Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МИКРОБИОМЫН ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТ
МИКРОБИОМЫН ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТ


МИКРОБИОМЫН ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТ

 

    Бидний нүдэнд үл үзэгдэх бактери, мөөгөнцөр, дрожж гэх мэт бичил биетнүүд нь байгаль дээр өргөн тархсан бөгөөд ус, агаар, хөрс, ургамал, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хүн болон амьтны биед тохиолддог. Хүний хоол боловсруулах эрхтэн, амны хөндий, үтрээ, ургийн ус, арьс зэрэгт бичил биетнүүд оршин байдаг бөгөөд тэдгээрийг нийтэд нь хүний микробиом гэж нэрлэдэг. Сүүлийн жилүүдэд хүний микробиомын чиглэлийн судалгаа эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд 2011 оноос хойш микробиомтой холбоотой 15000 гаруй өгүүлэл нийтлэгдсэн байна. Сүүлийн 10 гаруй жилд эрдэмтэн судлаачид хүний микробиом нь хоол боловсруулах, бодисын солилцоо, тэр ч байтугай өвчнийг илааршуулах зэрэг олон үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг ойлгосноор тус судалгааны салбарт асар их дэвшил гарсан.

 

Хүний биеийн микробиомтой холбоотой сонирхолтой 5 баримтыг дурдъя

 

Хүний биеийн эсүүдээс ч олон тооны бичил биетнүүд бидний биед байдаг

 

    Хүний бие бичил биетнээр баялаг бөгөөд өөрөөр хэлбэл, таны биед агуулагдах бичил биетнүүд нь хүний биеийн нийт эсийн тооноос 10 дахин их байдаг. Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр эдгээр бичил биетнүүд ч бидэнтэй хамт хувьсан өөрчлөгдөж ирсэн. Хүний микробиомын каталог хийх зорилгоор дэлхийн маш олон эрдэмтэд, судлаачдын оролцсон Хүний Микробиом Төсөл (Human Microbiome Project) 2007-2016 онд хийгдэж, амжилттай дууссан байдаг.

 

Хүүхэд ямар ч бичил биетэнгүй “цэвэр” төрдөг үү?

 

    Бичил биетнүүд нь хүний биед амьдардаг тул хүн төрөхдөө тэдэнтэй хамт төрөх нь гарцаагүй зүйл гэж та бодож байж болох юм. Тэгвэл энэ нь үгүй юм. Хүүхэд эхийн хэвлийд байх үед түүний биед ямар ч бичил биетэн байдаггүй бөгөөд эхээс төрөх үед анх удаа тодорхой хэмжээний бичил биетнийг төрөх замаас авч, цаашид эхийн сүү болон орчноос микробиомоо бүрдүүлдэг. Харин кесар хагалгааны аргаар төрсөн хүүхдүүд шууд эхийн сүү болон орчноос анхны бичил биетнээ авдаг. Судлаачид кесар хагалгааны аргаар төрсөн болон өөрөөрөө төрсөн хүүхдүүдийн микробиомын бүрдэл эрс ялгаатай байгааг судалгаагаар илрүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор кесар хагалгааны аргаар төрсөн хүүхдүүд харшил, таргалалт гэх мэт өвчлөлд илүү өртөмтгий байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлсэн. Хүүхэд төрсөн эхний саруудад ходоод гэдэсний микробиом нь бүрддэг учир зөв хооллох нь маш чухал. Хүүхэд 3 нас хүртлээ биеийн микробиомын ихэнх хэсгийг олж авдаг бөгөөд эдгээр бичил биетний бүрдлээс тухайн хүүхдийн бодисын солилцоо болон дархлааны систем шууд хамаарч байдаг.

 

Бичил биетэн нь таны биед ашигтай болон ашиггүй хэлбэрээр байдаг

 

    Зарим бичил биетнүүд таныг хүндээр өвчлүүлж чаддаг бол зарим нь эрүүл саруул байлгаж, халдвараас сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Заримдаа, нэг бичил биетэн нь ашигтай болон ашиггүй шинж чанарыг хоёуланг нь үзүүлж болдог. Жишээ нь: 1980-аад онд Австралийн эрдэмтэд дэлхийн хүн амын бараг тал хувийнх нь гэдсэнд байдаг Helicobacter pylori хэмээх бактери нь ходоодны шарх үүсгэдгийг тогтоосон. Эрүүл хүнд онц нөлөөгүй боловч дархлааны систем доголдсон үед өвчлөлийн эрсдэл нэмэгддэг байна. Харин зарим эрдэмтний судалснаар улаан хоолойн сөргөө, улаан хоолойн хавдар зэрэг өвчлөлтэй хүмүүст хеликобактери байхгүй байгааг тогтоосон. Өөрөөр хэлбэл, хеликобактери их байх нь ходоодонд сөрөг нөлөөтэй ч, хоолойд эерэг нөлөө үзүүлдэг байж болох юм.

 

Антибиотик микробиомд нөлөөлөх нь

 

    Анх 1928 онд эрдэмтэн Александр Флеминг пенициллинийг нээсэн нь микробиологийн шинжлэх ухаанд томоохон нээлт болсон юм. Гэсэн хэдий ч антибиотикийг хэтрүүлэн хэрэглэснээр антибиотик нь хүний биеийн ашигтай бичил биетэн болон микробиомыг устгаж байдаг. Ингэснээр астма, гэдэсний үрэвсэлт өвчин, таргалалт гэх мэт өвчлөлүүд үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоосон.

 

Пробиотикоор микробиомыг тэнцвэржүүлэх нь

 

    Пробиотик бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд ашиг тустай амьд бичил биетнүүдээс бүрддэг бөгөөд сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн хоол хүнсэндээ хэрэглэх чиг хандлага нэмэгдсэн. Антибиотик хэрэглэсний дараа бидний микробиомын зарим хэсгүүд устдаг. Иймээс эдгээрийг нөхөн сэргээхэд пробиотик бүтээгдэхүүнүүд чухал үүрэг гүйцэтгэдэг. Микробиологич Мартин Блэйзер нэгэн ярилцлагадаа “Пробиотик бүтээгдэхүүнээс авч байгаа дан ганц зүйлийн бактери нь бидний бие дэх олон мянган бактерийг бүгдийг нь нөхдөг гэж ойлгох нь өрөөсгөл юм. Өнөөдөр пробиотик бүтээгдэхүүний зах зээл өсөж байгаа хэдий ч төдийлөн үр өгөөжөө өгч чадахгүй байгаа, гэвч ирээдүйд пробиотик нь өвчнийг эмчлэх эм болж хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд одоогоор энэ салбар бол маш залуу салбар юм” гэдгийг хэлсэн. 





Бусад мэдээлэл