Генетикийн лаборатори
Генетикийн лаборатори 1969 онд үүсэн байгуулагдсан цагаас эхлэн Монгол орны мал сүрэг, үр тарианы генетик бүтэц, шинж чанарыг тодорхойлж үржил, селекци, мутагенез, эрлийзжүүлэг, эсийн өсгөврийн аргуудыг ашиглан ашиг шимийн гарцыг дээшлүүлэхэд чиглэсэн онол, практикийн олон талт судалгаа, шинжилгээний ажлуудыг хийж байв. Cүүлийн жилүүдэд Аргаль хонь (Ovis ammon), Янгир ямаа (Capra sibirica), Хавтгай тэмээ (Camelus bactrianus ferus), Мазаалай баавгай (Ursus arctos gobiensis), Монгол бөхөн (Saiga tatarica), Махаон Дэвүүр (Papilio machaon), Тул (Hucho taimen), Ойн Шийхнүүхэй (Anthus trivialis) зэрэг Монгол орны ховор, нэн ховор амьтдын генетикийн судалгааг олон улсын судалгааны түвшинд, орчин үеийн арга аргачлалын дагуу судалж геномын молекул генетик онцлог, филогенетик, хамгааллын генетикийн ач холбогдолтой үр дүн гаргахаар зорин ажиллаж байна.
Өнөөгийн байдлаар тус лабораторид доктор 2, докторант 2, магистр 3, магистрант 1, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан 2, дэд ажилтан 4, ахлах ажилтан 2 нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна.
ЭШАА, Доктор (Ph.D) Б. Цэрэндулам – Лабораторын эрхлэгч
ЭШАА, Доктор (Ph.D) Ч. Батцэцэг
ЭШДА, Докторант Ц. Ариунтуул
ЭШДА, Докторант Т. Өлзийсайхан
ЭШДА, Магистр Б. Сод-Эрдэнэ
ЭШДА, Магистр Б. Дэлгэрзул
ЭШДА, Магистр З. Өнөдбаясгалан
ЭШДА, Магистрант Д. Цэнд-Аюуш
Генетикийн лабораторийн хамт олон 2022
Судалгааны чиглэл
Сүүлийн жилүүдэд тус лабораторийн эрдэмтэд Монгол малын үүлдэр тодорхойлох, болон Монгол орны зарим ховор зэрлэг амьтдын генетик онцлог, ангилалзүй, филогенетик холбоог тодруулж шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хамгаалах туршилт, судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Тухайлбал Аргаль хонь (Ovis ammon), Янгир ямаа (Capra sibirica), Хавтгай тэмээ (Camelus bactrianus ferus), Хар сүүлт (Gazella subgutturosa), Мазаалай баавгай (Ursus arctos gobiensis), Монгол бөхөн (Saiga tatarica), Махаон Дэвүүр (Papilio machaon), Тул (Hucho taimen), Ойн Шийхнүүхэй (Anthus trivialis), Mөнгөлөг Хэлтэг (Carassius gibelio), Aлтлаг Хэлтэг (C. carassius) зэрэг Монгол орны ховор, нэн ховор болон экологи, эдийн засгийн ач холбогдолтой зэрлэг амьтдын бөөм, митохондрийн ДНХ-ийн нуклеотидийн дараалал дээр үндэслэн тэдгээрийн филогенетик, популяцийн генетик бүтэц, олон янз байдлыг судлан тэдгээрийн хамгааллын менежментийг генетикийн үндэслэлтэй боловсруулахаар ажиллаж байна.
Түүнчлэн тус лаборатори нь зэрлэг амьтдын хүйс тодорхойлох, үл мэдэгдэх дээжийн зүйл тодорхойлох, таван хошуу малын үүлдэр омгийн генетик тогтоцыг тодорхойлох шинжилгээг хийж байна.
Түүхэн замнал
Генетикийн лаборатори 1969 онд Сайд нарын зөвлөлийн 43/5 тоот шийдвэрээр байгуулагдан эрхлэгчээр 1969 онд тухайн үеийн ЗХУ-ын ШУА-ийн Ерөнхий Генетикийн Хүрээлэнд Биологийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалаад ирсэн Д.Баатар томилогдон, эрдэм шинжилгээний ажилтан Ц.Жанчив (1965 онд Мосвагийн Их Сургуулийн генетикч), С.Мандах (1966 онд Тимирязевийн ХАА-н Академийн агрономич), Г.Сүхбаатар (1966 онд МУИС-ийн биологич) эрдэм шинжилгээний туслах ажилтан Х.Түмэннасан (1969 онд тухайн үеийн нэрээр Ленинградын Их Сургуулийн генетикч), Ц.Өлзийбаатар (1969 онд МУИС-ийн биохимич) нарын бүрэлдэхүүнтэй, бүгдээрээ 30 нас хүрээгүй залуучууд ажиллаж эхэлсэн түүхтэй.
Тус лабораторийн үе үеийн эрдэмтэн судлаачид манай орны мал сүрэг, бэлчээр, газар тариалангийн ургамлын ашиг шимийн гарцыг дээшлүүлэхэд чиглэсэн генетикийн судалгааг эрхлэн хийхийн зэрэгцээ Монгол орны генетикийн салбарын боловсон хүчин, судалгаа шинжилгээний материаллаг баазыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ажилласан. Үүний дүнд 1978 онд тухай үеийн СЭВ-ийн гишүүн орнууд, тухайлбал БНУАУ, ЗХУ-ын тусламжаар Генетикийн Лабораторийг тоноглож, БНАГУ, БНСРУ, БНУАУ, БНБАУ, БНСЧУ, ЗХУ зэрэг орнуудад шинжлэх ухааны докторын зэргийг 4 ажилтан, боловсролын докторын зэргийг 10 гаруй ажилтан амжилттай хамгаалснаас дурдвал нэрт эрдэмтэн Академич Ц. Жанчив, Д. Баатар, Доктор Х. Түмэннасан, Г. Саранцэцэг, А. Самбуу, Г. Сүхбаатар, Х. Төмөрбаатар, Ц. Цэндсүрэн, Б. Мөнхтуяа нар тус лабораториас ажил, амьдралын гараагаа эхэлж байв. Ийнхүү Генетикийн лабораторийн хүрээнд амьтан, ургамал, хүн, молекул генетикийн судалгааны багууд буй болж ажиллах болсон билээ.
Амьтны генетикийн хэсэгт Д.Баатар, Ц.Жанчив, Х.Түмэннасан, н.Пүрэвжав, Г.Саранцэцэг, Бү.Дашням, Ц.Цэндсүрэн, Ж.Хасболд, Ц.Өлзийбаатар нар ажиллаж Монгол малын хромосомын судалгааг анхлан гүйцэтгэж нутгийн малын генетик үзүүлэлтүүд, тухайлбал, цус, сүүний уургуудын удамшлын полиморф хэлбэрүүд, тэдгээрийн давтамжийг Монгол орны байгалийн үндсэн бүс бүслүүрүүдээр тогтоон үүлдрийн генетик тодорхойлолтыг гаргасан.
Антропологийн тасагт 1970-аад оноос Ж.Батсуурь Монголын хүн ам, ястан (халх, казак, урианхай, дархад, тува, дөрвөд, буриад, баяд, дарьганга, захчин, торгууд, өөлд, мянгад, барга, үзэмчин, хотон)-ы цусны уураг, ферментийн удамшлын хэлбэрүүд, тодорхойлогч генүүдийн давтамж, тархсан онцлог зэрэг антропо-генетикийн судалгааг 15 000 орчим хүнийг хамруулан хийжээ. Мөн Монголын хүн ам, зарим ястны генетик үзүүлэлтүүдэд суурилан төрөл ойртолт (инбридинг)-ын төвшинг тогтоож угийн зураглалыг гаргасан байна.
Анхны ургамлын генетикчид бол Г.Сүхбаатар, С.Мандах нар бөгөөд энэ группт А.Самбуу, Г.Гарамбазар, Х.Төмөрбаатар, Ц.Оюунсүрэн, А.Шарав, Б.Лувсандагва нар ажиллаж байв. Манай эх орны буудайн анхны сорт болох “Орхон”-ы ургацыг нэмэгдүүлэх зорилгоор химийн мутагенийг ашиглан мутаци бүхий олон тооны ургамал гарган авсан бөгөөд тэдгээрээс мутант-99, мутант-66 нэртэй шинэ удмыг сонгон Зүүнхараагийн САА-н үйлдвэрлэлийн талбайд их хэмжээгээр тариалж ашиглан ургац авч байлаа.
Манай лабораториос тус хүрээлэнгийн Молекул Биологи, Генетик Нөөц, Ургамлын Биотехнологийн лабораториудаас гадна Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Хүн Судлалын Төв зэрэг хэд хэдэн лаборатори салбарлан гарч өнөөг хүртэл Монгол орны шинжлэх ухааны салбарт өөрсдийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна.
Түүнчлэн манай лабораторийн эрдэмтэн судлаачдын хүчин чармайлт, хөдөлмөрийн үр дүнд Монгол Улсын Их Сургуулийн Биологийн Факультетийн дэргэд “Генетик, Молекул Биологийн Тэнхим”-ийг 1989 онд санаачлан байгуулж, мэргэжлийн хичээл зааж олон мэргэжилтнийг бэлтгэхэд өндөр хувь нэмрээ оруулсаар байна.
ШУА-ийн Биологийн Хүрээлэнгийн захирал академич О. Шагдарсүрэн Генетикийн Лабораторийн нээлтийн үеэр үг хэлж буй нь
1987 оны генетикийн лабораторийнхан
Г.Сүхбаатар нар буудайны мутац омгийг гаргаж авч байна
Академич Ц. Жанчив, академич Ц. Оюунсүрэн , Доктор Х. Түмэннасан нар Японы нутгийн уугуул мал судлалын нийгэмлэг эрдэмтэдтэй хамтын ажиллагааны үеэр
Үйл ажиллагаа
Генетикийн лаборатори байгуулагдснаас хойш явуулсан судалгаа шинжилгээнийхээ ажлын үр дүнд тулгуурлан нэгэн сэдэвт болон мэргэжлийн ном зохиол 30 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл 450 гаруйг бичиж, гадаад дотоодын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэж нийтлүүлсний дотор Генетика, Biochemical genetics, Animal Genetics, Cytogenetics and Cell Genetics, Molecular Ecology зэрэг олон улсын өндөр зэрэглэл (impact factor)-тэй сэтгүүлд манай эрдэмтэд бүтээлээ хэвлүүлсэн ба дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний их, бага хурлуудад 100 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлсэн болно.
Судалгааны гол үр дүнгүүд
1. Таван хошуу малын зарим сүргийн генетик бүтцийг тогтоосноос, монгол хонины зарим омгууд (Говь-Алтай, Үзэмчин, Баяд, Баруун Монголын ууцан сүүлт гэх мэт) бие даасан үүлдрийн төвшинд нэгэнт хүрснийг генетикийн судалгаагаар шинжлэх ухааны үндэслэл, нотолгоотой батлав.
2. Монгол адууны Галшар, Тэс, Шанх, Дархад, Мянгад омгууд нь генетик хувьслын төвшингөөрөө өндөр байгаа боловч бие даасан үүлдрийн хэмжээнд хүрээгүй болохыг тогтоов. Энэ үр дүнгээс Монгол адууны олон нэршил бүхий дээрх омгууд хооронд генийн солилцоо байнга явагддаг болох нь харагдаж байна.
3. Каракуль хонины үржил-селекцийн ажилд Монгол хонины хөх зүсний генийг маркер ген болгон ашиглаж шинэ удам гарган "Сүмбэр” үүлдрийн хонины зохиогчийн эрхийг баталгаажуулав.
4. Монгол хонины махан ашиг шимийг нэмэгдүүлэх үржил-селекцийн ажилд Аргаль хонины (Ovis ammon) генофондыг ашиглах боломжтойг аргаль хонь болон гэрийн хонины (Ovis aries) эрлийзжүүлэгийн судалгааны ажлын хүрээнд тогтоосон.
5. Хонины зүйлүүдийн кариотипийн хувьсал Робертсоны нэгдлийн замаар явагдсан болохыг тогтоов.
6. Монгол үхэр, сарлагийн эрлийз эр хайнагийн үргүйдлийн гол шалтгаан нь мейоз 1-ийн профазын шатанд гомолог хос хромосомууд коньюгацид бүрэн орохгүй байгаа явдал юм. Харин буцаах эвцэлдүүлгийн 1, 2-р үеийн эрлийз ортоом, усан гүзээнд үржил дахин сэргэх хандлагатайг тогтоов.
7. Цусны уургийн удамшдаг хэвшлүүдийг ашиглан өнөөгийн Монгол орны төв хэсэг бол Монголчуудын генийн сангийн өлгий нутаг болохыг хүн амын генетик полиморфизм ба геногеографийн судалгаагаар тогтоов.
8. Монгол хүн амын генийн сангаас судалсан 337 ген, гаплотипээр “Монголчуудын генетик поспорт” –ыг дэлхийн хүн амын генийн санд бүртгүүлсэн.
9. Мутагенез, эрлийзжүүлэг, эд эсийн өсгөвөр зэрэг генетикийн аргуудыг хэрэглэн үр тариа, таримлын селекцийн эх материал бий болгож заримыг нь үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.
10. Монгол орны гэрийн тэмээний Ханын Хэцийн Хүрэн, Галбын Говийн Улаан омгууд, Хос Зогдорт үржлийн хэсэг нь митохондрийн болон бөөмийн ДНХ-ийн судалгаагаар үүлдрийн төвшинд хүрсэн, ялгаатай байгааг илрүүлж үүлдрээр баталгаажуулж бүртгүүлэв.
11. Монгол мал тэдгээртэй филогенез холбоотой аргаль хонь, янгир ямаа, хавтгай тэмээ мөн тоо толгой тархац нутаг нь хумигдан устах аюулд ороод байгаа мазаалай баавгай зэрэг зэрлэг амьтдын бөөм, митохондрийн зарим ген, микросаттелитуудын нуклеотидуудын дарааллыг тодорхойлон шинэ гаплотипүүдийг илрүүлэн дэлхийн Генбанканд бүртгүүлж, зарим зүйл амьтдыг хамгаалах зөвлөмж гаргасан.
Төв азийн 8 байршлаас цуглуулсан нийт 138 хүрэн баавгайнд хийсэн 13 микросателлитын PCoA (Principal coordinate analysis) анализ. Говийн мазаалай баавгай бусад хүрэн баавгайнаас ялгаатай болох нь батлагдав.
13. Монгол орны хэмжээнд өргөн хүрээтэй судалгааг хийж, Монгол орны генетикийн судалгааны үндэс суурийг бүрдүүлж, генетик судлалын 15 гаруй зүйлийн хэдэн зуун дээжний цуглуулгатай болсон байна.
Цуглуулгын сан
Генетикийн лабораторид Монгол орны ууган таван хошуу мал, тэдгээрийн үүлдэр, омог болон Мазаалай баавгай, Хүрэн баавгай, Хавтгай тэмээ, Монгол бөхөн, Хар сүүлтий, Хулан адуу зэрэг зэрлэг амьтдын цус, лейкоцит, арьс, үсний дээж материалууд хадгалагдаж байна
Хэрэгжиж буй төслүүд
·
“Монгол орны зарим ховор хөхтөн амьтны генофондыг хамгаалах генетик
үндэслэл”
суурь судалгааны төсөл (2017-2019) Төслийн
гэрээний дугаар: ШуСс-2017/56. Удирдагч: Х.
Түмэннасан
· “Монгол орны зарим ховор зүйлүүдийн генофондын судалгаа” суурь судалгааны төсөл (2020-2022). Төслийн гэрээний дугаар:ШуСс-2020/22. Удирдагч: Б.Цэрэндулам
· “Hungarian-Mongolian Cooperative Evolutionary Phylogenomics Researches” Унгар болон Монголын ШУА хоорондын хамтарсан төсөл (2022-2023). Удирдагч: Б.Цэрэндулам.
· “Монгол-Беларусийн нуур, голуудад тархах Mөнгөлөг хэлтэг (Carassius gibelio (Bloch, 1782)) болон Aлтлаг хэлтэг (Carassius carassius (Linnaeus, 1758)) загасны популяцийн молекул генетик, морфо-биологийн үзүүлэлтийн харьцуулсан судалгаа” Беларус болон Монголын ШУА хоорондын хамтарсан төсөл (2022-2024). Удирдагч: Ч. Батцэцэг.
Гадаад харилцаа
Манай лабораторийн үе үеийн эрдэмтэд гадаад, дотоодын хамтын ажиллагаанд анхааран ирсэн билээ. Манай лаборатори нь Японы нутгийн уугуул мал судлалын нийгэмлэг, ОУ-ын баавгай судлалын нийгэмлэг, ОХУ-ийн Кольцовын Нэрэмжит Хөгжлийн Биологийн Хүрээлэн, Вавиловын Нэрэмжит Ерөнхий Генетикийн Хүрээлэн, Северцовын Нэрэмжит Экологи Эволюцийн Хүрээлэн, Австри улсын Мал Эмнэлгийн Их Сургуулийн Популяцийн Генетикийн хүрээлэн, Унгарын Дебрецений Их Сургууль, Беларусийн Шинжлэх Ухааны Академийн Генетикийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна.
Дотоодын хамтын ажиллагааны хувьд МУИС-ийн Функциональ геномиксийн лаборатори, Биохимийн инженерчлэлийн лабораторитай хамтран судалгаа хийж байна. Мөн МУИС, МУБИС, Этүгэн их сургуулиудын оюутнуудын үйлдвэрлэлийн дадлага, баклавр, магистрын ажлыг удирдаж байна. Орон нутагт Дундговь аймгийн Хулд сум, Сайнцагаан сум, Увс аймгийн Өлгий сум, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум гэх мэтчилэн сумуудын засаг даргатай гэрээ байгуулж тэмээ, хонь, ямаан сүргийн генетик тогтоцыг тогтоосон. Хээрийн судалгааны хүрээнд Монгол Алтайн Нурууны УТХГ, Монголын Аргаль, Агнуур Судлалын Холбоо ТББ, Монголын загас агнуурын холбоотой хамтран ажиллаж байна.