Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛЫН УРГАМЛЫН АЙМАГ” 14Б ДЭВТЭР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
“МОНГОЛЫН УРГАМЛЫН АЙМАГ” 14Б ДЭВТЭР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Энэ удаад “Монголын ургамлын аймаг” цувралын 14б дугаар (ISBN 978-99929-78-15-5) бүхий дэвтэр саяхан хэвлэгдэн гарлаа. Тус бүтээлд Asteraceae овогт хамаарах 1 дэд овог, 6 триб, 8 дэд триб, 39 төрлийн 144 зүйл ургамлын овог, төрлийн ойллого, төрөл ба зүйл таних түлхүүр, зүйлийн ойллого, ургах орчин, ерөнхий тархац, цэгэн тархац, 80 орчим зургийн хамтаар оруулсан ба судалгааны үр дүнд Монгол орны ургамлын аймагт 10-аад төрлийн 30 гаруй зүйл шинээр бүртгэж, 60 гаруй тархацын шинэ цэгийг нэмсэн аж.

Ургамлын аймгийн нийт төрөл зүйлийг бүртгэдэг гол бүтээл бол аливаа улс оронд хэвлэгдэн гардаг тухайн улсын “Ургамлын аймаг” хэмээх шинжлэх ухааны томоохон цуврал бүтээл байдаг. Энэхүү бүтээл нь ургамлын аймгийн бүх төрөл, зүйлийг нэгийг ч үлдээлгүй бүртгэж, зүйл ургамал бүрт шинжлэх ухааны болон нутгийн нэршил, зүйлийн ойллого, төрөл зүйл таних түлхүүр, ургах орчин, тархалт, хамгааллын статус, тип материал, ач холбогдол зэрэг бүхий л мэдээллийг холбогдох зургийн хамт багтаадгаараа давуу талтай юм.

Монгол орны ургамлын аймгийг нийт төрөл, зүйлийг багтаасан “Монголын Ургамлын аймаг” хэмээх 20 дэвтэр бүхий цуврал бүтээлийг туурвих ажлыг гагцхүү манай байгууллагын “Ургамлын аймаг, ангилалзүйн” лабораторид гүйцэтгэж байгаа ба өдгөө цувралаар нийт 5 дэвтэр (1, 10, 14а, 14б, 17 дугаарууд) 2009 оноос хойш хэвлэгдэн гарсаар байгаа ба цаашид үргэлжлэн хийгдэх болно.


Энэхүү “Монголын Ургамлын аймаг” цуврал бүтээл нь ургамлын аймаг, ангилалзүйн чиглэлийн ном зохиол, ургамал таних бичиг, “Монгол улсын Улаан ном”, “Монголын Ургамлын Улаан данс”, “Байгалийн ургамлын тухай” хууль, “Нэн ховор болон ховор ургамлын жагсаалт” тэргүүтнийг шинэчлэхэд шинжлэх ухааны үндэслэл, эх материал болох ач холбогдолтой бөгөөд уг бүтээл нь “Дэлхийн номын өдөр”-тэй уялдан гарч буйгаараа онцлог юм.

Уг бүтээлүүдтэй та бүхэн ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн номын санд ирж уншиж танилцах боломжтой юм.

 

Мэдээг бэлтгэсэн: Ургамлын аймаг, ангилалзүйн лабораторийн эрхлэгч,

доктор  М.Ургамал


Бусад мэдээлэл