Вэбсайтын цэс
Хэлний сонголт
АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН ХОВОР ХӨХТӨН АМЬТАД АВТОМАТ КАМЕРЫН ДУРАНД ...
АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН ХОВОР ХӨХТӨН АМЬТАД  АВТОМАТ КАМЕРЫН ДУРАНД ...


АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН ХОВОР ХӨХТӨН АМЬТАД

АВТОМАТ КАМЕРЫН ДУРАНД ...



        Говь цөлийн уудам орон зайд тархан амьдрах ховор хөхтөн амьтдын байршил, тоо толгой,  нягтшил, шилжилт хөдөлгөөн, экологийн судалгаа нь ихээхэн цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгө, техник шаардах амаргүй ажил юм. Говийн том биетэй өвсөн тэжээлт амьтад хэдийгээр өдрийн идэвхтэй боловч маш үргэмтгий, алсаас анир авч холдон оддог бол мазаалай, ирвэс, шилүүс, чоно зэрэг махчин амьтад шөнийн идэвхтэй, ихэнхдээ нуугдмал амьдралын хэмнэлтэй учир үзэгдэж харагдах нь ховор. Тоо толгой маш цөөн мазаалай баавгай гэхэд л цөлийн баянбүрд дамжин идэш тэжээл хайж уудам орон зайд байнга хэрэн явах тул говийн асар уудам нутагт энэ амьтныг олж харах магадлал тун хомс. Эдгээр нөхцөл байдлын улмаас говь цөлийн нөхцөлд хөхтөн амьтдын экологи зан төрхийн судалгаанд автомат камер ашиглах нь түгээмэл болж, нууцлаг амьдралыг танин мэдэхэд ач холбогдолтой юм. Автомат камер нь урт хугацааны турш цаг уурын янз бүрийн нөхцөлд ажиллах чадвартай, байгаль болон зэрлэг амьтдад ямар нэг сөрөг нөлөөгүй, шөнийн идэвхтэй амьтдыг илрүүлэх боломжийг олгодогоороо давуу талтай. Бид МУИС, ГИДЦГ-ын “А” хэсэг болон олон улсын байгууллага, эрдэмтэн, судлаачидтай хамтран 2013 оноос хойш Алтайн өвөр говийн хөхтөн амьтдын орон зайн байршил, шилжилт хөдөлгөөн, тоо хэмжээ, хоногийн идэвх, популяцийн бүтэц, хандлагыг үнэлэхийн тулд боломжит бүх уст цэгт болон уулсаар автомат камер байршуулан урт хугацааны мониторинг судалгаа хийж гүйцэтгэж байна.  Ингээд та бүхэнд автомат камерт өртсөн говийн амьтдын ховор сонин агшнуудаас толилуулья.


Зураг 1. Мазаалайн бамбарууш V сарын дундаас эхийгээ дагаж явна.



Зураг 2. Хавтгайн нялх ботгонууд тоглон наадна



Зураг 3. Аргаль, янгирын аль нь хүчирхэг вэ?



Зураг 4. Алтайн өвөр говьд ирвэс бас бий!



Зураг 5. Амьд үлдэхийн төлөөх тэмцэл (Хэдэн чоно байна вэ?)



Зураг 6. Хомс усны нөөцийг бүгд жигд хүртэнэ.


 

Мэдээг бэлтгэсэн: Хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Баттогтох


 



Бусад мэдээлэл