ӨГИЙ
НУУРЫН ГҮНИЙ БОЛОН УРГАМЛЫН ТАРХАЛТЫН ЗУРАГ
Манай
орны Өгий нуурын баруун хэсгийн гүнийг анх 1952 онд Оросын судлаач Э.М.Мурзаев
хэмжсэн байна. Нуурын гүний зургийг бүхэлд нь гаргах ажлыг 1964 оноос ШУА-ийн Газарзүйн
хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Цэрэнсодном, А.Дашням нарын судлаачид
өвлийн улиралд хийж хамгийн гүн цэгийг 14.7 м гэж тэмдэглэн, 1:100000
масштабтай зургийг гаргажээ. Энэхүү судалгаа өргөжиж Монгол орны томоохон
нуурууд болох Тунамал, Тэлмэн, Тэрхийн цагаан нуур, Сангийн далай, Ойгон,
Айраг, Хотон, Хоргон, Дөргөн, Даян, Ачит, Хар-ус, Хүнгүйн Хар, Баян, Бөөн
цагаан, Орог, Хагийн хар нуур зэрэг олон арван нууруудын 1:50000-1:400000
масштабтай гүний зургуудыг хийсэн байдаг (Цэрэнсодном, 2000). Энэхүү судалгаа
нь маш их хүч хөдөлмөр зарцуулсан бодит ажил байсныг тэмдэглэх нь зүйтэй юм.
Бид дээрх судлаачдын судалгааны ажлын үр дүнд үндэслэн орчин үеийн гидроакустик багаж ашиглан гүний нарийвчилсан зураглалыг хийх, усны эзлэхүүний цахим сан үүсгэх зорилготойгоор ажиллаж байна. Гидроакустик багажийг нуурын гүн, ургамалжилт, хурдсын зураглал гаргахад ашиглах төдийгүй нуурын биологийн нөөц тэр дундаа загасны тархалт тоо хэмжээг тогтооход өргөн ашиглаж байна. Нуурын усны гүнийг гаргаснаар усны гүн, эзлэхүүн, талбайн хэмжээний суурь мэдээлэл бүрдэх ба олон жилийн өөрчлөлтийг илэрхийлэх суурь мэдээлэл болно.
1-р зураг: Өгий нуурын гүний бичиглэлийн маршрут
2019 онд Өгий нуурын усны бүх гүнийг хэт авиан давтамж хэмжих (Lowerance Elite Ti-12) багажийн тусламжаар, эрэг орчмын гүехэн устай хэсэгт хоорондоо 50 м зайтай, гүн устай хэсэгт 150 м зайтай, тандалт явуулж нарийвчилсан гүний мэдээллийг бүрдүүлэв. Өгий нуурын газар зүйн байршил, усны амьтан, ургамлын тархалт зэргийг харгалзан хөндлөн огтлолд 24 шугамаар моторт завиар 9-17 км/ц хурдтайгаар, хэт авиан давтамж 200 kHz, долгион хүлээн авагчийг 90° өнцөгт тохируулан бичиглэл хийв.
2-р зураг: Lowerance Elite Ti-12 багаж ажиллах
зарчим
Тухайн
трансекц цэгүүдийн мэдээллийг боловсруулахад BioBase EcoSound, Landsat 8 хиймэл
дагуулын мэдээ болон ENVI 4.5, QGIS зэрэг газарзүйн мэдээ боловсруулах программ
хангамжийг ашиглав.
1-р хүснэгт: Өгий
нуурын гүний хэмжилтийн мэдээлэл
Нуурын гүн, м |
Нийт хэмжилт хийсэн цэгийн тоо, ш |
Гүний эзлэх хувь, % |
0-1 |
3131 |
10.27 |
1-5 |
9838 |
32.28 |
5-10 |
8678 |
28.48 |
10-15 |
8717 |
28.61 |
15-20 |
108 |
0.35 |
20 дээш |
1 |
0.0000 |
Гүний
хэмжилтийн дүнд Өгий нуурын талбай 25.45 км2, өргөн 4.6 км, урт нь 7.5 км,
дундаж гүн нь 6.4 м. Нуурын гадаргуу далайн түвшинээс дээш 1337 м өндөрт
оршдог. Нуурын төв хэсэгт хамгийн гүн цэг нь далайн түвшинээс доош 20 м
хүрч байна. Энэхүү хонхор нь маш бага
талбайг хамарсан учраас өмнөх судлаачдын гүний зураглалд тэмдэглэгдээгүй байна.
Түүнийг хүрээлсэн гүн 14 м бөгөөд тэр дунд 15 м гүнтэй 2 зурвас
хотгортой. Цаашид 15-10 м гүн 36.5% (9.4 км2), 10-5 м гүнтэй хэсэг үргэлжлэн
нуурын талбайн 28.7 хувийг (7.4 км2) эзэлнэ. Нуурын дундаж гүн 6.6±4.57 м. Нуурын
эргээс дотогш усны гүн аажмаар нэмэгдэх бөгөөд 1-5 м хүрэх ба нуурын талбайн
34.6 хувийг (8.9 км2) эзэлнэ. Зарим эргээрээ огцом гүн болж 10 м хүрч байна.
3-р зураг: Өгий
нуурын гүний зураглал
Өгий
нуурын нийт талбайн 6.24 км2 (20%) хэсгийг усны ургамал эзэлж байна. Ургамлын нягтшил баруун урд, баруун хойд
хэсгээр их, 4 м-ээс дээш гүнд сийрэг байна. Саман усан хөрш (Potamogeton
vaginatus) зонхилж нийт усны ургамлын эзлэхүүний 49 хувийг эзэлж, 1.5-3 м гүнд
нуурын ёроолоос гадаргууд хүртэл ургана. Харин 3-4.5 м гүнд сийрэг тархах Түрүүлэг
түмэн навчит (Myriophyllum spicatum) ёроолоос 2.5-3 м өндөртэй ургах ба хамгийн
бага 2 хувийн эзлэхүүнийг дүүргэнэ. Хара замгийн өндөр нь 20 см хүрч, 0.5-4
метрт хамгийн их талбайг хамран тархаж байна. Нуурын гүний дагууд ургамлын
өндөр (P<0.001) эрс ялгаатай байв.
4-р зураг: Өгий нуурын ургамалжилтын зураглал, нуурын гүнд тархах ургамал
2-р хүснэгт: Өгий
нуурын усны ургамлын өндөр, см
Нуурын гүн, м |
Ургамлын өндөр, см |
SD |
0-1 |
48.9 |
67.23 |
1-5 |
11.08 |
20.21 |
5-10 |
0.15 |
2.77 |
10-15 |
0.32 |
4.86 |
Өгий
нуурын гүний 1964 оны зурагт ашигласан хэмжилтийн дүнг, 2019 оны гидроакуастик
багажийн мэдээгээр баяжуулан нэгтгэж, хэмжилтийн бүх мэдээг BioBase програм
ашиглан боловсруулж тус нуурын гүний 1:40000 масштабтай өндөр нарийвчлалтай
зургийг анхлан гаргав. Нуурын гүний нарийвчилсан зураг нь усны биологийн
нөөцийг тогтооход чухал мэдээлэл болох бөгөөд эргийн дагуу жуулчны баазууд
ихтэй тул огцом гүн эрэг бүхий газруудаар анхааруулгын тэмдэглэгээ байршуулж загас
барьж усанд орохоор ирсэн аялагчид, загасчдад анхааруулах, иргэдийг эрсдэлээс
хамгаалах чухал ач холбогдолтой юм.
Мэдээг
бэлтгэсэн: Гидробиологи, загас судлалын лабораторийн эрхлэгч, доктор (PhD) Ч.Аюушсүрэн,
эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Г.Ганбилэг
Ашигласан
хэвлэл: Цэрэнсодном Ж., 2000, Монгол орны нуурын катологи. Шувуун саарал
хэвлэлийн газар. Улаанбаатар х.51