Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв
Тус төвийн зорилго нь Улаагчны Хар нуурын гидробиологийн судалгааг хийж, усны амьтны биологи, оршин амьдрах экологийн нөхцөл, тэдгээрийн улирлын хөдлөл зүй, биоценозыг нарийвчлан тогтоох юм. Мөн Монгол орны нуур, голуудын биологийн олон янз байдал, төрөл зүйлийн амьдрах орчны олон янз байдал, усны амьтдын идэш тэжээлийн холбоо болон загасны нөөцийн судалгаанд үндэслэн тэдгээрийг зөв зохистой байдлаар ашиглах, хамгаалахад оршдог.
Одоогийн байдлаар тус төв нь академич 1, туслах ажилтан 3 гэсэн нийт 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Үүнд:
Академич А. Дулмаа
Туслах ажилтан А. Батсайхан
Туслах ажилтан Б. Мандхай
Хамт олны зурагаас
Судалгааны чиглэл
Тус төв нь судалгаа, шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Зарим судалгаанаас дурьдвал:
· Улаагчны Хар нуурын суурин судалгааны баазад өндөр ашиг шимтэй, өсөлт сайтай загас үржүүлэх, нөөцийг нь зохистой ашиглах мониторингийг үргэлжлүүлэх нуурын эргээр ойн зурвас байгуулж орчинзүйг элсний нүүдэл, цөлжилтөөс хамгаалах шинжлэх ухааны туршилтыг эрчимжүүлэх
· Олон голын бэлчир, Дархадын хотгорын Доод-Цагаан нуурын сав газарт байгуулагдсан загас үржүүлгийн лабораторийг түшиглэн зүй бус агнуурт ихээр өртөгдөн нэн нөөц нь ховордсон нутгийн уугуул загас - дархадын цагаан, шинээр үржүүлсэн пельд болон Байгал нуурын омоль, тул зэрэг загасны нөхөн үржүүлэг хийж нөөцийг сэргээх, бусад усан сангуудаар нутагшуулан үржүүлэх
чиглэлээр ажиллан Улаагчны Хар нуурын суурин судалгааны баазад өндөр ашиг шимтэй, өсөлт сайтай загас үржүүлэх, нөөцийг нь зохистой ашиглах мониторингийн судалгааг жил бүр гүйцэтгэж, өсгөн хамгаалах ажлыг тасралтгүй явуулсаны үр дүнд Пельд загасны үржлийн эх сүрэг бэхжин батжиж цаашид бусад нуур, цөөрөмд нутагшуулан үржүүлэх боломж бүрдэж байна.
Улаагчны хар нуурын загас үржүүлэг, эрдэм шинжилгээны төвийн зарим хэрэгжүүлэж буй ажлуудын тойм зураг.
Түүхэн замнал
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны Хар нуурт 2006 онд ШУА-ийн тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр Загасны үрийн сан, загас үржүүлгийн лаборатори тогтмол мониторинг ажиллагаагаа эхэлсэн. 2009 оны 9 сарын 4-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 270-р тогтоолоор энэхүү лаборатори нь ШУА-ийн харъяа “Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний Төв” болж өргөтгөн байгуулагдсан юм. 2015 оны 3-р сарын 2-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 78 –р тогтоолоор Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийг тус хүрээлэнгийн Завхан аймаг дахь салбараар ажиллуулах шийдвэр гарсан учир 2015 оны 4-р сараас ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн харьяа Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв болсон. Төвийг байгуулагдсан цагаас өдийг хүртэл шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, ШУА-ийн жинхэнэ гишүүн, улсын профессор, академич, Аюурын Дулмаа удирдан ажиллаж байна.
Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний Төвийн барилгын ажлын шав тавив.
Зүүн гараас Б. Алтанцэцэг, Г. Сүрэнжав, Ц. Мөнхтөр, Б. Сүхээ, А. Дулмаа, Н. Цэдэндамба, Ч. Эрдэнэбат, Х. Энхтөр (2008.07.04).
ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Н. Алтансүх
Загас үржүүлгийн Төвийн үйл ажиллагаатай танилцав.
Зүүн гараас Ц. Дэмидсэрээтэр, А. Дулмаа, Н. Алтансүх, Х. Энхтөр (2008.11.23-25).
Судалгааны гол үр дүнгүүд
Баруун Монголын нэгэн аймагт Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний Төв байгуулагдсан нь өнгөрсөн 50 жилд биологийн хүрээлэнгийн нэгэн том амжилт юм. Загасгүй байсан Улаагчны хар нуурт тэжээлийн шинэ холбоо буй болж усны чөлөөт тэжээл байсан элдэв хавч, хорхой, шавжийн авгалдай, зөөлөн биетэн зэрэг амьтдыг махан бүтээгдэхүүнд хувиргаж Монгол орны загасны аймгийн төрөл зүйлийг шинэ эх сүргээр баяжуулан байгалийн уурагт баялаг, хүнсний шинэ бүтээгдэхүүн бий болов. Энэ ажлын хүрээнд гарсан зарим үр дүнгүүдээс дурдвал:
- Улаагчны хар нуурын загасны нөөцийг түшэглэн “Пельд” (Улсын бүртгэлийн дугаар 901152004) гарааны компани байгуулагдан ажиллаж байна
- Улаагчны Хар нуурт загас үржүүлж судлахаас гадна Улаагчны Хар нуурын Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв орчмыг цэцэрлэгжүүлэх ажлын хүрээнд 2008 оноос эхлэн чимэглэлийн цэцэг, улиас, улиангар, хайлаас, үхрийн нүд, чацаргана, шар хуйс, гүйлс, бүйлэс, агч, лидэр, монгол хунчир, чихэр өвс, хар суль, царгас, согоовор, өлөн, монос, удан бор, янз бүрийн бургас, хус зэрэг 20 гаруй төрлийн 2500 гаруй суулгац, мод болон өвслөг ургамлыг мөчир, суулгац, үрээр тариалсан нь нуурын эрэг орчмын элсний нүүлт, цөлжилтийг сааруулахад хувь нэмрээ өгч байна. Цаашид ногоон хөгжлийн хөтөлбөрийн дагуу жимс, жимсгэний мод тарималжуулах, ойн төгөл байгуулах аргаар элсний нүүдлийг сааруулах, залуу ажилтан, оюутан нарыг практик – үйлдвэрлэлд сургах, эрдэм шинжилгээ – үйлдвэрлэл – бизнесийн холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болох юм.
- Сүүлийн жилүүдэд Улаагчны Хар нуурын гидробиологийн мониторингийн судалгааг хийж, усны амьтдын биологи, оршин амьдрах экологийн нөхцөл, тэдгээрийн улирлын хөдлөлзүй, биоценозыг нарийвчлан тогтоов. Энэхүү судалгаагаар 9 зүйлийн хүрд хорхой, 4 зүйл салаа сахалт хавч, 4 зүйлийн сэлүүр хөлт хавчийг шинээр олсноор Улаагчны Хар нуурт нийт 4 анги, 9 баг, 19 овог, 34 төрөлд хамрагдах 59 зүйлийн хөвөгч амьтад бүртгэгдэв. Эдгээрээс хүрд хорхой (Rotatoria) 34 зүйл, салаа сахалт хавч (Cladocera) 14, сэлүүр хөлт хавч (Copepoda) 11 зүйл байна. Монгол орны хөвөгч ховор амьтнаас -Pleuroxus annandalei, Eucyclops dumonti, Eucyclops arcanus, Polyarthra luminosa, Synchaeta stylata, Synchaeta oblonga зэрэг салаа сахалт хавч, сэлүүр хөлт хавч болон хүрд хорхой шинээр олдов.
- Улаагчны Хар нуурын ёроолын амьтны судалгаагаар 5 ангийн, 8 баг, 12 овгийн 44 зүйл бүртгэв. Энд хялгасан хорхой 2 зүйл (Naisbarbata, Limnodrilus profundicola), хануур хорхой 5 зүйл (Erpobdella nigricolis, E. octoculata, Glossiphonia complanata, G. heteroclita, Helobdella stagnalis), зөөлөн биетэн 3 зүйл (Lymnaea ovata, Gyraulus gredleri borealis, Euglesa casertana), шаймий хавч (Gammarus lacustris), хоовгон 4 зүйл (Agrypnia crassicornis, Limnephilus major Philarctus rhomboidalis, Oecetis ochracea), хирономид 28 зүйл байна. Ёроолын амьтдаас хирономид ялааны авгалдай нь хамгийн олон зүйлтэй, нуурын янз бүрийн орчинд тархаж амьдарч байна. Нуурын ёроолын 13-33 м гүнд саарал шаварлаг хурдсанд ховор тархацтай 2 зүйлийн авгалдай (Chironomus nirgocaudatus, Lauterbornia coracina) амьдарч байна.
- Загасны авгалдай болон өсвөр загасны тэжээлд хэрэгцээтэй хөвөгч замаг (фитопланктон), нуурын ёроолын хөвд, хара замгаар баялаг юм. Улаагчны Хар нуурт 16 овог, 18 төрөл, 28 зүйлийн усны ургамал нуурын эргийн гүехэн хэсгээс нуурын гүний 20 м хүртэл тархан ургадаг болохыг тогтоов.
- Энэхүү нууранд тархалт, зүйлийн олон янз байдлаараа усан хөршийн төрөл тэргүүлдэг бөгөөд 8 зүйл усан хөрш байна. Нуурын эргийн гүехэн устай хэсгээр бага усан хөрш (Potamogeton pusilus), утсан усан хөрш (Potamogeton filiformis), мөлхөө холтсонцэцэг (Ranunculus reptans), дунлиг сиймбий (Batrachium circinatum) тархан ургана.
Хэрэгжиж буй төслүүд
· “Загас үржүүлэх, нөхөн сэргээх, нуурын орчинзүйг цөлжилтөөс хамгаалах ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэх” суурь судалгааны сэдэвт ажил (2014-2016). Удирдагч: Академич А.Дулмаа
· “Загас үржүүлэх, загасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулах, загасны нөхөн үржлийн орчныг цөлжилтөөс хамгаалах, Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх” сэдэвт инновацийн төсөл (2015-2018). Удирдагч: Академич А.Дулмаа
· “Нуурын орчинзүйг цөлжилтөөс хамгаалах, ногоон төгөлийг өргөжүүлэх” грант төсөл (2021-2022). Удирдагч: Академич А.Дулмаа
Гадаад харилцаа
Монгол – Орос, Монгол – Герман, Монгол – Чехословак, Монгол – Америкийн иж бүрэн экспедицийн хүрээнд усны биологийн төрөл зүйл, биобүтээмжийн судалгааг гүйцэтгэж ирлээ.
“Байгаль хамгаалах Монголын тул сан” ТББ-тай хамтран Хөвсгөл аймгийн нутагт орших Олон голын бэлчир, Дархадын хотгорын Доод Цагаан нуур тус бүрийг түшэглэн загас үржүүлгийн лаборатори байгуулав.