1965 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш эдүгээ 60 жилийн ой энэ жил тохиож буй билээ. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Гадаад харилцааны яам, Монгол Улсын Их Сургууль, Монгол-Францын найрамдлын нийгэмлэг болон Монголын Дипломатын академи хамтран “Монгол, Францын харилцааны нэгэн жаран” эрдэм шинжилгээний бага хурлыг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд амжилттай зохион байгууллаа.
Тус хурлыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг нээж, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Коринн Пэрера Да Силва болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд У.Нямхүү нар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Хурлын эхний хэсгийг Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, доктор (Ph.D) Х.Бэхбат чиглүүлэн, Монгол-Францын харилцаа, улс төр, эдийн засгийн салбар дахь хоёр талын түншлэлийн түүхэн ололт, хэтийн төлөвийг хэлэлцсэн бөгөөд тухайлбал, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, доктор (Ph.D) Т.Төмөрхүлэг “Монгол-Францын харилцааны түүхэн өрнөл” сэдвээр, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Г.Луузан “Улс төр, дипломат харилцааны бартаат зам буюу эхэн үе (1965-1990 он)”, Франц-Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын ахлах ажилтан Г.Оюунчимэг “Түншлэлийн бодит үндэс суурь буюу худалдаа-эдийн засгийн харилцаа”, ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач, доктор (Ph.D) Г.Базарваань “Стратегийн түншлэлд хөтлөх зам буюу шинэ үеийн харилцааг тоймлохуй” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Хурлын хоёр дахь хэсгийн чиглүүлэгчээр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Д.Золбоо ажилласан бөгөөд уг хэсэгт хоёр орны соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаарх илтгэлүүд хэлэлцэгдсэний дотор ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Ч.Одонбаатар “Монгол, Францын шинжлэх ухааны хамтын ажиллагаа: Геофизикийн хамтын ажиллагааны жишээн дээр”, МУИС-ийн Европ судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D), профессор Б.Алтангүл “Боловсролын хамтын ажиллагаа: Монгол дахь франц судлал”, тус сургуулийн доктор (Ph.D), профессор Ц.Төрбат “Археологи, соёлын өвийн сэргээн засварлалтын хүрээн дэх Монгол-Францын хамтын ажиллагаа”, докторант Ч.Оюунтогос “Эрүүл мэнд, хүмүүнлэгийн хэлхээ холбоо”, доктор (Ph.D), профессор С.Булгантамир “Монгол-Францын соёлын салбарын хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, хурлын төгсгөлд чиглүүлэгчдийн зүгээс “хоёр орны харилцааг түүхчлэн, хамрах салбарын хувьд өргөн хүрээнд авч үзэхийн сацуу хамтын ажиллагааны ирээдүйн замын зургийг тодорхойлсон чухал ач холбогдолтой, үр дүнтэй хурал боллоо” хэмээн онцолсон юм. Энэхүү хурлын илтгэлүүдийг тус хүрээлэнгээс эмхэтгэн хэвлүүлэх юм байна.
Мөн өдөр хоёр улсын дипломат харилцааны түүхийг өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэн болон тэмдэглэлт ойд зориулсан шуудангийн шинэ маркийн нээлтийн ёслол Гадаад харилцааны яаманд боллоо. Түүнчлэн Монголын Дипломатын академи, Монгол-Францын найрамдлын нийгэмлэгээс хамтран гаргасан “Өнгөрсөн, одоо, ирээдүйн зааг дахь нэгэн жаран” хэмээх шинэ бүтээлийн нээлт “Номин” танхимд болж өнгөрлөө. Тус бүтээлийг Монголын Дипломатын академийн захирал, Монгол-Францын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, доктор (Ph.D) Х.Бэхбат эрхэлж, хянан тохиолдуулсан ба бүтээлд хоёр орны хамтын ажиллагааны эрт, эдүгээгийн түүхийг авч үзэн, Монгол Улсад Франц Улс, франц хэлтний соёлыг түгээн дэлгэрүүлэх хийгээд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан үе, үеийн багш, ахмад дипломатчидын дурсамж, хоёр талын харилцаанд холбогдох баримт бичгүүд болон түүхэн гэрэл зургуудын хамт багтаасан байна.