Үндсэн агуулга руу

Бидний тухай

Цуглуулгын сан

2017-10-02

Тус лабораторийн шувууны цуглуулгын санд дэлхийн бусад орны эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулиудад хадгалагдан байдаг цуглуулгын сангуудтай ижил шинжлэх ухааны үнэт баримт материал болох олон эрдэмтэн судлаачдын он удаан жилийн туршид ихээхэн хөрөнгө зарж, олон мянган км зам туулж цуглуулсан 19 баг, 45 овогт хамрах 333 зүйл шувууны 4147 ширхэг гулдмай чихмэл хэлбэрээр чанарын сайн ба дунд зэргийн түвшинд хадгалагдаж байна. 

Манай шувууны цуглуулагын сан дараах 3 эх үүсвэрээс бүрдсэн.

1-рт хүрээлэнгийн амьтан судлаачид 1949-2015 оны хооронд өөрсдийн дангаар хийсэн судагааны явцад цуглуулсан шувууны 1643 ширхэг буюу нийт цуглуулгын 39,7% -ийг 

2-рт Монгол-Германы хамтарсан экспедицээр 1962, 1964 онд Монгол орны өмнөд ба баруун бүсийг хамарсан судалгаа хийж  225 зүйлд хамрах 779 ширхэг буюу нийт цуглуулгын 18,8%-ийг, 

3-рт Монгол-Зөвлөлтийн хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн Шувуу судлалын багийн хамт олны 1975-1988 онд Монгол орны бүх нутгийг хамарсан судалгаа хайгуул хийж 1725 ш буюу нийт цуглуулгын 41,5%-ийг тус тус бүрдүүлсэн байна. 

Манай хамгийн анхных цуглуулга бол Д.Эрэгдэндагва гуайн Өвөрхангайн Бага богд уулнаас 1949 оны 6-р сарын 18-нд цуглуулсан ягаан тодол байдаг.  

Манайд хадгалагдаж буй шувууны цуглуулга нэгдсэн мэдээлэлийн санд орсон учраас ямар зүйл шувуу хэдийд, хаанаас, хэн, хэдийг цуглуулсан, хаана хадгалагдаж байгааг хялбархан олох боломжтой.