Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Хөхтөн амьтдын тухай сонин хачинаас
Хөхтөн амьтдын тухай сонин хачинаас

Хөхтөн амьтад дэлхий дээр өргөн тархалттай, олон янзын амьдрах орчин, цаг уурын нөхцөлд зохицон амьдардаг. Бидний сайн мэдэх шимпанзе эсвэл заан зэрэг амьтад тропикийн бүсэд амьдардаг бол цагаан баавгай хойд туйлд амьдарна. Тэмээ болон олон туруутан амьтад говь, цөлийн бүсэд амьдардаг. Дельфин, халим зэрэг хөхтнүүд усанд амьдарна. Харин цорын ганц нисдэг хөхтөн бол сарьсан багваахай юм. Хөхтөн амьтад бүгд бүлээн цустай байх ба амьд үр зулзага төрүүлж түүнийгээ сүүгээрээ тэжээнэ. Тэд өөрийн үр зулзагаа бие даах чадвартай болтол нь харж халамжилж, сургана. Хөхтөн амьтад бусад амьтдаас илүү сайн хөгжсөн, том тархитай. Бүх хөхтөн амьтдын арьс амьдралын аль нэг шатанд эсвэл амьдралынхаа турш үс, ноосоор хучигдсан байна. Далайд амьдардаг хөхтөн амьтад зөвхөн хэвлийд байхдаа үстэй байдаг. Хөхтөн амьтад үлэг гүрвэлтэй хамт оршин амьдарч ирсэн. Тэр үед жижиг биетэй ихэвчлэн шавжаар хооллодог байсан хөхтөн амьтад үлэг гүрвэлүүд устсаны дараагаас дэлхий дээр ноёрхжээ. Хамгийн том хөхтөн амьтан бол цэнхэр халим бөгөөд 160 тн хүртэл жинтэй байдаг байхад хамгийн жижиг хөхтөн болох үхэр зөгий багваахай (bumblebee bat) 2 гр жинтэй байна. Ингээд та бүхэндээ зарим онцлог хөхтөн амьтдын тухай мэдээлэл хүргье.

 

Удаан лорейсууд (Nycticebus coucang) нь цорын ганц хортой хөхтөн амьтан

Лорейсууд (Лемур хэлбэрийн сармагчны зүүн өмнөд азид тархсан төрөл) нь өхөөрдөм амьтад ч тэдний хазалт таныг үхүүлж чадна. Тэд тохойн дотор талд байрлах хорны булчирхайтай. Лорейсын хазалт нь маш хүчтэй харшлын цочрол өгснөөр насанд хүрсэн хүнийг ч үхэлд хүргэх аюултай.

 

 

Эрээн тахийн судлууд нь шавж үргээгчийн үүрэг гүйцэтгэдэг

012 онд Туршилтын Биологийн сэтгүүлд хэвлэгдсэнээр хар цагаан судалтай эрээн тахийн судал нь аюултай шавжийн халдлагаас хамгаалдаг аж. Хар цагаан судалтай тахь нь  хар, бор, саарал, цагаан зэрэг бусад өнгийн адуутай харьцуулахад хамгийн цөөн тооны ялааг өөр дээрээ цуглуулж байжээ.

 

Мичнүүд уух дуртай

Хүмүүс цорын ганц уух дуртай амьтан биш ажээ. 2015 онд Royal Society Open Science сэтгүүл дээр хэвлэгдсэнээр Гвиней дэхь шимпанзенууд далдуу модны исгэлэн шүүсийг ууж согтох дуртай байдаг байна.

 

 

Цаа бугын нүд өвөл цэнхэр өнгөтэй болдог

Цаа буга өвлийн улиралд гүн цэнхэр өнгийн нүдтэй байдаг. Хойд туйлийн бүсэд амьдардаг цаа буганы нүдний өнгө орчны гэрэлд дасан зохицож алтан шаргалаас цэнхэр өнгө болж хувирдаг байна. Энэ өнгөний өөрчлөлт нь нүдний торлог бүрхэвчний гэрэл ойлголтонд нөлөөлж харах чадварыг нэмэгдүүлдэг байна.

 

Муурнууд зөвхөн хүнрүү миав хийдэг

Бид муурнууд хүмүүстэй ярих дуртайг мэднэ. Гэхдээ та муурнууд бусад мууртайгаа харьцахдаа миав хийдэггүйг мэдэх үү. Тэд эхээсээ өөр мууртай миав гэж харьцдаггүй байна.

 

 

Нохой хүнтэй харьцуулахад цөөхөн амтлах бэгжрүүтэй

 

Таны нохой таньтай адил үдийн зоог амталдаг гэж бодож байна уу. Үнэндээ ноход хүнтэй харьцуулахад амтлах бэгжрүүний байрлал маш өөр юм. Хүнд 9000 орчим амтлах бэгжрүү байдаг бол нохойд 1700 орчим байдаг. Нохой өөр махны амтыг ялгадаггүй бөгөөд зөвхөн махтай хоол, махгүй хоолны амтыг ялгана.

 

Халиу дэлхийн хамгийн шигүү үстэй амьтан

Голын халиу арьсныхаа 1 см2 талбайд дунджаар 150,000 орчим үстэй байдаг байна. Халиуны үс нь 2 давхаргаас тогтох бөгөөд дундаа агаар оруулснаар арьс нь нордоггүй байна. Мөн халиунүүд унтах үедээ бие биенээсээ салж явахгүйн тулд гар гараасаа барьж унтдаг байна.  

 

 

Цоохор ирвэс архирдаггүй

Цоохор ирвэс нь бусад том мий овгийн амьтадтай харьцуулахад муу хөгжсөн дууны хөвчтэй бөгөөд архирч чаддаггүй байна. Харин хур хур гэх хүржигнэх мэт дуу гаргадаг байна. Линнейн нийгэмлэгийн биологийн сэтгүүлд хэвлэгдсэнээр, эрдэмтэд зарим мийн овгийн амьтад яагаад өндөр өнгөөр дуугардагийг судалсан байна. Энэ нь тэдгээрийн амьдрах орчинтой холбоотой байсан. Өндөр давтамжтай дуугардаг гэрийн муур зэрэг амьтдын дуу ой мод, уул хадтай газар амархан сарнидаг байна. Харин бага давтамжтай дуу гаргадаг цоохор ирвэс зэрэг амьтдын дуу задгай газарт агаарын урсгалд амархан сарнидаг байна.

Хэрэмнүүд өнчин зулзагыг өргөж авдаг

Гуйлпийн их сургуулийн эрдэмтдийн 2010 хийсэн судалгаагаар хэрэм ойрын төрлийн өнчин хувдайг (зулзага) өргөж авдаг болохыг мэдсэн байна. Арслан, шимпанзе зэрэг сүргээр амьдардаг амьтдын хувьд ойр төрөлтэй хамт амьдардаг учраас өнчин зулзага өргөж авах нь энгийн юм. Харин хэрэмнүүд бие биенээсээ хол, өөрсдийн эзэмшил нутаг дээрээ амьдардаг. Хэрэм зөвхөн үржлийнхээ үед л бусад хэрмийг өөрийн эзэмшил нутагт орохыг зөвшөөрдөг байна. Мөн хэрэмнүүд жил бүр олон арван мод тарьдаг байна. Учир нь тэд газарт булж нуусан бүх самраа эргүүлж олж чаддаггүй байна.

Дельфин гэдсэндээ байгаа тугалдаа зориулж дуулдаг

Өмнөд Миссипигийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар удахгүй ээж болох дельфинүүд өвөрмөц шүгэлдэх дууг удахгүй төрөх тугалдаа зориулж гаргадаг байна. Энэ нь тугалдаа нэр өгч байгаа мэт өвөрмөц байдаг ба төрсний дараа ээж тугал 2 бие биенээ олоход тусалдаг байна. Тугал төрсний дараа эргэн тойронд байх бусад дельфинүүд аль болох дуу гаргахгүй байж тугал эхийнхээ дууг таньж сурахад тусалдаг байна.

 

Үнээ намуухан хөгжим сонсож байхдаа илүү их сүү өгдөг

Лейцестерийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар үнээ намуухан хөгжим сонсож байхдаа ойролцоогоор 0.5л сүү илүү өгч байгааг ажиглажээ. Мөн тэднийг илүү тайвшруулахын тулд VR шил зүүлгэснээр сүүний гарцыг нэмэх боломжтойг мөн ажиглажээ. Үхэр сайн найзтай байдаг бөгөөд тэдэнтэйгээ хамт байхдаа илүү аз жаргалтай байдаг байна.

 

Хулсны баавгайг алах нь үхлийн ялтай

Хулсны баавгайн тоо толгой сүүлийн жилүүдэд ихээр өсөж олон улсын үнэлгээ өгдөг байгууллага ховордсон гэсэн ангиллаас гаргасан билээ. Хятадад хулсны баавгай үржүүлж, хамгаалдаг ажил хийдэг хүмүүс хамгийн өндөр цалин авдаг хүмүүсийн нэгт багтдаг байна. Түүнчлэн Хятадад хулсны баавгай алвал цаазын ял оноодог байна.

 

 

Мазаалай нь дэлхий дээрх цор ганц говь, цөлийн баавгай

Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн говийн их дархан газрын А хэсэгт амьдардаг.  Мазаалайг анх 1920-иод оны эхээр баруун Алтайн нурууны Аж Богдод олж тогтоосон түүх бий. Оросын эрдэмтэд мазаалайг баавгайн бие даасан зүйл (Соколов, Орлов 1992) хэмээн биологийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн ч, сүүлийн үеийн судалгаагаар мазаалайг говь цөлийн ширүүн нөхцөлд багагүй хугацаанд тусгаарлагдсан бор баавгайн дэд зүйл "Ursus Arctos Gobiensis" гэж үзэн ангилалзүйг тодруулах судалгаанууд хийгдэж байна (Tumendemberel et al 2019).  АИХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор мазаалайг дархан цаазтай амьтдын тоонд оруулж, агнахыг хуулиар хориглосон. 1960-аад оноос Биологийн хүрээлэнгийн судлаачид мазаалайг анх судалж, тоолж ирсэн түүхтэй. Говийн баавгай төслийн 2017 оны судалгаагаар 7 эвш, 19 шармаахай, нийт 31 бодгаль байгааг тогтоосон байна.

Аргаль хонь нь дэлхийн хамгийн том биетэй зэрлэг хонь

Аргаль нь Төв Азийн (Гималайн нурууТөвдАлтайн нуруу) уулархаг, өндөр бүс нутгаар амьдардаг хамгийн том зэрлэг хонь юм. Сэрвээний өндөр нь 120 см, 140 кг хүртэл жинтэй байх ба биеийн урт 1.8 м хүрнэ. Эр нь маш том угалзалсан эвэртэй бөгөөд 190 см хүртэл урт байдаг аж. Эм нь бас эвэртэй ч жижигхэн байна. Алтайн аргаль хонины угалзын эвэр олон улсын үзэсгэлэнд удаа дараа дээд амжилт үзүүлж, дэлхийн зэрлэг хонины «хаан» гэгдэх болсон.

 

Макака сармагчин автомат худалдааны машин ашиглаж чаддаг

Японд амьдардаг макака сармагчин зоос ашиглаж автомат худалдааны машинуудыг ашиглаж амттан авч иддэг байна. Таныг Японд явч байхад макака сармагчин зоос нэхэх нь хэвийн үзэгдэл юм. Мөн тэд цасан бөмбөлөг хийж хүнрүү шидэж хөгжилдөх дуртай ажээ. Дэлхий дээр 20 орчим зүйлийн макака сармагчин амьдардаг ба Японы макака өөрөөр цасны макака ч гэж нэрлэгддэг энэ амьтан дэлхийн хамгийн хойд хагасд амьдардаг сармагчин юм.

 

Молцог хандгай хамгийн том ойн тууртан

Бүх тууртан амьтны дотор ганц энэ зүйл хүзүүндээ эр, эм ялгалгүй арьсан унжлага буюу молцогтой. Бие гүйцсэн эрийг мэнж, мөн эмэгчнийг сүндэс, төлийг ходол буюу гоодой, хоёр настайг тозуул гэнэ. Мөн молцог хандгай нь хамгийн том биетэй бугын төрлийн амьтан зөвхөн цастай, сэрүүн бүсийг сонгон амьдардаг. Учир нь молцог хандгай хөлөрдөггүй учир дулааны улиралд ус намгийн ойр бэлчдэг. 

 

Ашигласан эх сурвалжууд:

Emma L. Clark and Munkhbat Javzansuren, “Mongolian Red List of Mammals”, 2006.

С.Дуламцэрэн, С.Дамдинсүрэн, “Мал, адгуус нэрлэх Монгол ёсзүй”, 2008.

Соколов В.Е., Орлов В.Н. 1992. Новый вид современных медведей- Ursus gobiensis sp.n- мазаалай или гобийский медведь. Thesen der int. Tagung ”Erforrschung biologischer Ressourcen der Mongolei”. MLU Halle-wittenberg, Hall/S

Tumendemberel O, Zedrosser A, Proctor MF, Reynolds HV, Adams JR, Sullivan JM, et al. (2019) Phylogeography, genetic diversity, and connectivity of brown bear populations in Central Asia. PLoS ONE 14(8): e0220746. https://doi.org/10.1371/journal.pone.0220746

 

https://gereg.mn/news/21772

https://bestlifeonline.com/animal-facts/

 

Мэдээг бэлтгэсэн: Хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний

дадлагажигч ажилтан Э.Мөнхбилэг

 


Бусад мэдээлэл