зүүн хойд Ази дахь Монгол-Оросын хоёр талт харилцааны хөгжлийн соёл иргэншлийн үндэс” дугуй ширээний хэлэлцүүлгийг 2025 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн дээр зохион байгууллаа.
Энэхүү дугуй ширээний хэлэлцүүлгийн эхэнд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Философийн хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн болон ОХУ-ын ШУА-ийн Хятад, орчин үеийн Азийн хүрээлэнтэй Хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол болсон юм.
Үүний дараа ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрхлэгч, эдийн засгийн ухааны доктор (Sc.D), профессор А.Даваасүрэн “Монгол-Оросын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлууд”, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), профессор Ц.Энхчимэг “Оросын соёл иргэншлийн төлөвшилд Монгол хаадын шашны бодлогын гүйцэтгэсэн үүрэг”, ОХУ-ын ШУА-ийн Хятад, орчин үеийн Азийн хүрээлэнгийн Монгол судлалын салбарын эрхлэгч, улс төрийн шинжлэх ухааны доктор (Sc.D) А.С.Железняков “Зүүн хойд Ази дахь аюулгүй байдлын систем дэх “Орос-Монгол-Хятад” соёл иргэншлийн орон зай”, мөн хүрээлэнгийн Монгол судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан С.В.Никифоров “Соёл иргэншил хоорондын хамтын ажиллагааны хүрээн дэх Орос-Монголын харилцаа” сэдэвт илтгэл тавьж, сэдвийн хүрээнд Монгол-Оросын хамтын ажиллагаа, хэтийн төлөв, тулгамдсан асуудлуудын талаар эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.
Тус дугуй ширээний хэлэлцүүлэг нь хоёр орны худалдаа, эдийн засаг, улс төр, аюулгүй байдлын асуудлыг түүхэн цаг хугацааны үүднээс авч үзэн, хоёр талын хамтын ажиллагааны хөгжлийн үе шат, тулгамдаж буй асуудал, ирээдүйн төлөвийг цогцоор нь дүгнэсэн үр өгөөжтэй хэлэлцүүлэг боллоо.
Мэдээ бэлтгэсэн: ОУСХ-ийн Орос судлалын салбарын ЭШдэА,
магистр Б.Хишигжаргал