Гидробиологи, загас судлалын лаборатори
Тус лаборатори нь монгол орны нуур усны амьтан ургамлын зүйлийн бүрдэл, тархац, биологи, экологийн судалгаа хийж, тэдгээрийг хамгаалах, зохистой ашиглах шинжлэх ухааны үндэслэл боловсруулж, улмаар төр засгийн усны чиглэлийн бодлогод тусгахаар зорьж ажилладаг.
Бидний хамт олон Монгол орны гадаргын усны экосистемийн амин чухал бүрэлдэхүүн хэсэг болох усны амьтан ургамлын зүйлүүдийн биологи, экологийн олон талт судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэдэг.
Одоогийн байдлаар тус лаборатори нь 1 доктор, 1 докторант, 3 магистр гэсэн нийт 5 судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
ЭШАА, Доктор, (Ph.D) Ч.Аюушсүрэн – Лабораторийн эрхлэгч
ЭШДА, Докторант, Г.Мягмар
ЭШДА, Магистр, ЭШДА, Г. Ганбилэг
ЭШДА , Магистр, Л. Нарангэрэл
ЭШДА, Магистр, ЭШTуА, Д. Мөнхбаатар
Судалгааны чиглэл
Тус лаборатори нь Монгол орны усны амьтан, ургамлын нөөц, тархац, ангилал зүй гэх мэт экологи, биологийн өргөн хүрээний судалгааг хийж гүйцэтгэдэг. Мөн уур амьсгалын өөрчлөлт болон хүний нөлөөлөлд өртөж буй гол, нуур, булаг шандын биоценозын судалгаа, тэдгээрийг хамгаалах, зүй зохистой ашиглах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад чиглэн ажиллаж байна. Лабораторийн хамт олон сүүлийн жилүүдэд Улаагчны Хар, Найман нуурын цагаан зарам загас болон усны амьтад, Өгий, Буйр, Дархадын хотгорын Доод цагаан, Хармай, Тарган нууруудын загас, усны хөвөгч болон ёроолын амьтдын популяцийн экологи, экосистемийн холбогдол, онол практикийн ач холбогдлын судалгааг өргөжүүлэн хийсээр байна. Мөн усны биологийн төрөл зүйлийг олон нийтэд таниулах сурталчлах ажлын хүрээнд Монгол орны 79 зүйл загаснаас 50 гаруй зүйл загасны амьдрах орчны бичлэг хийж, зургийг тусгай мэргэжлийн зурагчидтай хамтран авч, нэг эстэн, хавч, хорхой, зөөлөн биетэн, усны шавжийн гэрэл зургийг авах ажлыг үргэлжлүүлэн хийж байна.
Түүхэн замнал
Гидробиологийн лаборатори нь 1962 онд Монгол улсын Байгалийн ухааны хүрээлэн Биологийн тасгаас салбарлан үүсгэн байгуулагджээ. Тус лабораторид анхны үеэс нь эхлэн академич А.Дулмаа, нуурын анхдагч бүтээгдэхүүн судлаач, доктор Ц. Цэрэвсамбуу, загасны паразит судлаач, доктор, Л. Пэрэнлэйжамц, загас судлаач доктор, Г. Баасанжав, Ц. Цэнд-Аюуш, хөвөгч амьтан судлаач Б. Нансалмаа, замаг судлаач Ц.Туяа, ёроолын шавж судлаач Э.Энхцэцэг нарын нэрт эрдэмтэн судлаачид олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан. Тухайлбал эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт бүтээл, ном, товхимол 40 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл 600 гаруй, мөн олон зуун хялбаршуулсан өгүүлэл бичиж нийтлүүлсэн нь ард олны мэдлэгийн санг арвижуулж, төр засгийн бодлогын онолын үндэс үйл ажиллагааны суурь болсоор байгаа билээ. Гидробиологийн лаборатори 1962 онд байгуулагдсан цагаас эхлэн 2015 он хүртэл шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн жинхэнэ гишүүн, улсын профессор, академич Аюурын Дулмаа удирдаж байв. 2015 оноос өдийг хүртэл доктор (Ph.D.) Чананбаатарын Аюушсүрэн удирдан ажиллаж байна.
Үйл ажиллагаа
Монгол орны усан орчны амьтан, ургамлын биологи, экологи, тархалт, нөөц, байгаль цаг уур, хүний нөлөөгөөр хувьсаж буй нуур, голын биоценозын өөрчлөгдөлийг илрүүлэх, тэдгээрийг хамгаалах, зөв зохистой ашиглах боломж, шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад оршино.
Судалгааны гол үр дүнгүүд
Тус лабораторийн хамт олны гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын голлох үр дүнгүүдээс дурдвал:
- Монгол орны ус нуурын амьтан, ургамлын аймгийн зүйлийн бүрэлдэхүүнийг тогтоож, 1 зүйл амар мөрний могор, 78 зүйл ба салбар зүйл загас, 300 гаруй зүйл планктон амьтан, 400 орчим планктон замаг, 800 гаруй зүйл ёроолын амьтныг бүртгэжээ.
- Зүйлийн бүрэлдэхүүний судалгааны үр дүнд Монгол орны ус нуураас Монгол оронд урьд өмнө шинжлэх ухаанд мэдэгдээгүй байсан 60 орчим зүйл шинээр олдоод байна.
- Усны дээд ургамлын судалгаагаар усны ургамлын газар зүйн мужлалын үндсэн 3 ай сав газрын 100 орчим ус, нуураас 30 овог, 50 төрөл, 143 зүйл гуурст ургамлыг тодорхойлж бүртгэлээ.
- Монгол орны 40 орчим гол мөрөн, нууруудын загасны паразитыг судалснаар 200 гаруй зүйл паразитыг бүртгэсний дотор тэн хагас нь шинжлэх ухаанд цоо шинэ зүйл, салбар зүйл байсныг илрүүлэн загасны паразитын тархалт, агнуурын загасны паразит түүний халдваржих эрчим, орчин зүйн холбоог судлан тогтоожээ.
- Нуурын экосистем дахь шат дараалсан бодисын солилцоогоор 1м2 талбайд 1,4 - 3,0 ккал эрчим хүч бүхий анхдагч бүтээгдэхүүн үүсэж байгааг тогтоов. Энэхүү энергийн нөөцийг загасны махан бүтээгдэхүүнд хувирган ашиглах боломжтой юм. Загасыг өсгөн үржүүлэхэд хамгийн тохиромжтой байгалийн загасгүй, цөөрөм маягийн гадагш урсгалгүй нуурыг судлан илрүүлж шинэ загас үржүүлж загасны тоо толгойг өсгөх хурдцыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоосон болно. Энэ ажлын хүрээнд Монгол орны том жижиг 25 нуурт цагаан зарам загасны агнуурын нөөц бүхий, үржлийн эх сүрэг бий болгов.
- Мөн сүүлийн жилүүдэд Монгол орны зарим нууруудын гүнийг “Lowrance Elite TI12” багажаар зураглаж дэлхийн нуур, усан сангуудын мэдээлэл бүхий “C-Map Genesis” санд оруулав.
Цуглуулгын сан
1950 –иад оноос өнөөг хүртэл Хойт мөсөн далайн ай савын нуур, голын дархадын цагаан, тул, зэвэг, хадран, улаан нүдэн, гутаарь, бух сугас, ердийн цурхай, шаргал үхэрдэй зэрэг 31 зүйл, Номхон далайн ай савын 48 зүйл, Төв Азийн гадагш урсгалгүй ай саваас 2 зүйл хадран, 3 зүйл сугас, 3 зүйл чимхлүүр загас, 2 зүйл могой эрээлж, нэг зүйлийн нүцгэн жараа зэрэг 11 зүйл загасны нийт 1365 дээж материалыг цуглуулжээ. Төв Азийн гадагш урсгалгүй ай савын нуур, голын эндемик амьтан, ургамлын цуглуулга, дээж материал нь Монгол орны төдийгүй дэлхийд давтагдашгүй ховор зүйлүүд юм. Монгол орны томоохон нуур, голоос хөвөгч амьтны 1817, ёроолын амьтны 1030 дээж, усны гуурст дээд ургамлын 300 гаруй хадаатас материал цуглуулан тус хүрээлэнгийн гидробиологи загас судлалын лабораторийн цуглуулгын сан хөмрөгт хадгалж байна. Цуглуулгын санд Монгол орны улаан номонд орсон тул, омоль, үхэрдэй, зантаахай, могор, хар мөрний болон голын хавч, зөөлөн биетнээс дагуурын сувдан хясаа, сэлэнгийн танан хясаа зэрэг ховор үзмэрүүд байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан нуур ус, гол ширгэх явц ихэссэн өнөө үед тус санд буй говийн ширгэсэн нууруудын хөвөгч болон ёроолын амьтдын цуглуулгууд шинжлэх ухааны үнэ цэнэтэй эх хэрэглэхүүн болж байна.
Хэрэгжиж буй төслүүд
1. 2009 – 2010 “Ганга нуурын гидробиологийн судалгаа” (2009 - 2010).
2. “Хөвсгөл нуур-Эгийн гол-Байгал нуурын гидробиологи, гидрохимийн судалгаа” Японы Куотогийн Их Сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Нуур судлалын хүрээлэнтэй хамтрсан төсөл (2009-2010).
3. “Их нууруудын хотгорын нууруудын ургамлын судалгаа” (2016)
4. “Дорнод аймгийн Хөх нуурын биологийн төрөл зүйл, шаймий хавчийн судалгаа” (2017)
5. “Монгол орны зарим нуурын шаймий хавчийн нөөц, ашиглах, хамгаалах үндэслэл боловсруулах” ажил (2018-2019). Удирдагч: доктор Ч. Аюушсүрэн
6. “Монгол орны зарим томоохон нууруудын анхдагч бүтээгдэхүүний судалгаа” (2019-2021). Удирдагч: доктор Ч. Аюушсүрэн
7. “Монгол орны Дархадын цагаан загасны (Coregonus pidschian): эволюцын хөгжил, биологийн онцлог болон өнөөгийн байдлын цогц судалгаа” Орос Монголын хамтарсан төсөл (2020-2023). Удирдагч: доктор Ч. Аюушсүрэн
Гадаад харилцаа
Монгол – Орос, Монгол – Герман, Монгол – Чех, Монгол – Америк, Монгол – Унгарын иж бүрэн экспедицийн хүрээнд усны биологийн төрөл зүйл, биобүтээмжийн судалгааг гүйцэтгэж ирлээ. Харин сүүлийн жилүүдэд лабораторийн хамт олон Швед, Япон, ОХУ, БНХАУ, Чех зэрэг орны эрдэмтэн судлаачид, олон улсын байгаль хамгаалах чиглэлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, нэн ховор тул, дархадын цагаан загас болон хязгаарлагдмал тархалттай усны ховор хавчуудын популяцийн экологи, экосистемийн холбогдол, онол практикийн ач холбогдлын судалгааг өргөжүүлэн тэдгээрийн нүүдэл шилжилт хөдөлгөөн, амьдрах орчны ашиглалтын судалгааг хийж байна.
Мөн Ховдын Их сургууль, ХААИС, МАЭЭШХ, МУИС, “Байгаль хамгаалах Монголын тул сан” ТББ гэх мэт дотоодын их сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран Монгол орны усны амьтан ургамлын биологи, экологийн олон талт судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна.