Эмийн ургамал нь хавдар болон олон
төрлийн өвчлөлүүдийн эсрэг нөлөөтэй байгалийн гаралтай эмчилгээний нэгдлүүдийн
гол эх үүсвэр болж байдаг. Ургамлын эмчилгээний гол нэгдлүүд нь хоёрдогч
метаболитууд буюу бага молекул масстай нэгдлүүд байдаг. Эрт дээр үеээс л эмийн
ургамлыг эм, тан хэлбэрээр олон өвчинийг эмчлэхэд өргөнөөр ашигласаар ирсэн. Гэвч хүмүүс
эмийн ургамлыг зөв зохисгүй ихээр түүж хэрэглэснээр тухайн ургамал ховордож,
устаж үгүй болох аюулд өртдөг. Сүүлийн үед эмчилгээнд эмийн ургамлыг орлуулан
аюулгүй хувилбар болох синтетик эмийг хэрэглэх болсон. Гэвч синтетик эм нь
байгалийн гаралтай биш учир эргээд гаж нөлөө их гарч байдаг. Энэ асуудлаас
үүдэлтэй эмийн ургамлыг тарималжуулж, ургамлын гаралтай эмчилгээний нэгдлүүдийг
хэрэглэж эхэлсэн.
Сүүлийн жилүүдэд эндофит мөөгөнцрийн гаралтай нэгдлүүдийг
эмчилгээний шинэ эх үүсвэр болгон дэлхийн олон улс орны эрдэмтэн судлаачид
өргөнөөр судалж байгаа билээ. Эндофит
гэж эзэн ургамалдаа ямар нэг гэмтэл, өвчин үүсгэхгүйгээр ургамлын эд дотор
амьдардаг бактери, мөөгөнцөр, актиномицет зэрэг бичил биетнүүдийг хэлдэг.
Үүнээс эндофит мөөгөнцөр нь эзэн ургамлынхаа өсөлтийг дэмждэг гормон, фермент,
ургамлыг өвчлүүлдэг бусад бичил организмуудыг устгадаг антибиотикийн төрлийн
олон нэгдлүүд нийлэгжүүлдэг. Мөн эндофит мөөгөнцөр нь эзэн ургамлынхаа ган гачиг тэсвэрлэх чадварыг
дэмждэг ба ургамлын хортон шавьж үргээх
биологийн нэгдлүүдийг нийлэгжүүлдэг. Эндофитийн эдгээр чадварт нь үндэслэн
эмчилгээний нэгдлүүд гаргаж авах, байгалийн гаралтай биопестицид хийх, хямд
аргаар ферментийн бүтээгдэхүүн гарган авах зэрэг судалгааны ажлууд маш их
хийгдэж байгаа юм.
Ургамал-эндофит хоорондоо харилцан
ашигтай шим тэжээлийн зохицуулагатай байдаг. Ургамлын
үндэсний бүсэд амьдардаг эндофитийн нэг төрөл болох микориз мөөгөнцөр
нь ургамлын үндэсний бүсэд мицеллийн масс үүсгэн хөрснөөс ургамал шим тэжээлийн
бодис авах, ус шингээх чадварыг сайжруулдаг ба ургамлын чухал макротэжээл болох
фосфорыг шингээж авахад нь тусалдаг байна. өн хөрсөн дэхь хүнд металлын давснуудыг
эсийн массдаа хуримтлуулах, саармагжуулах болон ашиглагдах хэлбэрт хувирган ургамлын
ургах таатай нөхцлийг бүрдүүлдэг. Эргээд эндофит мөөгөнцрүүд нь эзэн ургамлын
шим тэжээлээс өөрийн бодисын солилцоонд авч ашиглах зэргээр харилцан ашигтай
амьдардаг. Түүнчлэн ургамал үхэхэд эндофит мөөгөнцөр болон хөрсний мөөгөнцрүүд ургамлын
хэсгүүдийг задлаж сапрофитийн үүрэг гүйцэтгэдэг. Ингэж үхсэн ургамлын
хэсгүүдийг задласнаар хөрсний үржил шим сайжирдаг байна.