Үндсэн агуулга руу

Лаборатори

Ургамлын биотехнологийн лаборатори

Ургамлын биотехнологийн лаборатори нь 1988 онд “Ургамлын эс, эдийн өсгөврийн лаборатори” нэртэйгээр байгуулагдсан. Тус лаборатори нь Тус лаборатори нь Монгол орны нэн ховор, ховор статустай эмийн болон ашигт ургамлыг биотехнологийн аргаар үржүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх, генофондыг хамгаалах, биохимийн болон генийн инженерчлэлийн аргыг хэрэглэж хоёрдогч метаболитыг нэмэгдүүлэх, биологийн олон янз байдлыг генетик маркер анализын аргаар илрүүлэх зорилгын хүрээнд төр засгийн бодлого хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулан туршилт судалгааны ажлыг гүйцэтгэж, шинжлэх ухааны шинэ мэдлэг, инновац бий болгохоор ажиллаж байна.

Одоогийн байдлаар тус лаборатори нь 4 доктор, 4 магистр, 1 бакалавр  гэсэн нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

ЭШАА, доктор, (Ph.D) Х.Алтанзул - Лабораторийн эрхлэгч

ЭШТА, доктор, дэд профессор Ю.Оюунбилэг

ЭШАА, доктор (Ph.D) Ө.Болортуяа

ЭШДА, доктор (Ph.D) Э.Алтанцэцэг

ЭШДА, магистр Ц.Мөнхцэцэг

ЭШДА, магистр М.Цолмон

ЭШДА, магистр М.Сэлэнгэ

ЭШДА, магистр Г.Оюундарь

ЭШДадА, бакалавр Б.Эгшиглэн


Ургамлын биотехнологийн лабораторийн хамт олон (2022)

Судалгааны чиглэл

Ургамлын биотехнологийн лаборатори нь Монгол орны нэн ховор, ховор статустай эмийн болон ашигт ургамлыг биотехнологийн аргаар үржүүлэх, тархац нөөцийг нэмэгдүүлэх, генофондыг хамгаалах, биохимийн болон генийн инженерчлэлийн аргыг хэрэглэж хоёрдогч метаболитыг нэмэгдүүлэх, биологийн олон янз байдлыг генетик маркер анализын аргаар илрүүлэх зэрэг зорилгын хүрээнд төр засгийн бодлого хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулан туршилт судалгааны ажлыг гүйцэтгэж, шинжлэх ухааны шинэ мэдлэг, инновац бий болгох чиглэлээр ажиллаж байна.

Түүхэн замнал

Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лаборатори нь 1988 онд “Ургамлын эс, эдийн өсгөврийн лаборатори” нэртэйгээр байгуулагджээ. Тус лабораторийн эрхлэгч Д.Бадам-Oчирын санаачилгаар 1989-1994 онд “Меристемийн өсгөврийн аргаар вирусгүй төмсний анхдагч эх материал гаргах” , “Тоосны өсгөврөөр буудайн гаплоид гаргаж авах”, “Ховордож буй эмийн ургамал Алтан хундагыг /Adonis mongolica Sim./ in vitro нөхцөлд ургуулах, түүний кариологийн судалгааг хийж, мейоз хуваагдлын онцлогийг илрүүлэх” гэсэн чиглэлээр судалгааны ажлуудыг гүйцэтгэсэн байна.

Ерээд оны дунд үеэс тус лаборатори нь Молекул биологийн лабораторид харьяалагдан доктор Бү.Дашням, Ц.Оюунсүрэн нарын удирдлагаар “Молекул биологийн аргыг биологи, анагаах ухаанд хэрэглэх нь” суурь судалгааны сэдэвт ажлын хүрээнд стресст тэсвэртэй улаан лоолийг эд, эсийн өсгөврийн аргаар гарган авах, үхрийн нүд жимсийг меристемийн өсгөврийн аргаар үржүүлэх, мөн Чихэр өвс, Эгэл өмхий өвс, Хризантемум, Цахирмаа цэцгийн клоны бичил үржүүлэг, каллусын өсгөвөр зэрэг ажлуудыг хийж байсан.

2005 онд Ургамлын эсийн өсгөврийн лабораторийг дахин сэргээн байгуулж Ю.Оюунбилэгийг эрхлэгчээр томилон ажиллуулсан байна. Энэ үеэс эхлэн  абиотик болон биотик хүчин зүйлийн нөлөөгөөр тархац, нөөц нь хумигдан нэн ховор, ховор, ашиглалтад өртөмтгий статуст орсон Монгол орны эмийн ургамлуудыг биотехнологийн аргаар үржүүлж, in vitro нөхцөлд генофондыг хадгалах, хамгаалах, чиглэлийн ажлыг гүйцэтгэсэн бөгөөд энэ хугацаанд суурь судалгааны сэдэвт ажил-5, захиалгат төсөл-3, инновацийн төсөл-2, грант төсөл-2-г удирдан хэрэгжүүлж 20 гаруй зүйл ургамлын эс, эдийн өсгөврийн судалгааг хийж гүйцэтгэсэн байна.

Тус лаборатори нь 2017-2019 онд хэрэгжүүлсэн “Монгол орны зарим ховор эмийн ургамлын генофондыг хамгаалах биотехнологийн үндэслэл” сэдэвт ажлын хүрээнд ургамлын генийн инженерчлэлийн судалгааг хийж эхлүүлсэн бөгөөд Морин шарилж, Урал чихэр өвсний голлох нэгдлүүд болох артемизинин болон глицирризиний агууламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил хийгдэж эхлээд байна. Мөн эмийн ургамал болох Эмийн бамбай, Эгэл годил өвс, Үнэгэн сүүлхэй лидэр болон нэн ховор сөөг ургамал Грубовын хөөндий, ховор сөөг ургамал Танамал махирс зэрэг ургамлуудын байгалийн нөөцийн хэрэглээг бууруулах, импортын түүхий эдийг орлуулах зорилгоор бичил үржүүлгийн аргаар олшруулж, инновацад чиглэсэн туршилт судалгааны ажлуудыг практикт нэвтрүүлж эхлээд байна.

Лабораторийн түүхэн зургуудаас


Ургамлын эс, эдийн өсгөврийн лабораторийн хамт олон (1988). Зүүн гар талаас: Х.Галбадрах, Л.Мандах, А.Мижидсүрэн, Ю.Оюунбилэг,  Д.Бадам-Очир


Ургамлын биотехнологийн лабораторийн хамт олон (2020)


Зүүн гар талаас: Х.Алтанзул, Ц.Жанчив, Ц.Оюунсүрэн, Ю.Оюунбилэг


“Ургамлын биотехнологи-2014” эрдэм шинжилгээний хурал

“Ургамлын биотехнологи-2018” эрдэм шинжилгээний хурал


“Ургамлын биотехнологи-2022” эрдэм шинжилгээний хурал

Үйл ажиллагаа

Ургамлын биотехнологийн лаборатори нь ургамлын эс, эдийн өсгөвөр, генетик инженерчлэлийн чиглэлээр суурь судалгааны сэдэвт болон төсөлт ажил хэрэгжүүлэхийн зэрэгцээ, сургалт судалгаа, нийгэмд шинжлэх ухааныг танин мэдүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Тус лаборатори нь 2010 онд "Ургамлын биотехнологичдийн уулзалт-2010”, 2014 онд Ургамлын биотехнологийн чиглэлээр ажилладаг хүрээлэн, их, дээд сургууль, зарим хувийн хэвшлийн байгууллагууд, БОНХЯ, ШУА-ийн удирдлагуудыг оролцуулан "Ургамлын биотехнологи-2014 эрдэм шинжилгээний бага хурал”-г БОНХЯамны Цэвэр технологи, шинжлэх ухааны хэлтэстэй хамтран амжилттай зохион байгуулсан.

Судалгааны ажлын үр дүнгээр биологийн ухааны докторын (PhD.) зэрэг горилсон бүтээл-5, брошюр-2, гарын авлага ном-2, эрдэм шинжилгээний өгүүлэл-70 (дотоодод-50, гадаадад-20), олон улсын хуралд илтгэл-25, xялбаршуулсан өгүүлэл-6-г бичиж нийтлүүлж, патент-5-г авсан.

Судалгааны гол үр дүнгүүд

Ургамлын биотехнологийн  лаборатори нь нэн ховор 5 (Paeonia lactiflora Pall., Acorus calamus L., Lilium martagon L., Sophora flavescens Soland. Spongiocarpella grubovii Ulzij.,), ховор статустай 6 (Glycyrrhiza uralensis Fisch., Paeonia anomala L., Sophora alopecuroides L., Valeriana officinalis L., Peganum harmala L. Lycium truncatum Wang.,) зүйл, мөн манай оронд элбэг тархдаг хэдий ч эмийн түүхий эд болгон өргөн хэрэглэдэг Iris tenuifolia Pall., Thalictrum simplex L., Salsola laricifolia  Turcz. ex Litw., Artemisia annua гэх мэт ургамлыг эс, эдийн аргаар өсгөвөрлөн тэдгээрийг in vitro нөхцөлд үржүүлэх протокол боловсруулж, мөн тэдгээр ургамлын зарим биологийн идэвхт нэгдлийн агууламжийг тодорхойлсон.

Тус лабораторийн хамт олон “Монгол орны зарим эмийн ургамлын эс, эдийн өсгөврийн судалгаа (2011-2013)”, “Биотехнологийн аргаар гарган авсан Эмийн бамбайг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь” (2017-2018) инновацын төслийн хүрээнд эмийн бамбайг биотехнологийн аргаар ургуулан бичил ургамал гарган авч, улмаар in vitro-с ex vitro (хүлэмж)-нд дасгахад өвөлжилтийн дараах амьдрах чадвар 75-85% байсан учраас ил талбайд шилжүүлсэн. Энэхүү ажлын үр дүнгээр “Эмийн бамбайн (Valeriana officinalis L.) бичил ургамлыг in vitro-с ex vitro (хүлэмж)-д шилжүүлж ургуулах арга” нэртэй шинэ бүтээлийн патент-10-2014-0005279 (2014.02.24) авч, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Эмийн бамбайг ил талбайд тарьж турших ажлыг “Хөвсгөл Их Тайга” ХХК-тай гэрээ (2018.07.29) байгуулан, бичил ургамлын хүлэмжид дэх суулгацыг 3000 төгрөгөөр хүлээлгэн өгч, Төв аймгийн Жаргалант сумын нутаг дах эмийн ургамлын плантацид 2018-2019 онд шилжүүлэн тарьж хамтран ажилласан. Тус лабораторийн судлаачдын биотехнологийн аргаар ургуулсан Эмийн бамбай ургамлын үндэслэг иш нь байгалийн дээж ургамлынхаас 2 дахин илүү гарцтай байсан бөгөөд “Зүрхний цай” гаргаж авахад туршин хэрэглэж үр дүнтэй болохыг харуулсан. Ийм учраас эмийн бамбай ургамлыг биотехнологийн аргаар гарган авч, улмаар ил талбайд шилжүүлэн ургуулах боломжтойг тогтоосон судалгааны багийн ажлын үр дүн нь энэхүү ургамлын эмийн түүхий эдийг бэлтгэх, ховор статустай эмийн ургамлын генофондыг хамгаалах зэрэг нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой төдийгүй практикийн чухал үр дүнтэй ажил болсон гэж “Их тайга” ХХК-с үнэлсэн.

Мөн “Нэн ховор болон ашигт зарим ургамлыг биотехнологийн аргаар үржүүлж, хоёрдогч метаболитыг нэмэгдүүлэх судалгаа” (2014-2016), “Монгол орны зарим ховор эмийн ургамлын генофондыг хамгаалах биотехнологийн үндэслэл” (2017-2019) сэдэвт төслийн хүрээнд судалгааны багийн хамт олон Монгол орны нэн ховор статустай, уламжлалт анагаах ухааны эм тан хийхэд өргөн хэрэглэдэг, 100 гаруй биологийн идэвхт нэгдэл агуулдаг, хагас усны ургамал Эгэл годил өвсийг биотехнологийн аргаар ургуулан үндэслэг ишний өсөлтийг нэмэгдүүлж, бичил ургамал гарган авч, улмаар in vitro-с ex vitro (хүлэмж)-нд дасган 2 жилийн өвөлжилтийн дараах амьдрах чадвар 95%-тай байсан учраас ил талбайд шилжүүлэн туршиж  “Эгэл годил өвсний (Acorus calamus L.) бичил суулгацыг эдийн өсгөврөөр гаргаж авах” нэртэй шинэ бүтээлийн патент-10-0004708 (2019.04.30) авч, судалгааны ажлын зарим үр дүнгээр Энэтхэг улсын эрдэмтэн судлаачидтай хамтран “Chromatographia (2016, IF-1,4)”, сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн төдийгүй үндэслэг ишний транскриптом анализийн судалгааг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа билээ. 

Эгэл годил өвсийг ил талбайд тарьж турших ажлыг эмчилгээ, судалгаа үйлдвэрлэлийн “Монг-эм” ХХК-тай гэрээ (2018.09.11) байгуулан Төв аймгийн Жаргалант сумын Мэндийн Үзүүр хэмээх нутагт байдаг эмийн ургамлын плантацид 2018-2019 онд шилжүүлэн тарьж амжилттай ургуулж хамтран ажилласан. Эгэл годил өвсний ногоон масс, үндэслэг ишний хэмжээ нэмэгдэн 100% амьдралтай ургасан бөгөөд цаашид эм тан хийх түүхий эдээр хэрэглэх боломжтой байгаа нь гадаадаас авч хэрэглэдэг энэхүү ургамлын эмийн түүхий эдийг дотоодоос авч хэрэглэх, нэн ховор статустай эмийн ургамлын генофондыг хамгаалах зэрэг нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Тус судалгааны ажлын үр дүн нь инновацийн бүтээгдэхүүн төдийгүй төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжүүлсэн онол-практикийн чухал үр дүнтэй ажил болсон.

Сүүлийн жилүүдэд доктор, дэд профессор Ю.Оюунбилэгийн удирдсан Оюутолгой ХХК-ийн захиалгат “Biodiversity Priority Plant Propagation research service” сэдэвт төсөлт (2018-2022) ажлаар Өмнөговь аймгийн ховор ургамлын төлөөлөгчид болох Spongiocarpella grubovii Ulzij., (Грубовын хөөндий), Lycium truncatum Wang., (Танамал махирс) зэрэг ургамлуудыг эдийн өсгөврийн аргаар үржүүлэх, цаашид нөхөн сэргээлтэд хэрэглэх боломжийг тодорхойлох зорилгоор эдгээр нэн ховор болон ховор сөөг ургамлыг эд, эсийн өсгөврийн аргаар үржүүлэх протоколыг гарган авч, оюуны өмчийн патент мэдүүлэхийн зэрэгцээ тус компанийн байгалийн ургамлын үржүүлгийн төвд амжилттай шилжүүлэн ургуулж эхлээд байна. 

Мөн Agrobacterium-р дамжуулан ген шилжүүлэх аргаар Урал чихэр өвс, Морин шарилжны глицирризин (beta-AS,  HMGR болон SQS) бa артемизининий (CPR, CYP71AV1 болон FPS) бионийлэгжилд оролцдог генүүдийн экспрессийг нэмэгдүүлэх судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэж байна.

Хэрэгжиж буй төслүүд

1. 2017-2019 “Монгол орны зарим ховор эмийн ургамлын генофондыг хамгаалах биотехнологийн үндэслэл” суурь судалгааны сэдэвт ажил, удирдагч: Ю.Оюунбилэг (Ph.D), дэд профессор

2. 2017-2018 “Биотехнологийн аргаар гарган авсан Эмийн бамбайг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь” инновацын төсөл, удирдагч: Ю.Оюунбилэг (Ph.D), дэд профессор

3. 2017-2019 “Чонон хармагийн жимсний цай-бренд бүтээгдэхүүний технологи боловсруулах” инновацын төсөл, удирдагч: Д.Өсөхжаргал (Ph.D)

4. 2018-2020, 2021-2023, 2023-2025, “Biodiversity priority plant propagation research service” Оюу-Толгой ХХК-н захиалгат төсөл, удирдагч: Ю.Оюунбилэг (Ph.D), дэд профессор

5. 2020-2021 “Монголоос гаралтай Artemisia L. зүйлийн молекул филогенетикийн тодорхойлолт” ШУА-ийн грант төсөл, удирдагч: Ө.Болортуяа (PhD)

6. 2021 “Транскриптомийн шинжилгээгээр Acorus calamus L-ийн үндэслэг ишийг үүсгэгч генийг тодорхойлох” TWAS-ын төсөл, удирдагч: Ө.Болортуяа (PhD)

7. 2021 “Монголын уламжлалт анагаах ухааны нөөцийг хамгаалах болон түүний био эдийн засагт ашиглах нь” Япон улсын “Public interest incorporated foundation” сангийн санхүүжилттэй төсөл, удирдагч: Ө.Болортуяа (PhD)

8. 2022-2024 “Үнэгэн сүүлхэй лидэр, Чихэр өвсний генетик нөөцийн судалгаа” НҮБХХ-ийн “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн зөвлөх үйлчилгээний ажил, удирдагч: Ө.Болортуяа (PhD)

Гадаад харилцаа

Гадаад хамтын ажиллагаа

Ургамлын биотехнологийн лабораторийн судлаачид нь ОХУ, БНХАУ, ХБНГУ, Бельги, БНСУ, БНАСАУ, Тайван, Тайланд, Япон, Энэтхэг зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлэх богино болон урт хугацааны сургалтад хамрагдсан бөгөөд БНАСАУ-ын Эсийн ба генетик инженер зүйн төвийн судлаач доктор Пак Мин, Кан Хак Чол, мөн Япон улсын Киотогийн их сургуулийн профессор Шимада Такико, Австрали улсын залуу сайн дурын ажилтан Хелен Хайнес нар ирж ажиллан лабораторийн боловсон хүчнийг чадавхжуулахад тодорхой хувь нэмэр оруулсан.

1. Малайз улсын Сэйнс их сургууль,

Малайз улсын “University Sains Malaysia”-н Биологийн сургуулийн профессор Чан Лэй Кэн, доктор профессор С.Срираман нар ургамлын биотехнологийн лабораторид зочилж 7 хоног ажиллан, лекц уншиж, семинар хийж, цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан (2014-2015). Тус гэрээ хэлэлцээрээс хойш олон улсын хамтарсан өгүүлэл хэвлүүлэх, докторантын ажил хамтран удирдах, лабораторийн хамтын семинар хийх төсөл хөтөлбөрийн талаар хамтран ярилцах зэргээр хамтын ажиллагаа өргөжиж байна.

Үүнд:

1. Олон улсын хамтарсан өгүүлэл

1. Antony, J. J. J., Wai, L. K., Oyunbileg, Y., & Subramaniam, S. (2015). Characterization of the Second Generation Cryopreserved Dendrobium Bobby Messina Using Histological and RAPD Analyses. Mongolian Journal of Biological Sciences, 13(1-2), 13–18. Retrieved from https://www.biotaxa.org/mjbs/article/view/26540

2. Antony, J. J. J., Wai, L. K., Oyunbileg, Yu., & Subramaniam, S. 2015. Characterization of the second generation cryopreserved Dendrobium Bobby Messina using histological and RAPD analyses. Mong. J. Biol. Sci., 13(1-2): 13-18.

2. Хамтарч удирдсан докторант- 1:  Khaw Mei Lin

Сэдэв: “Establishment of callus and cell suspension cultures of Artemisia annua L. 

of Mongolian origin for the production of artemisinin” (2021).

3. Лабораторийн хамтарсан семинар

1. Малайз улсын “Universiti Sains Malaysia (USM)” их сургуулийн профессор Sreeramaniam S.-н магистрант Pang Wei Quan “Tissue culture of white strawberry”, сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн (2022.03.24).

2. Малайз улсын “Universiti Sains Malaysia (USM)” их сургуулийн профессор Sreeramaniam S.-н магистрант Lim Wei Heng “Effect of LEDs on Artemisia annua” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн (2022.03.24).

3. Профессор Sreeramaniam S. “Advancing Plant Tissue Culture & In Door Farming Technology in Malaysia” (2022.05.22). 

4. Энэтхэг улсын Коймбатор хотын Авинашилингам их сургуулийн Биохими, Биотехнологи, Биоинформатикийн тэнхимд 2015 онд тус лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан О.Хонгорзул мэргэжил дээшлүүлэх 3 сарын  сургалтад амжилттай суралцсан. Мөн Авинашилингам их сургуулийн доктор, процессор S.Kalaiselvi, Dr.,Kowsalya нар тус лабораторид айлчлан ирж, хүрээлэнгийн захирал доктор (ScD.,) Я.Адъяа, лабораторийн эрхлэгч, доктор (PhD.) Ю.Оюунбилэг нартай Ургамлын биотехнологийн чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцож, 2017.07.25-нд 5 жилийн хугацаатай “MoU for collaporative research and training”-д гарын үсэг зурснаар хамтын ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байна. Энэхүү хугацаанд ургамлын биотехнологийн лабораторитой байнга хамтын ажиллагаа хэрэгжүүлж, олон улсын өгүүлэл 2-г хэвлүүлж,  онлайн хурал, семинар зохион байгуулах зэргээр хамтран ажиллаж байна. Dr. S.Kalaiselvi нь тус лабораториос зохион байгуулсан “Ургамлын биотехнологи-2022” эрдэм шинжилгээний хуралд мэндчилгээ ирүүлсэн (2022.09.16).

Үүнд:

I. Олон улсын хамтарсан өгүүлэл

1. Putchen Dakshinamoorthy Deepalakshmi,  Khongorzul Odgerel,  Pankajavalli Thirugnanasambantham, Oyunbileg Yungeree, Altanzul Khorolragchaa, Kalaiselvi Senthil, 2016,  “Metabolite Profiling of In Vitro Cultured and Field Grown Rhizomes of Acorus calamus from Mongolia Using GC-MS”, Chromatographia, 79:1359-1371 (IF-1.332)

2. Tsolmon M, Oyundari G, Oyunbileg Yu and Kalaiselvi Senthil*, 2020  “Establishment of callus and cell suspension culture of Sophora alopecuroides Linn. for the production of oxymatrine”, Journal of Phytology, 12: 035-039 doi: 10.25081/jp.2020.v12.6308

II. Лабораторийн хамтарсан семинар

1. Ургамлын биотехнологийн лабораторийн семинарт Энэтхэг улсын Авинашилингам Их сургуулийн Dr. S. Kalaiselvi-н магистрант U. Sangeetha “In vitro cultures for secondary metabolite production” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн (2022.02.24).

2. Энэтхэг улсын Авинашилингам Их сургуулийн Dr. S. Kalaiselvi-н багийн доктор Krishnapriyay нь “To demonstrate in vitro culture system as an efficient neuroprotectant using the C. elegans model” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн (2022.11.03).

3. Япон улсын Осака Метрополитан их сургууль

Ургамлын биотехнологийн лабораторийн доктор, дэд профессор Ю.Оюунбилэг, доктор Ө.Болортуяа нар нь Япон улсын Киото хотноо 2019.09.07-08-нд зохиогдсон “Ургамлын эс, Молекул биологийн 37 дахь хуралд оролцохын зэрэгцээ Осака дахь “Osaka prefecture university” (одоогийн “Osaka Metropoliten University”) профессор Atsushi Okazawa-тай ажил хэргийн уулзалт хийсэн. Харин 2021.06.21-22-нд Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга Япон улсын “Osaka Metropoliten University” болон ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн санамж бичгийн дагуу “Osaka Metropolitan University”-н профессор Atsushi Okazawa нь Япон, Монголын хамтарсан “Sakura Science” шинжлэх ухааны хөтөлбөрт төслийн санал хүргүүлснээр Ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч Ю.Оюунбилэг удирдан, эрдэм шинжилгээний дэд ажилтан Ц.Мөнхцэцэг, М.Цолмон, Г.Оюундарь, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Б.Уянга нар тус сургуульд 10 хоног ажиллаж, GC-MS дээр ажиллах арга зүйд суралцаж, сертификат авахын зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж тохиролцсон (2022.08.28-09.06).

Хамтын ажиллагааны дагуу хамтарсан төсөл хэрэгжүүлэх, семинар хийх зэргээр ажилласан. Үүнд:

1. Хамтарсан төсөл

1. Тус лабораторийн доктор Ө.Болортуяа болон “Osaka Metropolitan University”-н профессор Atsushi Okazawa нар нь Япон улсын “Public interest incorporated foundation” сангаас “Conservation of Mongolian traditional medicinal resources and their utilization for bio-economy” сэдэвт төслийг хамтран гүйцэтгэсэн (2021 он).

1. Лабораторийн хамтарсан семинар

1. Ургамлын биотехнологийн лабораторийн семинарт Профессор Atsushi Okazawa нь их сургуулийнхаа талаар, харин магистрант Moe Matsumoto “Metabolic pathways of photosynthetic product obtain from the host plant by the root parasitic weed, Orobanche minor”сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн (2022.05.06).

2. Профессор Atsushi Okazawa-н магистрант Yurie Sakata “Identification of invertase inhibitors in Orobanche minor germinating seeds” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн (2022.05.06).

Дотоод хамтын ажиллагаа

Ургамлын биотехнологийн лабораторийн баазыг түшиглэн МУИС, ШУТИС, ХААИС, “Эм Ай Ю” дээд сургууль, Улаанбаатар их сургууль, Этүгэн их сургуулийн оюутнууд үйлдвэрлэлийн дадлага хийхийн зэрэгцээ 30 бакалавр, 7 магистрын ажлын туршилт судалгааг гүйцэтгэсэн байна.

1. Монгол улсын их сургууль,

2. Шинжлэх ухаан, технологийн их сургууль

3. Хөдөө аж ахуйн их сургууль

4. “Эм Ай Ю” дээд сургууль,

5. Улаанбаатарын их сургууль

6. Этүгэн их сургууль