Микробиологийн лаборатори
Микробиологийн лаборатори нь Биологийн хүрээлэнгийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг болох Монгол орны бичил биетний ангилал зүй, генетик нөөцийг судалж, бичил биетний үндэсний сан бий болгох, инноваци, биотехнологийг тэтгэх ашигт өсгөврүүдийг илрүүлэх чиглэлээр судалгаа явуулдаг. Энэ нь 2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын зорилтууд, 2015 онд батлагдсан Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөр, Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг (2016-2030) хэрэгжүүлэхэд чиглэгдсэн. Ингэснээр Монгол орны бичил биетний талаар шинжлэх ухаанд шинэ мэдлэг бий болгох, бичил биетнийг ex-situ хадгалан хамгаалах ба ашигт шинж чанаруудыг тодорхойлж эдийн засгийн янз бүрийн салбаруудад ашиглах өсгөврүүдийг олж тогтоох, Биологийн олон янз байдлын конвенци, түүний дагалдах протоколуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл бий болгох ач холбогдолтой.
Одоо тус лаборатори нь шинжлэх ухааны доктор (ScD) 1, доктор 3, магистр 3, магистрант 5, бакалавр 3 гэсэн нийт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
ЭШТА, Доктор (Ph.D) Ж.Энх-Амгалан Лабораторийн эрхлэгч
ЭШТА, Доктор, (Ph.D) академич Ж.Норовсүрэн
ЭШАА, Доктор Н.Маржангүл
ЭШДaдА, Магистр С.Мөнхжаргал
ЭШДадА, Магистрант Ж.Сарантуяа
ЭШДадА, Магистрант Ц.Бадамгарав
ЭШДадА, Магистр О.Чагсалдулам
ЭШДадА, Бакалавр Б.Бумцэнд
ЭШДадА, Бакалавр Н.Дарьцогзол
ЭШДадА, Бакалавр Г.Ангараг
ЭШДадА, Магистрант Э.Энхтөгс
ЭШДадА, Магистрант Б.Болорбуян
Лабораторийн хамт олны зураг
Судалгааны чиглэл
Тус лаборатори нь судалгаа, шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Уул уурхайн компани, байгууллагын хүсэлтээр гэрээний дагуу хөрс, усны дээжүүдэд эрүүл ахуй, бактериологийн шинжилгээ хийдэг. Үндсэн чиглэлийн хүрээнд дараах судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна. Үүнд:
- Монгол орны янз бүрийн экосистемийн хөрс, ус, ургамал, уламжлалт сүүн бүтээгдэхүүний бичил биетний тархалтын экологи, олон янз байдал
- Бичил биетний генетик нөөц (микробын эсрэг идэвх ба биосинтетик генүүд, фермент нийлэгжүүлэх чадавх, хүнд металлыг тэсвэрлэх, хоргүйжүүлэх чадвар)
- Монгол орны ургамлын эндофит бичил биетэн, тэдгээрийн биологийн идэвх
- Ургамлын ризосферын бичил биетэн, тэдгээрийн биологийн идэвх
- Буурцагт ургамлын булцууны бактери, тэдгээрийн ургамлын өсөлтийг дэмжих чадвар, азот шингээлт, булцуу үүсгэлтийн генүүд
- Сүүн хүчлийн бактерийн пробиотик шинж чанар
- Бичил биетнийг хамгаалах, бичил биетний үндэсний сан бий болгох, мэдээллийн сан хийх
Микробиологийн лабораторид явагдаж буй үндсэн 5 судалгааны чиглэл.
Түүхэн замнал
1965 онд байгуулагдсан ШУА-ийн Биологийн ухааны хүрээлэнгийн нэг нэгж болох Т.Пунцаг эрхлэгчтэй Сорилын биологийн тасаг нь 1973 онд Биологийн хүрээлэнгийн Микробиологийн сектор болон өргөжжээ. Тус секторын харъяанд 1985 онд Микроорганизмын физиологи-биохимийн лаборатори 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан ба 1998 оноос Микробиологийн лаборатори нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Уг лабораторийн эрхлэгчээр байгуулагдсан цагаас хойш 2015 он хүртэл доктор Б.Цэцэг, 2015 оноос доктор Ж.Энх-Амгалан ажиллаж байна. Одоо Микробиологийн лабораторид эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D) Ж.Энх-Амгалан, академич, шинжлэх ухааны доктор (Sc.D) Ж.Норовсүрэн, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) Н.Маржангүл, эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор (Ph.D) Т.Адъяадолгор, магистр Х.Гантуяа, М.Амарбаясгалан, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, магистр С.Мөнхжаргал, магистрант Ж.Сарантуяа, Ц.Бадамгарав, Э.Энхтөгс, Б.Болорбуян, бакалавр Б.Бумцэнд, Н.Дарьцогзол нар ажиллаж байна. Доктор (Ph.D) Б.Цэцэг тус лабораторийн хүндэт гишүүн юм.
Тус лабораториос гадаадад Т.Пунцаг (ОХУ, 1968-Ph.D, Эстони, 1973-Sc.D), Б.Цэцэг (ОХУ, 1981), Г.Жавхлан (ОХУ, 1988), Б.Даваадорж (ОХУ, 1992), Ж.Ариунаа (ОХУ, 1993), А.Оюунцэцэг (ОХУ, 1993), Ж.Норовсүрэн (ОХУ, 2001-Ph.D, 2007-Sc.D), С.Жимсгэнэ (ХБНГУ, 1996), Ж.Энх-Амгалан (Япон, 2006), Н.Маржангүл (Япон, 2020), Т.Адъяадолгор (БНУУ, 2022) нарын 11 судлаач Ph.D болон шинжлэх ухааны докторын зэрэг, Ж.Пүрэвсүрэн (АНУ), Г.Нямсүрэн (Япон), Н.Маржангүл (Япон), Б.Долгормаа (Япон) нарын 4 судлаач магистрын зэрэг хамгаалж, Б.Долгормаа Японд докторантурт суралцаж байна. Одоогийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа ажилтнууд бүгд ХБНГУ, БНХАУ, ОХУ, БНЭУ, БНСУ, Япон зэрэг гадаадын орнуудад мэргэжил дээшлүүлсэн боловсон хүчний өндөр чадавхтай хамт олон юм.
Үйл ажиллагаа
Тус лаборатори нь судалгаа, шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Судалгааны ажлуудын үр дүнгээр ном товхимол, нэгэн сэдэвт бүтээл гадаадад 12, дотоодод 8, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийн хураангуй гадаадад 128, дотоодод 124, редакторласан ном, эмхэтгэл 4, хурлын товхимол 2 гаргаж, шинэ бүтээлийн эрх 5, оновчтой саналын 2 гэрчилгээ авсан. Уул уурхайн компани, байгууллагын хүсэлтээр гэрээний дагуу хөрс, усны дээжүүдэд эрүүл ахуй, бактериологийн шинжилгээ хийдэг.
Их дээд сургуулиудтай хамтран ажиллаж оюутнуудад мэргэжлийн хичээл заах, лабораторийн судалгааны баазыг ашиглан оюутнуудын үйлдвэрлэлийн дадлага, бакалавр, магистр, докторын судалгааны ажлуудыг удирдан хамгаалуулах, диплом хамгаалалт болон оюутны эрдэм шинжилгээний хуралд шүүгч багшаар ажиллах зэргээр сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. 2013 оноос Япон эрдэмтэдтэй хамтран мөөгөнцөр тодорхойлох сургалтыг жил бүр зохион байгуулж, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн залуу судлаачид, их дээд сургуулиудын багш, оюутнууд, мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудыг хамруулж байна.
Судалгааны гол үр дүнгүүд
1. Монгол орны бичил биетний ангилал зүйн судалгааны хүрээнд Японы эрдэмтэдтэй хамтран бичил биетний 8000 гаруй өсгөврийг ялган 5500 гаруй өсгөврийг орчин үеийн молекул биологийн аргаар тодорхойлсон. Үүний үр дүнд бичил биетний нийт 358 төрөл буюу археагийн 5, актиномицетийн 66, бактерийн 81, дрожжийн 22, мөөгөнцрийн 178, хромистагийн 6 төрлийг олж тогтоосны дотор дэлхийн шинжлэх ухаанд шинэ болох актиномицетийн 1 төрөл, 8 зүйлийг илрүүлж олон улсын International Journal of Systematic and Evolutionary Microbiology сэтгүүлд хэвлүүлсэн.
2. Монголдоо хамгийн том бичил биетний санг бүрдүүлсэн бөгөөд цаашид олон улсын жишигт нийцсэн сан болгох зорилготой. Түүнчлэн, дээр дурдсан 5500 гаруй өсгөврийн рРНХ генийн (мөөгөнцрийн ITS хэсгийн) секвенсийн мэдээлэл дээр тулгуурлан Монгол орны бичил биетний мэдээллийн сан байгуулахаар ажиллаж байна.
3. Экологийн судалгаагаар Монгол орны бичил биетний тархалт, биологийн идэвх, олон янз байдлыг экологийн нөхцөлтэй холбон өвөрмөц онцлог ялгааг илрүүлсэн. Эрс тэс нөхцлийн бичил биетнийг онцгойлон судалж, янз бүрийн pH, давсны өндөр концентраци ба өндөр температурт тэсвэртэй термофиль, ацидофиль, алкалофиль, галофиль, галоалкалофиль бичил биетнийг илрүүлэн биологийн идэвхийг тогтоож, биотехнологийн салбарт ашиглах нөөцийг бүрдүүлж байна. 2016 оноос психрофиль бичил биетний судалгааг эхлэн хийж, манай орны цэвдэгт хөрсөнд Антрактидын хөрс, мөсөн давхаргад тохиолддог дрожжийн зүйлүүд тархсан болохыг анх олж тогтоосон төдийгүй шинэ зүйл болох магадлалтай өсгөврүүдийг илрүүлж, цэвдэгт хөрснөөс ялгасан дрожжийн өсгөврүүд 0-28°С-д целлюлаза, липаза ферментийн идэвхтэйг тогтоосон. Цэвдэгт хөрснөөс мөөгөнцрийн Cladosporium, Geomyces, Penicillium, Phoma, Pseudogymnoascus, Helotiales зэрэг төрлүүдийг илрүүлсэн.
4. Генетик нөөц, инноваци, биотехнологийг тэтгэх ашигт өсгөврүүдийг илрүүлэх чиглэлээр микробын эсрэг идэвх, протеаза, амилаза, целлюлаза, аспарагиназа гэх мэт ферментийн идэвх, ургамлын өсөлтийг дэмжих чадвар, хүнд металлыг тэсвэрлэх, хоргүйжүүлэх чадвар, сүүн хүчлийн бактерийн пробиотик шинж чанар, ургамлын эндофит мөөгөнцрийн алкалоид, флавоноид, сапонин зэрэг биологийн идэвхт бодис нийлэгжил зэрэг олон шинж чанарыг судалж, биологийн идэвхтэй олон өсгөврийг олж тогтоогоод байна. Улаанбаатар хотын бохирдол ихтэй цэгүүд болон алт, зэс, нүүрсний уурхайн хөрсний дээжийг судлан кобальт, никель, зэс, хар тугалга хуримтлуулах чадвартай бактери, актиномицетийн өсгөврүүд, арьс ширний хаягдал уснаас түүнд агуулагдах будгийг задлах бактери болон хромыг хоргүйжүүлэх чадвартай бактерийн өсгөврүүдийг илрүүлсэн. Монгол хүний өдөр тутмын хүнсний хэрэглээ болсон төмсний жирийн цахлай өвчин үүсгэгчийг судалж Монголд Streptomyces turgidiscabies-ийг цахлай өвчин үүсгэгчээр нэмж бүртгэсэн. 2009 оноос Монголд анх эхлүүлсэн ургамлын эндофит бичил биетний судалгаагаар ургамлын өсөлтийг дэмжигч, ферментийн идэвхтэй, бактерийн эсрэг биологийн идэвхт бодис нийлэгжүүлэгч өсгөврүүдийг олж илрүүлэн цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгааг хийж байна.
5. Бид судалгааг генийн төвшинд гаргаж Монгол-Японы хамтарсан төслийн хүрээнд Actinoplanes төрлийн актиномицетүүдийн поликетидсинтаз (pks-I & pks-II) ба рибосомын бус пептидсинтетаз (NRPS) генүүдийг судалж, эдгээр өсгөврүүд антибиотик нийлэгжүүлэх чадвараар өндөр төдийгүй шинэ антибиотик нийлэгжүүлэх чадвартайг баталсан. Ангилалзүйн судалгаанд рРНХ ген, ITS хэсэг, булцууны бактерийн судалгаанд азот шингээлт, булцуу үүсгэлтийн nifH, nodC генүүдийн секвенсийг тодорхойлон ашиглаж байна.
6. 2020-2022 онд сүүн хүчлийн бактерийн судалгаагаар сүү, уламжлалт сүүн бүтээгдэхүүний 38 дээжнээс сүүн хүчлийн бактерийн 200 гаруй цэвэр өсгөврийг ялган, молекул маркер ашиглан генийн түвшинд тодорхойлж, сүү бүрэлдүүлэх, экзополисахарид нийлэгжүүлэх, микробын эсрэг идэвх зэрэг 14 технологийн болон пробиотик шинж чанарыг туршин судалсны үр дүнд өндөр идэвхтэй өсгөврүүдийг сонгон, нутгийн омгуудаар пробиотик тарагны хуурай хөрөнгө гарган авсан.
7. Одоо манай лаборатори 8000 гаруй өсгөвөр бүхий бичил биетний цуглуулгыг бүрдүүлж, өсгөврүүдийг -800 С-д хадгалан ex-situ хамгаалж байна. Үүнд: мөөгөнцрийн 178 төрөлд хамаарах 1275 өсгөвөр, дрожжийн 22 төрлийн 321 өсгөвөр, хромистагийн 6 төрлийн 73 өсгөвөр, актиномицетийн 66 төрлийн 2443 өсгөвөр, бактерийн 81 төрлийн 1437 өсгөвөр, археагийн 5 төрлийн 55 өсгөвөр байна.
Микробиологийн лабораторийн бичил биетний сан 2018 оны 11 сард Дэлхийн өсгөврийн сангуудын холбоо (WFCC)-ны харъяа Дэлхийн бичил биетний мэдээллийн төв (WDCM)-ийн “Бичил биетний глобал каталог (GCM)-д “Mongolian National Culture Collection of Microorganisms” буюу Монголын үндэсний бичил биетний өсгөврийн сан нэрээр нэгдсэн. Ингэснээр Дэлхийн өсгөврийн сангуудын холбоо болон Дэлхийн бичил биетний мэдээллийн төвийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, тэдгээрийн гишүүн сангуудтай хамтын ажиллагаа явуулах боломж нээгдээд байна.Цуглуулгын сан
Одоо манай лаборатори 8000 гаруй өсгөвөр бүхий бичил биетний цуглуулгыг бүрдүүлж, өсгөврүүдийг -800 С-д хадгалан ex-situ хамгаалж байна. Үүнд: мөөгөнцрийн 178 төрөлд хамаарах 1275 өсгөвөр, дрожжийн 22 төрлийн 321 өсгөвөр, хромистагийн 6 төрлийн 73 өсгөвөр, актиномицетийн 66 төрлийн 2443 өсгөвөр, бактерийн 81 төрлийн 1437 өсгөвөр, археагийн 5 төрлийн 55 өсгөвөр байна.
Хэрэгжиж буй төслүүд
1. “Ургамлаас биологийн идэвхт бодис нийлэгжүүлэгч эндофит бичил биетний өсгөвөр ялгаж өсгөврийн сан бүрдүүлэх, тэдгээрт суурилсан бүтээгдэхүүний туршилт судалгаа”. ШУТ-ийн захиалгат төсөл, 2021-2022, удирдагч: доктор Ж.Энх-Амгалан
2. “Research and development of functional dairy products made from non-cow milk”. НҮБХХ-ийн “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь (ENSURE)” төслийн хүрээнд зөвлөх үйлчилгээний гэрээт ажил, 2020-2022, удирдагч: доктор Ж.Энх-Амгалан
3. “ХАА-н таримал ургамлын зарим өвчин үүсгэгч мөөгөнцрийг дарангуйлагч актиномицетүүдийн судалгаа”. Суурь судалгааны төсөл, 2022-2024, удирдагч: академич Ж.Норовсүрэн.
Гадаад харилцаа
Манай лаборатори гадаад хамтын ажиллагааны баялаг туршлагатай. 1980-аад оноос Болгарын ШУА-ийн Микробиологийн хүрээлэн, Украйны ШУА-ийн Микробиологи ба вирусологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Бахын нэрэмжит Биохимийн хүрээлэн, ОХУ-ын Анагаах ухааны академийн Шинэ антибиотик судлалын хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн, ОХУ-ын Москвагийн их сургууль, Тайланд улсын Махидолын их сургууль, Япон улсын Үндэсний технологи ба үнэлгээний хүрээлэн зэрэг байгууллагуудтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллаж иржээ.
Их дээд сургуулиудтай хамтран ажиллаж оюутнуудад мэргэжлийн хичээл заах, лабораторийн судалгааны баазыг ашиглан оюутнуудын үйлдвэрлэлийн дадлага, бакалавр, магистр, докторын судалгааны ажлуудыг удирдан хамгаалуулах, диплом хамгаалалт болон оюутны эрдэм шинжилгээний хуралд шүүгч багшаар ажиллах зэргээр сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. 2013-2018 онд Япон эрдэмтэдтэй хамтран мөөгөнцөр тодорхойлох сургалтыг жил бүр зохион байгуулж, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн залуу судлаачид, их дээд сургуулиудын багш, оюутнууд, мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудыг хамруулсан.
Одоо явагдаж байгаа гадаад хамтын ажиллагаа:
1. Япон улсын Үндэсний технологи ба үнэлгээний хүрээлэнтэй бичил биетний экологи, ангилалзүй, хэрэглээний чиглэлээр хамтын ажиллагааны гэрээтэй.
2. Япон улсын Осакагийн их сургуулийн Биотехнологийн олон улсын төвд 2 ажилтан докторантурт сурч, Sakura science хөтөлбөрөөр оюутнууд богино хугацаагаар очиж танилцах зэргээр хамтарч байна.
3. Бичил биетний нөөцийг хамгаалах ба зохистой ашиглах Азийн консорциум (ACM)-ын гишүүн бөгөөд үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн. ACM-ыг анх 2004 онд байгуулагдахад гишүүнээр элсэж, 2018 онд ээлжит XV хуралдаан (ACM15)-ыг гишүүний үүргийн дагуу эх орондоо хүлээн авч зохион байгуулсан.