Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэн 2017 оны 11 сарын 17 -ны өдөр нээлттэй хаалганы өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр хүрээлэнгийн эрдмийн хамт олон үндсэн гурван чиглэл болох Биотехнологи, Ургамал судлал, Амьтан судлалын чиглэлээр Монгол орны биологийн олон янз байдал, амьтан, ургамлын аймаг, бичил биетний биологи, экологи, генетик онцлог, хавдрын эсийн үржлийг дарангуйлагч бодисыг Монгол орны ургамлаас ялган цэвэршүүлэх, хавдар өвчний молекул механизм, генетик шалтгааныг тогтоох, биологийн нөөц баялгийг хамгаалах, тогтвортой ашиглах, биологийн идэвхт бүтээгдэхүүний технологи бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй судалгаа шинжилгээ, өдөр тутмын зарим онцлог үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй танин мэдэхүйн хэлбэрээр дэлгэн танилцуулж эхэллээ. Мөн хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэн судлаачдын туурвисан 1963 оноос хойш хэвлэгдэн гарч олны хүртээл болсон нийт 6000 гаруй эрдмийн бүтээлийн дээжис, инноваци, гарааны компаниас гарсан Bioplus барагшун, БиБ-1 уураг, Хүний цусанд Альфафетопротеин (АФП) тодорхойлох оношлуурын цомог, азот, фосфорын бактерийн омгийг өсгөвөрлөж гарган авсан Биобордоо зэрэг олон арван бүтээгдэхүүн болон Монгол орны амьтан, ургамлын аймаг, бичил биетний цуглуулгын сан болон зарим сонирхол татахуйц нэн ховор, ховор зүйлийн цуглуулга, үзмэрийн тэнхимээ олон нийтэд нээлттэй танилцуулсан бөгөөд 2-75 насны 250 гаруй хүмүүс оролцлоо.