Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Халиун буга (Cervus elaphus)-ын шилжилт хөдөлгөөн, нүүдлийн коридор болон холбоос нутгийн тухай
Халиун буга (Cervus elaphus)-ын шилжилт хөдөлгөөн, нүүдлийн коридор болон холбоос нутгийн тухай


ХАЛИУН БУГА (CERVUS ELAPHUS)-ЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН, НҮҮДЛИЙН КОРИДОР БОЛОН ХОЛБООС НУТГИЙН ТУХАЙ

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн хамт олон Хустайн нуруу болон Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газар (БЦГ)-ын хамгаалалтын захиргаатай тус тус хамтран халиун буга (Cervus elaphus)-ын шилжилт хөдөлгөөн, нүүдлийн коридор, холбоос нутгийг илрүүлэх судалгааг 2019-2020 онд хийж гүйцэтгэлээ.

Судалгааны ажлын хүрээнд унтуулах болон тор татах аргаар Тарвагатайн нурууны БЦГ-т 4 халиун буга, Хустайн нурууны БЦГ-т 6 халиун буга барьж сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүсэн.

1-р зураг. Халиун буга барьж хүзүүвчилсэн газрууд

Сансрын дохиолол бүхий нэг хүзүүвч нь өдөрт 6 цэгэн мэдээлэл дамжуулдаг бөгөөд төсөл хэрэгжих хугацаанд нийт 12,500 гаруй цэгэн байршлыг илрүүлсэн байна.

2-р зураг. Хустайн нурууны БЦГ-т хүзүүвчилсэн 6 халиун бугын байрлал

Халиун бугын хоногийн шилжилт хөдөлгөөн дунджаар Хустайн нурууны БЦГ-т 484-508м, Тарвагатайн нурууны БЦГ-т 419-485м, эзэмшил нутгийн хэмжээ 144-242 км2, 36-51 км2 талбайг тус тус эзэлж байна.

Хустайн нурууны БЦГ-ын халиун бугын идэш тэжээлийн чухал ач холбогдол бүхий амьдрах орчин нь уулын ойт хээрийн чулуурхаг жижиг дэгнүүлт үетэн-алаг өвст ба сөөг оролцсон (20%) ботууль-алаг өвст бүлгэмдэл бол Тарвагатайн нурууны БЦГ-ын хувьд уулын ойт хээрийн шинэсэн ойн ботууль-улалж-алаг өвст (30%) ба ботууль-алаг өвстэй (20%) алаг өвс-үетэнт бүлгэмдэл халиун бугын тархалт, байршилд ихээхэн нөлөөтэй байна.

Төслийн хүрээнд гарсан сонирхолтой үр дүн бол Тарвагатайн нуруунд хүзүүвчилсэн халиун буга Тэрхийн цагаан нуурын зах орон буцаад Тарвагатайн гол нурууг дамнан урагш Их Богд уул руу Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Отгон, Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг, Хүрээмарал, Бууцагаан, Баацагаан зэрэг сумдыг дайран өнгөрч 20 хоногийн хугацаанд ойролцоогоор 480 км замыг туулан Жинст сумын нутагт очсон байна. Төсөл хэрэгжих хугацаа дууссан ч сансрын дохиолол бүхий хүзүүвчтэй буганууд цэгэн байрлалаа бидэнд дамжуулсаар байгааг тэмдэглэх нь зүйтэй болов уу.

3-р зураг. Тарвагатайн нуруунаас Их Богд уул руу нүүсэн халиун бугын цэгэн мэдээлэл

ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк (KfW)-ны санхүүжилтээр энэхүү судалгааг хэрэгжүүлсэн бөгөөд дэд төсөл хэрэгжиж буй зарим тусгай хамгаалалттай газар нутгуудад биологийн олон янз байдлын судалгааг гүйцэтгэх төслийн багийнханд болон буга барихад хамтран ажилласан SOS Animal Health мал эмнэлгийн газрын хамт олонд талархал илэрхийлье.

Халиун буга барих үйл явц

 

 






Бусад мэдээлэл