ЗАГАСНЫ
НАС, ӨСӨЛТ
Загасны
насыг тухайн загасны төрөл зүйлээс хамаарч хайрс, заламгайн хавтас, хулхин
чулуугаар тодорхойлно. Ихэнх загас нь том, зарим нь маш жижиг хайрстай. Бүр
хайрсгүй загас ч бий. Тэд биеэсээ ихээхэн хэмжээний салс ялгаруулдаг. Хайрс,
салст нь тухайн загасыг усны үрэлтээс хамгаалах үүрэгтэй. Загасны биеийн
онцлогоос хамаарч насыг тодорхойлох арга өөр өөр байна.
Тухайлбал:
булуу цагаан, хэлтэг, улаан нүдэн, тул, зэвэг, хадран, цагаан загасыг хайрсаар;
алгана, цурхай, алтайн сугас загасыг заламгайн хавтас; гутаарь, цулбуурт загасны
насыг хулхин чулуугаар тодорхойлно. Хайрсыг нурууны сэлүүр, хажуугийн шугам хоёрын
дундаас болон харалдаа доороос авна. Мөн нэмэлтээр нас тодорхойлоход эрүүний
яс, сэлүүрийн эхний цацраг, нурууны нугалам, сүүлний ясны жилийн цагирагийг
ашиглана. Загасны нас нь модны жилийн цагаригтай адил хайрс, хулхин чулуу,
заламгайн хавтас дээр жилд нэг цагариг үүсч нэг нас нэмэгдэх ба цагираг хооронд
улирлын өсөлтийг илтгэх бүдэг цагираг (склерит) үүснэ. Өвөл загасны хооллох
идэвх буурч өсөлт удааширч цагираг хоорондох зай ойртож нарийсах ба зуны идэвхтэй
хооллолтын үед өсөлт нэмэгдэж цагираг хоорондын зай өргөн болно.
1-р зураг
Загасны насыг
тогтоосноор загасны тоо толгойн өсөлт, бууралтын өөрчлөлтийг гаргаж, тухайн
популяцийн өсвөр, бие гүйцсэн, өтөл насны загасны хувийг олж агнуурын загасны
хамгийн тохиромжтой насыг мэдэх нь биеийн жин, уртын хэмжээг тогтоох, загас
олборлолтын байдалд урьдчилсан дүгнэлт гаргах зэрэг ач холбогдолтой.
Загасны өсөлт гэдэг нь
биеийн урт, жин нэмэгдэж буй зүй тогтол юм. Өсөлт нь загасны зүйл тус бүрд ялгаатай
төдийгүй нэг зүйлийн загас ч гэсэн амьдралын янз бүрийн үе шат, орчны өөр
нөхцөлд ялгаатай байна. Амьдралын үе шат нь үр тогтсон түрс шар уургаар хооллож
эхлэх цагаас авгалдай, жарамгай, жараахай, өсвөр нас, бие гүйцэх гээд бүхий л
хугацаанд идсэн хоол тэжээлийн дийлэнх хувийг биеийн өсөлтөд зарцуулна.
2-р зураг: Хайрсны өсөлт болон
загасны өсөлтийн харьцуулалт
Хүний хамгийн сайн
өсөлт хүүхэд насанд байдагтай адил загасны өсөлт ч мөн өсвөр үедээ илүү байдаг.
Мөн загасны амьдрах орчин болох нуур, голын тэжээлийн бүрэлдэхүүн, нөөц загасны өсөлтөд хамгийн чухал юм.
Тухайлбал:
Шивээ овоон Хаялага нуурт нутагшуулсан бух сугас загасны жилийн дундаж өсөлт эхний
жил 116 мм, 2 дахь жилд 115 мм, 3 дахь жил нь 131 мм урттай 1+ - 3+ хүртэл насандаа
жилд дунджаар 115-131 мм өсөж байв. Загасны жилийн дундаж өсөлтийг олохдоо хайрсны
жилийн цагариг хоорондох зайг хэмжин, биеийн уртын хэмжээнд харьцуулж гаргана. Харин
өөр өөр голд амьдарч буй бух сугас загасны биеийн хэмжээг насны дунджаар харьцуулахад
Хаялага нуурын 3+ настай загас 36.2 см, 698 г, Хөгшин-Орхон голын 3+ настай загас
23.7 см, 220 г жинтэй амьдрах орчноос хамааран ялгаатай байна. Иймд 3+ наснаас
бэлгэ боловсорч бие гүйцдэг бух сугас загасны агнуур хийх тохиромжтой хэмжээ
Хаялага нуурт биеийн урт 36 см, жин 600 г-аас дээш байна.
Загасны наслалт тухайн
төрөл зүйлээс хамаарч маш их ялгаатай. Зарим зүйлийн загас урт насалдаг, зарим
зүйл нь наслалт богино байдаг. Загасны биеийн хэмжээ том байх тусам удаан
хугацаанд амьдардаг гэсэн ерөнхий зүй тогтолтой.
Тухайлбал: Дархадын цагаан загас 66 см, 3.5 кг, 13 жил; булуу цагаан 1.2 м, 42 кг , 65 жил; хилэм 2-3 м, 200 кг, 100 жил насалдаг болохыг судлаачид тодорхойлжээ. Байгалийн болон хүний нөлөөгөөр тухайн нуур голын загасны наслалт, биеийн хэмжээ өөрчлөгдөж болно.
3-р зураг
Ашигласан хэвлэл:
Зиновьев Е.А., Мандрица
С.А. 2003. Методы исследования пресноводных рыб. Москва.
Мэдээг
бэлтгэсэн: Гидробиологи, загас судлалын лабораторийн ЭША Б.Алтанцэцэг