Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ДЭЛХИЙН ТАРВАГАНЫ ЗҮЙЛҮҮД” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ТАРВАГА СУДЛААЧДЫН YII ХУРАЛДААН 2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН 13-17-НЫ ӨДРҮҮДЭД УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
“ДЭЛХИЙН ТАРВАГАНЫ ЗҮЙЛҮҮД” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН  ТАРВАГА СУДЛААЧДЫН YII ХУРАЛДААН 2018 ОНЫ 08 ДУГААР  САРЫН 13-17-НЫ ӨДРҮҮДЭД УЛААНБААТАР ХОТОД  ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА



Тарвага судлаачдын анхны олон улсын эрдэм шинжилгээний хурал 1991 онд Итали (Aosta)-д, II хуралдаан 1994 онд Франц (Aussois)-д. 1997 онд ОХУ-ын Чебоксар хотод, IV хуралдаан 2002 онд Швейцарийн Монтрё хотод зохион байгуулагдаж байсан бол 2005 онд тарвага судлаачдын Олон улсын товчооны санаачлагаар V бага хурлыг Узбекистан улсын нийслэл Ташкент хотод,  сүүлчийн буюу VI бага хурлыг 2008 онд 2 дахь удаагаа Итали (Cogne, Valle d’Aosta)-д зохион байгуулж байжээ.

Олон улсын тарвага судлаачдын эрдэм шинжилгээний YII хурлыг ШУА, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Байгаль орчин Аялал жуулчлалын яамны санаачлагаар олон улсын тарвага судлалын мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран зохион байгуулж байна. Хурлын нээлтэд ШУА-ийн Ерөнхийлөгч академич Д.Рэгдэл, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр нар оролцож үг хэлэх бөгөөд гадаад дотоодын 100 гаруй эрдэмтэн судлаачид, байгаль ан амьтан хамгааллын байгууллагын төлөөлөл оролцох болно.   

Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд Австри, Англи, АНУ, ХБНГУ, Итали, ОХУ, Казахстан, Киргиз, Монгол, Украин, Франц, БНХАУ, Япон зэрэг дэлхийн 13 орны нийт 121 эрдэмтэн судлаачид судалгааны ажлын үр дүнг илтгэсэн материалаа ирүүлж, 52 аман болон ханын илтгэлийн хураангуй, 28 илтгэлийг бүрэн эхээр нь нэгтгэсэн эрдэм шинжилгээний эмхэтгэл бүтээлийг  хэвлэн нийтэлж олны хүртээл болгов.  




Энэхүү хуралд дэлхийд тархсан тарваганы зүйлүүдийн тархац, нөөц, ашиглалт, экологи, биологи, онцлог, бүс нутгийн судалгааны түүхэн тойм материалууд, ангилал зүйн асуудлыг хөндсөн орчин үеийн молекул биологийн судалгааны дүнгүүд, зүйлийн геномын болон монгол тарваганы хепаднавирүсийн геномын бүрэн дараалал, хүн махны гистологи бүтэц, электрон микроскопын аргаар арьсны өвөрмөц булчирхайн бүтцийг судалсан дүн, тарвагыг гаршуулан тэжээсэн тухай, олон зүйл тарваганы дуу авиа, дохиоллын онцлогын талаарх судалгааны ажлын сонирхолтой үр дүнгүүд илтгэгдэн хэлэлцэгдэнэ.

Мөн энэхүү олон улсын тарвага судлаачдын YII хурлын бэлтгэл ажлын хүрээнд өмнө зохиогдсон 6 удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын гол үр дүн, илтгэлийн хураангуй материалыг нэгтгэн хэвлүүлж, тарвага сонирхогч, судлаачдын дунд дэлхийн 14 зүйл тарваганы бие бүтэц, өнгө зүс, зан төрхийн өвөрмөц онцлогийг харуулсан гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж, тарваганы экологи биолог онцлог, ашиглал хамгааллын тухай шинжлэх ухаан танин мэдэхүйн ач холбогдолтой богино хэмжээний баримтат киног бүтээснээ нийтэд танилцуулах юм.



Дээрх баримт материалууд тарвагыг сонирхон судлагч эрдэмтэд, байгаль хамгаалалын мэргэжилтнүүд, их дээд сургуулийн багш оюутнууд, төрийн захиргааны албан хаагчдад үнэ цэнэтэй гарын авлага, эх материал болно гэдэгт хурал зохион байгуулагчид итгэлтэй байна.   

 

Олон улсын хурал зохион байгуулах хороо






Бусад мэдээлэл
Ажлын байрны зар
1 жилийн өмнө