Хөхтний экологийн лаборатори
Хөхтний экологийн лабораторийн эрдмийн хамт олон Монгол орны экосистемийн төлөөлөл, түлхүүр болон ховор зүйл хөхтөн амьтдын биологи, экологи, экосистемд гүйцэтгэж буй үүрэг, популяцийн тархац, динамикийг тодорхойлох, тогтвортой үржих, амьдрах орчныг сайжруулах, хамгаалах чиглэлийн судалгааны ажлыг хийж, ховор, нэн ховор болон байгалийн тэнцвэрт ач холбогдолтой хөхтний нөөцийг хамгаалах, зохистой ашиглах шинжлэх ухааны арга, технологи, үндэслэл, санал зөвлөмжийг боловсруулж төр засгийн бодлогод тусган хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн уламжлалтай.
Одоо тус лабораторид 13 эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж буйгаас шинжлэх ухааны доктор (ScD) 1, доктор 1, 9 докторант болон 2 магистрант судалгааны ажил хийж байна.
ЭШАА, доктор (Ph.D) Г.Сүхчулуун- Лабораторийн эрхлэгч
ЭШТА, Доктор (Sc.D), профессор Я.Адъяа- амьтны физиологич,
ЭШДэА, докторант Г. Наранбаатар - амьтан судлаач,
ЭШДэА, докторант С.Батдорж- амьтан судлаач,
ЭШДэА, докторант Э.Ундрахбаяр- амьтан судлаач,
ЭШДэА, докторант Г.Гантулга- амьтан судлаач
ЭШДэА, докторант Н.Баттогтох- амьтан судлаач,
ЭШДэА, докторант Д.Дэлгэрчимэг –амьтан судлаач,
ЭШДэА, докторант Э.Энхмаа –биохимич, экологич,
ЭШДэА, докторант Л.Анхбаяр- амьтан судлаач,
ЭШДаА, магистрант, Ю.Алтанбагана- газарзүйч,
ЭШДаА, докторант, М.Баяраа – амьтан судлаач,
ЭШДаА, магистрант Б.Улам-Өрнөх- биологич,
Хөхтний экологийн лабораторийн хамт олон (2022 он)
Судалгааны чиглэл
Монгол улс дахь анхны хөхтөн судлалын лаборатори болон байгуулагдсанаас хойш хөхтөн амьтдын судалгаа шинжилгээ болон тэдгээрийн хамгааллын асуудлыг алсын хараагаа болгон ажиллаж ирсэн.
Тус лаборатори нь Монгол орны экосистемийн төлөөлөл, түлхүүр болон ховор зүйл хөхтөн амьтдын биологи, экологи, экосистемд гүйцэтгэж буй үүрэг, популяцийн тархац, динамикийг тодорхойлох, тогтвортой үржих, амьдрах орчныг сайжруулах, хамгаалах чиглэлийн судалгааны ажлыг хийж, ховор, нэн ховор болон байгалийн тэнцвэрт ач холбогдолтой хөхтний нөөцийг хамгаалах, зохистой ашиглах шинжлэх ухааны арга, технологи, үндэслэл, санал зөвлөмжийг боловсруулж төр засгийн бодлогод тусган хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Судалгааны ажлын шинжлэх ухааны түвшинг улам дээшлүүлэх, лабораторийн багаж хэрэгсэл болон хөхтний цуглуулгын санг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, гадаадын эрдэмтэд, судалгааны болон байгаль хамгааллын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөтгөх, үндэсний хөхтөн судлаачдыг гадаад, дотоодод олноор бэлтгэх, чадавхжуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр зорьж байна.
Түүхэн замнал
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1973 оны 5-р сарын 18-ны өдрийн 175-р тогтоол, ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 1975 оны 74-р тогтоолын дагуу Биологийн хүрээлэнгийн Амьтан судлалын тасгаас салбарлан анх "Эко-физиологийн лаборатори”-ийг 1976 оны V сард хөхтөн судлаач 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, Сандуйн Дуламцэрэн анхны лабораторийн эрхлэгчээр ажиллаж байв. Тус лаборатори анх байгуулагдсан үеэс нь эхлэн академич О.Шагдарсүрэн, академич Ц.Тойвгоо, доктор С.Дуламцэрэн, шинжлэх ухааны доктор Я.Адъяа, доктор (PhD) Д.Авирмэд, Н.Хотолхүү, Д.Цэнджав, Б.Лхагвасүрэн, Л.Амгалан, Б.Мөнхцог нарын нэрт эрдэмтэн судлаачид олон жил үр бүтээлтэй ажиллажээ.
Байгуулагдсанаас хойш С.Дуламцэрэн (1976-2007), О.Шагдарсүрэн (1976-1982), Ц.Тойвгоо (1976-1990), Д.Цэнджав (1976-2007), Д.Авирмэд (1976-1985), Н.Хотолхүү (1976-1982), Ц.Цэнгэл (1976-1985), Н.Даваадорж (1976-1980), Г.Цэрэндолгор (1976-1977), Ж.Мажуу (1976-1986), Г.Дашзэвэг (1976-2002), С.Цагаан (1977-1992), Д.Баяраа (1978), М.Мөнхсайхан (1979-1991), Г.Болд (1979-1990), А.Тракановский (1980-1991), Ч.Бүдсүрэн (1981-2000), Ц.Аюуш (1982-1984), Г.Батбаатар (1985-1987), Г.Амарсанаа (1984-1997), Ц.Одбаяр (1987-1994), Т.Алтансувд (1988-1990), Баянжаргал (1990-1993), Р.Тулгат (1991-2002), З.Намшир (1999-2002), Д.Энхбилэг (1999-2016), А.Болд (1987-1998), Ш.Болдбаатар (1995-1998), Н.Цэвээнмядаг (1987-1998), Д.Батдэлгэр (1987-1993), С.Амгаланбаатар (2000-2009), Яд.Адъяа (2002-2014), Ё.Онон (2000-2004), Б.Чимэддорж (2003-2007), Б.Бүүвэйбаатар (2004-2009), С.Дэлгэрмаа (2003-2004), Ж.Ариунболд (2000-2002), С.Цэндсүрэн (2014-2015), Б.Отгонбаяр (2016-2017), Л.Амгалан (1981-2017), Г.Цогтжаргал (2008-2017), Ц.Мөнхзул (2003-2019), Б.Лхагвасүрэн (1981-2019), Б.Мөнхцог (2000-2022) нар ажиллаж байжээ.
Тус лабораторид ажиллаж байсан болон одоо ажиллаж буй ажилтнууд өнгөрсөн 40 гаруй жилд эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт зохиол, ном, товхимол 40 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл 600 гаруй, олон зуун хялбаршуулсан өгүүлэл бичиж нийтлүүлсэн нь ард олны шинжлэх ухаан танин мэдэхүйн мэдлэгийн санг аривжуулж, их дээд сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажилд ашиглах эх хэрэглэхүүн болж, төр засгийн бодлогын баримт бичиг боловсруулан мөрдөх онолын үндэслэл болох зэрэг олон талын ач холбогдолтой болно.
Үйл ажиллагаа
Хөхтний экологийн лаборатори нь нэн ховор болон агнуурын чухал амьтныг бүс нутаг, тодорхой экосистемд нарийвчлан судлах, хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх үндэс боловсруулах, биоценоз, экологи, популяцийн генетикийн нарийн чиглэлүүдээр судалгааг явуулдаг юм. Судалгааны ажлын шинжлэх ухааны түвшинг улам дээшлүүлэх, лабораторийн багаж хэрэгсэл болон хөхтний цуглуулгын санг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, гадаадын эрдэмтэд, судалгааны болон байгаль хамгааллын байгууллагуудтай хамтын ажиллагааг улам өргөтгөх, үндэсний хөхтөн судлаачдыг гадаад, дотоодод олноор бэлдэх зэрэг ажлуудыг ойрын үед хэрэгжүүлэхээр зорьж байна.
Өнгөрсөн 40 орчим жилд тус лабораторийн хөхтөн судлаачид дангаар болон гадаад, дотоодын эрдэм шинжилгээний байгууллага, судлаачидтай хамтран эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт зохиол, ном, товхимол 450 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл 800 гаруй, олон зуун хялбаршуулсан өгүүлэл бичиж нийтлүүлсэн. Мөн эрдэмтэн судлаачид өнгөрсөн хугацаанд хөхтөн амьтдын өргөн хүрээтэй судалгаа хийж, Монгол орны хөхтөн амьтны эрдэм шинжилгээний цуглуулгын сангийн үндэс суурийг бүрдүүлж, олон мянган үнэт биет цуглуулгатай болсон байна.
Судалгааны гол үр дүнгүүд
БОНХЯ, НҮБХХ, Байгаль орчны шинэчлэл II төслийн захиалгаар 2001, 2003, 2004, 2007, 2010, 2011, 2012 онд үндэсний хэмжээнд хийж гүйцэтгэсэн Монгол орны уулын туруутан, тал хээрийн туруутан, ойн туруутан болон мазаалай баавгай, хавтгай тэмээний популяцийн нөөц, тархац нутгийн үнэлэх, хөхтөн амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх шинжлэх ухааны санал зөвлөмжийг боловсруулан гаргах ажилд оролцон, үр дүн тайланг нэгтгэн тухайн үеийн БОАЖЯ-нд хүлээлгэж өгсөн.
Монгол орны амьтны аймгийн ангилал зүй, экологи, биологийн судалгааны мэдээллийн нэгдсэн санг баяжуулж, тэдгээрийн экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн боловсруулж (2010, 2020), нүүдэлдэг зүйлүүдийн амьдрах орчин, холбоос нутгийг хамгаалахад зориулсан дэд бүтцийн стандартуудыг ( MNS 6515:2015; MNS 6735:2018) батлуулав.
2018-2019 онд БОАЖЯ, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл, ХБНГУ-ын сэргээн босголтын зээлийн KFW Банк хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн Дэд төсөл хэрэгжиж буй зарим ТХГН-ийн биологийн олон янз байдлын судалгаа хийх зөвлөх үйлчилгээний хүрээнд Хустай БЦГ, Тарвагатайн нурууны БЦГаас нийт 10 халиун буга барьж хүзүүвчлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэснээс гадна Хан Хэнтий ДЦГ, Зэд Хантай Бүтээлийн нуруу ДЦГ, Онон Балж БЦГ-т молцог хандгайн тооллого судалгаа, Улаан тайга ДЦГ, Отгонтэнгэр ДЦГ, Тарвагатайн нуруу БЦГ-т янгир ямааны тоо толгой, нөөцийг үнэлэх судалгааг гүйцэтгэсэн.
Цуглуулгын сан
Хөхтний экологийн лабораторийн цуглуулгын санд сүүлийн 50 гаруй жилд үе үеийн гадаад, дотоодын судлаач эрдэмтдийн цуглуулсан 8 багт хамаарах нийт 115 зүйл хөхтөн амьтны 4107 цуглуулга байгаагаас 3249 нь гавлын яс, 868 нь арьс, 1797 чихмэл хэлбэрээр хадгалагдаж байна. Монгол орны өөр музей, цуглуулгын сан хөмрөгт байхгүй улаан чонын арьс, мазаалай баавгайн гавлын яс, нэн ховор зэрэглэлд хамаарах зарим мэрэгчдийн шинжлэх ухаан, танин мэдэхүйн чухал ач холбогдол, үнэ цэнэтэй олон цуглуулга тус лабораторийн сан хөмрөгт хадгалагдаж байна.
Хэрэгжиж буй төслүүд
· “Монгол орны экосистемийн чухал холбогдол бүхий хөхтний био-экологийн судалгаа” суурь судалгааны төсөл (2017-2019), Төслийн гэрээний дугаар: (ШуСс 2017/46), Хөхтний экологийн лаборатори, Удирдагч: Доктор (Ph.D) Г.Сүхчулуун.
· “Дэд төсөл хэрэгжиж байгаа зарим ТХГН-ийн биологийн олон янз байдлын судалгаа хийх зөвлөх үйлчилгээ” (2018-2019), БОАЖЯ, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл, ХБНГУ-ын сэргээн босголтын KFW Банк №06/2018. Хөхтний экологийн лаборатори, Удирдагч: Доктор (Ph.D) Б.Лхагвасүрэн, Я.Адъяа.
· “Зорилтот бүс нутагт тарваганы тархац, нөөц, амьдрах орчин болон экологийн судалгаа” (2019-2020). Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар 40001525/623000. Удирдагч: Доктор (Ph.D) Г.Сүхчулуун.
· “ТХГН-т Биологийн олон янз байдлын судалгааг (халиун бугын популяцид нөөц, тархалтын судалгаа хийх), шалгуур үзүүлэлт тэй уялдуулан хэрэгжүүлэх” (2021) БОАЖЯ, Биологийн олон янз байдлыг хамгаалах, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл, ХБНГУ-ын сэргээн босголтын зээлийн KFW Банк BMZ 201265511. Удирдагч: Доктор (Ph.D) Г.Сүхчулуун.
· ТХГН-т Биологийн олон янз байдлын судалгааг (янгирын популяцид нөөц, тархалтын судалгаа хийх), шалгуур үзүүлэлттэй уялдуулан хэрэгжүүлэх 2021 БОАЖЯ, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл, ХБНГУ-ын сэргээн босголтын зээлийн KFW Банк BMZ 2012/ 65 511. Удирдагч: Доктор (ScD) Я.Адъяа.
· “Архангай аймгийн Бөхөн шарын нуруунд баданга хүдэр /Moschus moschiferus/-т сансрын дохиололт хүзүүвч зүүх зөвлөх үйлчилгээ” (2021-2022), БОАЖЯ, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл. Удирдагч: Доктор (Ph.D) Г.Сүхчулуун, Гүйцэтгэгч: Л.Анхбаяр.
· “Завхан аймгийн Их Уул, Тосонцэнгэл, сумдын нутаг буюу Тарвагатайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар болон Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт сумдын нутаг Бөхөн шарын нуруунд монгол тарвага /Marmot sibirica/ сэргээн нутагшуулах зөвлөх үйлчилгээ” (2021-2022), БОАЖЯ, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл. Удирдагч: Доктор (ScD) Я.Адъяа.
· Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хөдөө гаръя” аяллын хөтөч аппликейшн хөгжүүлэх төсөл” захиалгат төсөл, (2021-2022). Удирдагч: магистр Г.Гантулга.
· ШУА болон Тавантолгой төмөр зам ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд “Богдхан төмөр замын төслийн зэрлэг ан амьтны нүүдэл шилжилт хөдөлгөөн” (гэрээний дугаар: АГГ-01/22/10) судалгааг 2022 онд хэрэгжүүлэв. Удирдагч: Доктор (Ph.D) Г.Сүхчулуун.
· “Нийслэл хот орчмын зэрлэг хөхтний экологи, хамгаалал” сэдэвт, гэрээний дугаар ШУТБИХХЗГ-2022/173 бүхий суурь судалгааны төсөл (2022-2024) хэрэгжиж байна. Удирдагч: Доктор (Ph.D) Г.Сүхчулуун
Гадаад харилцаа
Одоогоор тус лаборатори нь гадаад улсын их сургуулиуд, хүрээлэнгүүд, мөн олон улсын судалгааны хүрээлэнгүүд, төрийн бус байгууллагууд болох Оросын ШУА-ийн Северцовын нэрэмжит экологи, эволюцийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь салбар, WWF-Russia, Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), The Nature Conservancy (TNC), Snow leopard Conservancy, Saiga Conservation Alliance, АНУ-ын Вайомингийн их сургууль, Вермонтийн Их Сургууль, Монтана Их Сургууль, Массачусетс, АНУ-н Смитсонийн хүрээлэн, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг, Итали улсын Хятадын ШУА-ийн Амьтан судлалын хүрээлэн, Амьтан судлалын олон улсын нийгэмлэг (ISZS) зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Манай лабораторийн зарим судлаачид олон улсын конвенциуд болон үндэсний холбоонууд (CITES, CMS, CBD), мөн шинжлэх ухаан болон хамгааллын байгууллагуудад (IUCN/SSC, FFI , ISZS, SCA, LHF) зөвлөх, гишүүдийн үүрэгтэй ажилладаг.
Байгаль орчин аялал жуулчлалын яамны удирдлагын газар, хэлтэсүүд, тэнд хэрэгжиж буй “БОАЖЯ, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”, “Монгол орны унаган байгалийн хүлцэл, тогтворжилтийг хангах нь” төсөл”-үүд, Хустайн байгалийн цогцолбор газар, Говийн их дархан цаазат газар А хэсгийн хамгаалалтын захиргаа болон бусад тусгай хамгаалалтай газрууд, МУИС, МУБИС-ийн Биологийн тэнхимүүдтэй хамтарч ажилладаг.