Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ХАЛУУН ОРНЫ ХУМХАА ӨВЧНИЙ ЭСРЭГ ДРОЖЖИЙГ АШИГЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛЖЭЭ
ХАЛУУН ОРНЫ ХУМХАА ӨВЧНИЙ ЭСРЭГ ДРОЖЖИЙГ АШИГЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛЖЭЭ

                                                             

Зураг 1. Хумхаа өвчин хүний биед халдварлах болон үржих зам (зургийг CDC буюу АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээллээс)


Халуун орны хумхаа: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан статистикаар халуун орны хумхаа өвчнөөр дэлхийн 92 орны 3.4 тэрбум хүн халдвар авах эрсдэлтэй гэж мэдээлсэн байдаг (Дэлхийн хумхаа өвчний талаарх тайлан, 2018). Мөн оны мэдээллээс үзэхэд жилд хумхаагийн 228 сая тохиолдол бүртгэгдэж, 405.000 хүн нас барсан нь Африкийн орнуудад голчлон тохиолдож, 5-аас доош насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд илүү өртөмтгий байна (ДЭМБ, 2018). Хумхаа нь Plasmodium spp. төрөлд хамаарах паразитаар үүсгэгддэг. Plasmodium falciparum нь хүнд өвчин үүсгэдэг ба улаан эсэд халдварлагдан цаашид цусны эргэлтээр дамжин элгэнд үрждэг.

Халуун орны хумхаа өвчний тухай МЭӨ 2700 оны Хятадын сурвалж бичгүүд тэмдэглэгдэн үлдсэн байдаг ба 1897 онд Английн эрдэмтэн Рональд Росс (Ronald Ross) Энэтхэгт ажиллаж байхдаа шумуулаар дамждаг болохийг тогтоосон (Соx, 2010).

Тархалт:  Anopheles sp. төрөлд хамаарах шумууланд хазуулсан тохиолдолд халдвар авна. Шумуулын Anopheles sp. зүйлд хамаарах 400 гаруй зүйл байдаг боловч ойролцоогоор 30 зүйл нь хумхааг голчлон дамжуулагчид байдаг (ДЭМБ-ын мэдээллээс).

Шинж тэмдэг: Халуурах, чичрэх, толгой өвдөх, бөөлжих болон цус багадалт, элэг, дэлүү томрох зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Урьдчилан сэргийлэх арга: Хумхаа өвчний тархалт ихтэй улс орон, бүс нутгаар явахдаа анхаарал боломжтой байж, мэдээлэл зөвөлгөө авч, шумууланд хазуулахаас сэргийлэх шаардлагатай.

Монголд: 2009-2016 онд хумхаагийн 12 тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас барсан нь гадаад оронд халдвар авч зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байна (Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэдээллээс).

Эмчилгээ: Эмийн эмчилгээнд (Artemisia annua) морин шарилжнаас гарган авсан Артемизинин (Аrtemisinin) эмийг өргөн хэрэглэдэг. Хятадыг эрдэмтэн Ту Юуюу (Tu Youyou) энэхүү эмийг нээж олон сая хүний амь насыг аварсан учир 2015 онд анагаах ухааны салбарт Нобелын шагнал хүртжээ.

Одоо артемизининд суурилсан эмүүдийг  өргөн хэрэглэдэг боловч тухайн эмэнд дасал үүсч байгаа учир шинэ эм эрэн хайх судалгааны ажлууд дэлхий дахинд ихээр хийгдэж байна.

Хумхаа өвчнийг дамжуулагч Anopheles stephansi шумуулны ходоодноос дрожжийн Wickerhamomyces anomalus омгийг илрүүлжээДоржж нь хөрс, жимс жимсгэнэ, ургамал, цэцэг, жимсний хальс, сүү сүүн бүтээгдэхүүн, исгэсэн, давсалсан бүтээгдэхүүн, нуур далайн ус, хүн амьтанд болон шавжны ходоодонд (ялаа, цох, шумуул) тохиолддог, биотехнологийн олон ач холбогдолтой эукариот бичил биетэн юм.

         (A)      (Б)

Зураг 2 (А) Хумхаа өвчнийг дамжуулагч Anopheles sp. шумуул (зургийг https://scientistsagainstmalaria.net/ )

(Б). Дрожжийн  W.anomalus-80 (Монгол оронд ургадаг хад жимснээс ялгасан дрожж)

Дрожжийн омог болох W.anomalus-ийг биологийн хяналт, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, биотүлш болон эмнэлгийн салбарт эмчилгээний молекулын эх үүсвэр болгон ашигладаг. Мөн хүнсний үйлдвэрлэлд биологийн гаралтай хугацаа уртасгагч болгон хэрэглэх зөвшөөрлийг Европын хүнсний аюулгүй байдлийн албанаас зөвшөөрч (EFSA) биоаюулгүй байдлын 1-р төвшинд баталгаажуулсан байдаг (QPS-1) (2).

Plos One сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлд бичснээр хумхаа өвчин үүсгэгч паразитыг дамжуулагч Anopheles stephansi шумуулны ходоод болон бэлгийн булчирхайнаас W.anomalus-ийн зүйлд хамаарах дрожжийг илрүүлсэн байдаг. Энэхүү дрожж нь WaF17.12 KT гэх токсин (хор) ялгаруулдаг, энэ нь олон төрлийн бичил биетэн, хөгц мөөгөнцөр, дрожж, бактерийн эсрэг идэвхтэй байсан.

Энэхүү судалгааны үр дүнд шумуултай симбиозоор амьдардаг дрожжийн омгийг судалснаар хумхаа өвчнийг хянах үр дүнтэй аргыг бий болгох боломжтой юм гэж дүгнэжээ (Cappelli A ба бусад, 2014).

Дрожжийн Wickerhamomyces anomalus омгийн удалгаа манай оронд: Биологийн хүрээлэнгийн Микробын нийлэгжлийн лабораторийн судлаачид дрожжийн W.anomalus-80 омгийг Монгол оронд ургадаг хад жимснээс ялгасан. Тухайн дрожж нь Е витамин нийлэгжүүлдэг учир уураг витаминт тэжээлийн биобэлдмэл үйлдвэрлэж, хөдөө аж ахуйд ашиглах боломжтой юм. Мөн W.anomalus-80 омог нь хүрэээлэн буй орчин болон хүнсний бүтээгдэхүүн бохирдуулагч Aspergilus niger, Aspergilus oryzae, Penicillium sp. зэрэг мөөгөнцрийн өсөлтийг дарангуйлдаг болох нь тогтоогдсон (Пагмадулам ба бусад 2014).

Ииймээс өөрийн оронд хийсэн судалгааны ажлын үр дүнг ашиглан олон төрлийн өвчин үүсгэгч бичил биетнийг болон зарим өвчнийг хянах арга замыг боловсруулахад байгалийн эх үүсвэр болох бичил биетний омгийг ашиглах боломжтой юм.

 

Ашигласан материал

1.  Cappelli, A., Valzano, M., Cecarini, V. et al. Killer yeasts exert anti-plasmodial activities against the malaria parasite Plasmodium berghei in the vector mosquito Anopheles stephensi and in mice. Parasites Vectors 12, 329 (2019). https://doi.org/10.1186/s13071-019-3587-4

2. Cappelli A, Ulissi U, Valzano M, Damiani C, Epis S, Gabrielli MG, et al. (2014) A Wickerhamomyces anomalus Killer Strain in the Malaria Vector Anopheles stephensi. PLoS ONE 9(5): e95988. https://doi.org/10.1371/journal.pone.0095988

3.   Cox, F.E. History of the discovery of the malaria parasites and their vectors. Parasites Vectors 3, 5 (2010). https://doi.org/10.1186/1756-3305-3-5

4.  Б.Пагмадулам, Д.Цэрэндулам, Ц.Рэнцэнханд, “ Уураг, токоферол (Е витамин) нийлэгжүүлэгч Wickerhamomyces anomalus-80  нутгийн омгийн судалгааны дүнБиологийн хүрээлэн, эрдэм шинжилгээний бүтээл № 30, 2014 он

5.     https://www.cdc.gov/malaria/about/

6.     https://nczd.gov.mn/?p=5117

 

Мэдээг бэлтгэсэн: Микробын нийлэгжлийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Б.Пагмадулам , лабораторийн  эрхлэгч, доктор (Ph.D) Ц.Рэнцэнханд

 

 


Бусад мэдээлэл