Үндсэн агуулга руу

Лаборатори

Молекул биологийн лаборатори

Молекул биологийн лаборатори нь орчин үеийн молекул биологийн ололт, аргазүйд тулгуурлан элэгний хавдрыг эрт илрүүлэх, оношлох болон хавдар үүсэх, үсэрхийлэх үйл явцыг эсийн холбогдох генийн үйл ажиллагааг зохицуулах замаар сааруулах боломжийг судлахад чиглэгдэж байна. Сүүлийн жилүүдэд Монголын хүн амын дунд тархсан хепатитийн вирусүүдийн генотип онцлог, элэгний хорт хавдар үүсэх молекул шалтгаан зэргийг судалж байгаагаас гадна хувиргасан амьд организм илрүүлэх, улмаар биоаюулгүй байдлыг бэхжүүлэх зэрэг ажлуудыг төр засгийн захиалга, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хийж, гүйцэтгэж байна

Одоогийн байдлаар тус лаборатори нь академич 1, доктор 1, докторант 1, магистр 4, бакалавр 2 гэсэн нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

ЭШТА, академич Ц.Оюунсүрэн - Лабораторийн эрхлэгч

ЭШТА, Доктор  Д.Гантулга

ЭШДА, Магистр Б.Хүрэлсүх

ЭШДА, Магистр Э.Аръяа

ЭШДА, Магистр О.Номуун

ЭШДА, Магистр Б.Номин

ЭШДА, Бакалавр Д.Долгион

ЭШДА, Бакалавр Б.Биндэръяа

ЭШДА, Докторант Б.Болортуяа

Молекул биологийн лабораторийн  хамт олон (2022 он)

Судалгааны чиглэл

· Бид сүүлийн жилүүдэд Монгол хүнд элэгний хавдар үүсэх молекул шалтгааныг тогтоох, улмаар хавдрыг эрт илрүүлэх, оношлох болон хавдар үүсэх, тархах, үсэрхийлэх процессийг эсийн холбогдох ген ба уургийн нийлэгжилтийг зохицуулах замаар сааруулах, зарим генийн экспрессийг зохицуулах боломжийг илрүүлэх чиглэлээр хүний хавдрын ба хавдрын бус эд эсэд төрөл бүрийн маркер ген ба уургийн нийлэгжилтийг харьцуулан судалж байна.

· Мөн биоаюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр Хувиргасан амьд организм илрүүлэх лабораторийг байгуулан үйл ажиллагааг тогтвортой явуулж байна.

· Хэрэгцээт биобүтээгдэхүүн гарган авах, молекул биологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр оношлуурын цомог бүтээх, зарим оношилгооны арга зүйг боловсруулах ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Түүхэн замнал

1983 онд ШУА-ийн Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн секторт Молекул генетикийн лаборатори байгуулагдан анхны эрхлэгчээр дэд эрдэмтэн Б.Дашням, 1986 онд тус лабораторийн эрхлэгчээр дэд эрдэмтэн Ц.Оюунсүрэн томилогдон ажиллаж байв. 1988 онд шинээр байгуулагдсан Биотехнологийн хүрээлэнд Молекул генетикийн лаборатори (эрхлэгч, дэд эрдэмтэн Ц.Оюунсүрэн) ба Эсийн инженерчлэлийн лаборатори (эрхлэгч, дэд эрдэмтэн Ж.Хасболд) байгуулагдаж зарим хэрэгцээт биобэлдмэл гаргахад генийн ба эсийн инженерчлэлийн арга зүй ашиглах чиглэлээр хамтран ажиллаж байсан. Улмаар 1990 онд тус 2 лаборатори нэгдэж Молекул биологийн лаборатори байгуулагдсан ба лабораторийн эрхлэгчээр дэд эрдэмтэн Ц.Оюунсүрэн томилогдож, эдүгээ хүртэл ажиллаж байна.

Лабораторийн түүхэн зургуудаас…

Ж.Хасболд, Б.Дашням, Ц.Болормаа, 1990 он

Б.Арьяа, Ц.Оюунсүрэн, 1987 он



Молекул генетикийн лабораторийн хамт олон, 1988 он

Г.Жаргалсайхан, Ц.Болормаа, Ц.Оюунсүрэн, Ц.Өлзийбаатар, Т.Гэрэлсайхан, Б.Дашням


Монголын ШУА ба Японы Каназава Их сургуультай Молекул биологийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж буй нь, 2015 он


Молекул биологийн лабораторийн хамт олон. АНУ-ын Эрүүл Мэндийн хүрээлэнд ажиллаж буй доктор Б.Аръяагийн лекцийн дараа, 2018 он

Үйл ажиллагаа

Тус лаборатори нь үйл ажиллагааныхаа хүрээнд анх 1983 онд байгуулдсанаас хойш нийт дотоодод 123, гадаадад 175 хичнээн тооны ном, товхимол, нэгэн сэдэвт бүтээл хэвлүүлжээ.



Судалгааны гол үр дүнгүүд

  • Тус лаборатори нь сүүлийн жилүүдэд TP53, CTNNB1, AXIN, JAK1, KRAS зэрэг генүүдийн мутацийг хүний эдийн дээжинд илрүүлж эдгээр мутаци нь элэгний хорт хавдрын үед эсэд өндөр давтамжтай илэрдэг болохыг тогтоосон.
  • Элэгний хавдрын маркер уургийн өөрчлөлтөд тулгуурлан элэгний хавдрыг эрт илрүүлэх оношлуурын цомог болон шинэ төрлийн коронавирус SARS-CoV-2-ийн халдварыг илрүүлэх оношлуурын цомог гарган авсан.
  • Элэгний хавдрын in vitro шугаман эсүүдэд Эмийн багваахай (Taraxacum mongolicum), Шарилж (Artemisia xerophytica Krasch, A.lavandulaefolia), Байгал гүүн хөх (Scutellaria baicalensis), Их шүүдэргэнэ (Chelidonium majus L) зэрэг 12 зүйл ургамлаас гаралтай ханд, бодис, бэлдмэлийг үйлчилж хавдрын үед ихээр идэвхждэг зарим маркер генүүд (ZFYVE1, GPC3, SH3BGR, GPR175, h-Ras, Fak, Bcl-2) болон хавдар дарангуйлагч генүүдийн (TNF-α, TP53, CASP) экспресст хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа хийж тэдгээрийн өөрчлөлтийг тодорхойлсон.
  • HBV, HCV-ийн халдварыг илрүүлэх молекул генетикийн орчин үеийн арга болох ПГУ (Полимеразын гинжин урвал) ашиглан оношлох арга зүйг боловсруулан шинжилгээ, судлагаанд нэвтрүүлэн 2000 гаруй хүнд дээрх вирусуудын геном, идэвхжлийг илрүүлснээс гадна ПГУ аргыг ашиглах 2 патентийн эрх авсан.
  • Элэгний хавдар үүсэхэд хепатитийн дан болон давхар халдвар ихээхэн нөлөөтэй (92%) болохыг илрүүлсэн нь манай хүн амын дунд ихсэж буй элэгний хавдрын шалтгааныг тогтооход ихээхэн ач холбогдолтой болсон.
  • HCV-ийн 1b, HBV-ийн D, HDV-ийн 1 генотип буюу генетик тогтоц манай хүн амын дунд зонхилон тархсаныг тодорхойлсон.

· Xэрэгцээт биобүтээгдэхүүн гарган авах, сайжруулах, хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр “Шинэ төрлийн коронавирус SARS-CoV-2-ийн халдварыг илрүүлэх фермент холбоот эсрэгбиеийн урвалын (ЭЛИЗА) оношлуурын цомог боловсруулах” инновацийн төсөлт ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус ажлын хүрээнд  бид халдварын улмаас шинэ төрлийн коронавирусийн эсрэг эсрэгбие үүссэн эсэхийг тодорхойлох оношлуурыг амжилттай гарган авч 2000 гаруй дээжид  уг вирусийн эсрэгбие илрүүлэх шинжилгээг хийж гүйцэтгэв.

Цуглуулгын сан

Молекул Биологийн лабораторийн эсийн санд нийт 30 төрлийн эсийн шугам хадгалагдаж байна.

Элэгний-HepG2 болон PCC; бүдүүн гэдэсний DLD1 ба SW480, хөхний булчирхайн HCC1937, цусны HL60, THP1, NALM6 ба U937, холбогч эдийн HT1080, түрүү булчирхайн PC3, нойр булчирхайн Panc 10.05 зэрэг хүний хавдрын эсийн шугамууд болон хөхний булчирхайн MCF 10A ба hTERT-iMEC (HME1), арьсны BJ5ta, үр хөврөлийн бөөрний фибробласт 293T, нойр булчирхайн hTERT HPNE, уушгиний MRC5 зэрэг хүний хавдарын бус эсийн шугамуудад, мөн хулганы гаралтай хөврөлийн фибробластын ба ходоодны хавдрын анхдагч эсүүд, эндотел эсийн END-D, цусны хавдрын WEHI231 ба RAW 264.7 болон хөврөлийн фибробластын NIH/3T3 шугамууд бий. Түүнээс гадна тус лабораторид нохой, сармагчин, үхэр зусагны эсийн шугамууд MDCK, COS7 ба KA13 (CHO-K1) тус тус хадгалагдаж байна.


Хэрэгжиж буй төслүүд

· 2017-2019 “Монгол хүнд элэгний хавдар үүсэхэд зарим генийн үзүүлэх нөлөө” (ШУТ-ийн төсөл)

· 2019-2021 “Шинэ төрлийн коронавирус SARS-CoV-2-ын халдварыг илрүүлэх фермент холбоот эсрэгбиеийн урвалын (ЭЛИЗА) оношлуурын цомог боловсруулах” (Инновацийн төсөл)

· 2021-2023 “Элэгний хавдар үүсэхэд нөлөөлөх зарим генийн экспрессийн судалгаа” (ШУТ-ийн төсөл)

Гадаад харилцаа

Одоогоор тус лабораторийн 8 залуу судлаачид Япон, Герман, Солонгос зэрэг оронд магистр, докторын хөтөлбөрт суралцаж байна.

Гадаад хамтын ажиллагаа 

  1. Япон улсын Каназавагийн Их Сургуулийн Хавдар Судлалын Хүрээлэнд мэргэжил дээшлүүлэх, мэргэжилтэн бэлтгэх зорилгоор молекул биологийн лабораториос нийт 10 гаруй судлаачид докторын хөтөлбөрт хамрагдсан.
  2. Япон улсын Дэлхийн Эрүүл Мэнд ба Анагаах Ухааны Үндэсний төв
  3. ӨМӨЗО-ы Тариалангийн их сургуультай хамтран Адууны генетикийн судалгаа, мөн амьтны үр хөврөлийн молекул биологийн судалгааг амжилттай гүйцэтгэн хэд хэдэн өгүүллийг хэвлүүлэв.

Дотоод хамтын ажиллагаа 

· Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн мэс заслын тасагтай хамтран “Монгол хүнд элэгний хавдар үүсэхэд зарим генийн үзүүлэх нөлөө”, “Элэгний хавдар үүсэхэд нөлөөлөх зарим генийн экспрессийн судалгаа” төслийг хамтран гүйцэтгэж байна.

  1. Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран “Шинэ төрлийн коронавирус SARS-CoV-2-ын халдварыг илрүүлэх фермент холбоот эсрэгбиеийн урвалын (ЭЛИЗА) оношлуурын цомог боловсруулах” төслийг амжилттай гүйцэтгэсэн.
  2. ШУА-ийн  хамтран Феррит соронзон нанопартиклийн хавдрын эсэд үзүүлэх цитотоксик идэвхийн судалгааг амжилттай гүйцэтгэсэн.
  3. ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран эртний ДНХ-ийн судалгааг хийж гүйцэтгэж байна.

Тус лабораторийн хамт олон эрдэм шинжилгээний судалгаа, туршилтын ажил хийхийн зэрэгцээ их дээд сургуулиудтай хамтран ажиллаж МУИС, ШУТИС, Улаанбаатар их сургууль, АШУҮИС, ШМТК, ХААИС-ийн оюутнуудын бакалавр, магистр, докторын дипломын ажлыг удирдан чиглүүлж ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна. Олон оюутнууд манай лабораторийг түшиглэн судалгаа шинжилгээний ажлын гараагаа эхэлж, эрдмийн зэрэг цолоо амжилттай хамгаалсан. Мөн  бид МУИС, АШУҮИС болон Улаанбаатар их сургуульд анхны Молекул биологийн хичээлийг зааж, сургалтын хөтөлбөр боловсруулсан. Нийт тоогоор манай лабораторийн эрдэмтэн судлаачид 2 дэд докторын, 20 гаруй магистрын, 30 орчим бакалаврын дипломын ажил удирдан хамгаалуулсан.