Үндсэн агуулга руу

Лаборатори

Микробын нийлэгжлийн лаборатори

Mикробын нийлэгжлийн лаборатори нь Монгол орны байгалийн асар их нөөцөөс биологийн идэвхт нэгдэл нийлэгжүүлэгч бичил биетний нутгийн омгийг илрүүлэх, зохистой ашиглах, биобүтээмжийг нэмэгдүүлэх технологийн судалгаа хийж, төрөл бүрийн эмт бодис илрүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, байгаль орчны бохирдлыг бууруулах, хөрсний үржил шимийг сайжруулах, нөхөн сэргээх, биоаюулгүй ногоон эдийн засгийг бий болгох, инновацыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Одоо тус лаборатори нь доктор 4, докторант 1, магистр 6 , магистрант 1 гэсэн нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

ЭШАА, Доктор (Ph.D) Балдоржийн Пагмадулам  - Лабораторийн эрхлэгч

ЭШТА, Доктор (Ph.D) Цэрэннадмидийн Рэнцэнханд

ЭШАА, Доктор (Ph.D) Дашнямын Пунсалдулам

ЭШДэА, Доктор (Ph.D) Доржжүгдэрийн Насанжаргал

ЭШДэА, Докторант, Чадраабалын Зулцэцэг

ЭШДэА, Магистр Мэндбаярын Мэнд-Амар

ЭШДэА, Магистр Оргилын Анумандал

ЭШДэА, Магистр Зоригтбаатарын Гэрэлмаа

ЭШДэА, Магистр Ренчиндоржийн Үржинлхам

ЭШДаА, Магистр Шагдаржавын Эрдэнэчимэг

ЭШДэА, Магистр Хандаагийн Оюухан

ЭШДаА, Магистрант Батсайханы Хишигмаа

Микробын нийлэгжлийн лабораторийн хамт олон (2021 он)

Судалгааны чиглэл

Монгол улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Биологийн хүрээлэнгийн стратеги төлөвлөгөөны дагуу Монгол орны байгалийн нөөцөөс биологийн идэвхт нэгдэл нийлэгжүүлэгч бичил биетний омгийг илрүүлэх, зохистой ашиглах, биобүтээмж нэмэгдүүлэх, технологийн судалгаа хийж төрөл бүрийн эмт бодис илрүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, байгаль орчны бохирдолыг бууруулах, хөрсний үржил шимийг сайжруулах, нөхөн сэргээх, биоаюулгүй ногоон эдийн засгийг бий болгох, инновацийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Тус лаборатори оюуны бүтээлийг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх инновацын бодлогод нийцүүлэхээр бичил биетний биотехнологийн судалгааг дээрх схемийн дагуу гүйцэтгэж байна.  Энэ хугацаанд “Биобордоо”, “БИБ-1”, “Барагшун” зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Бичил биетний гаралтай бүтээгдэхүүнүүд: “Биобордоо”, “БИБ-1”, “Уурагт бэлдмэл”, “Навчраа”, “Хлорелл”, “Балт ундаа”, “Барагшун”, “Спирулина”, хөрсний үржил шим сайжруулагч “Компост"- биобордоо, “Урга ”, “Био-Ариус”, Био-дендро, “Загасны тэжээлийн нэмэлт-каротинт бэлдмэл” зэрэг юм.


Бичил биетний биотехнологи сэдвийн хүрээнд дээрх чиглэлээр судалгааны ажлаа гүйцэтгэж байна


Түүхэн замнал

ШУА-ийн Биологийн ухааны хүрээлэнгийн Т.Пунцаг эрхлэгчтэй Сорилын биологийн тасаг нь 1973 онд Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн Микробиологийн сектор болон өргөжжээ. Тус секторын харъяанд 1988 оноос Микробын нийлэгжлийн лаборатори үүсгэн байгуулагдаж, дэргэдээ Туршилтын биоцехийг НҮБ-ын хөгжлийн программын МОН 86/008 “Малын тэжээлийн хольц үйлдвэрлэх технологи” төслийн хүрээнд Германы тоног төхөөрөмжийг суурилуулан байгуулж,  Тус лабораторийн  эрхлэгчээр доктор, (Ph.D) Г.Уранцоож, доктор, (Ph.D) Т.Наранцэцэг, доктор, (Ph.D) Д.Цэрэндулам нар ажиллаж байсан. 2022 оны байдлаар 12 эрдэм шинжилгээний ажилтантай лабораторийн эрхлэгчээр доктор (Ph.D) Ц.Рэнцэнханд, ЭШАА, доктор (Ph.D) Б.Пагмадулам, ЭШАА, доктор (Ph.D) Д.Пунсалдулам, доктор (Ph.D)  Насанжаргал,  докторант Ч.Зулцэцэг (Докторант), М.Мэнд-Амар (М.Sc), О. Анумандал (М.Sc), Р.Үржинлхам (М.Sc), З.Гэрэлмаа (М.Sc), Х.Оюухан (М.Sc), Ш.Эрдэнэчимэг (М.Sc), магистрант Б.Хишигмаа нар ажиллаж байна.

Гадаадад  Г.Уранцоож (ОХУ, 1987),  Д.Наранчимэг (Болгар, 1996), Д.Баярлхагва (ОХУ, 1994), О.Мөнгөнсүх (Герман, 1998), З.Болотхан (ОХУ, Ph.D-1996, Sc.D-2006), Ц.Рэнцэнханд (Унгар, 2011), Д.Пунсалдулам (Тайван, 2019),  Б.Пагмадулам (Япон, 2019),  дотоодод Т.Наранцэцэг (МУИС, 1992)  Д.Цэрэндулам (МУИС, 2005)  Б.Бадрах (МУИС, 2000) нар доктор (Ph.D) хамгаалсан. Тус лабораториос Б.Одгэрэл Австралийн Murdoch-Их сургуульд,  Э.Энхцацрал Солонгос улсын Инчоны их сургуульд докторантурт суралцаж байна.

Микробын нийлэгжлийн лабораторийн хамт олон (2006 он)

Доктор (Ph.D) Т.Наранцэцэг (лабораторийн эрхлэгч). Д.Цэрэндулам, Ч.Дуламсүрэн, Н.Буянхишиг, Д.Дамдингаа, Б.Бадрах, Ц.Рэнцэнханд, С.Энх-Ундраа,  Б.Урантүлхүүр

Үйл ажиллагаа

Судалгааны үг дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хэрэглээ болгоход чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг.  Энэ хугацаанд ном - 8, номын бүлэг гадаадад -2 нэг сэдэвт бүтээл – 12, хянасан ном – 5, эрдэм шинжилгээний өгүүлэл дотоодод – 215 гаруй, гадаадад – 37, шинэ бүтээлийн эрх – 27, оновчтой санал – 11, технологийн заавар  – 26, Монгол Улсын Стандарт-3 боловсруулж, "Биобордоо”, "БИБ-1”, "Барагшун” зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.

Тус лабораторид гаргаж авсан бичил  биетний гаралтай бүтээгдэхүүнүүд: "Биобордоо”, "БИБ-1”, "Уурагт бэлдмэл”, "Навчраа”, "Хлорелл”, "Балт ундаа”, "Барагшун”, "Монгол Алтайн барагшун”, "Спирулина”,  "Биобордоо-1” хөрсний үржил шим сайжруулагч "Компост"- биобордоо, "Биобордоо-3”, "Био-Ариус”

Судалгааны гол үр дүнгүүд

1. Тус лаборатори нь олон жилийн судалгааны үр дүнд гарган авсан биологийн өндөр идэвхтэй дрожж, мөөгөнцөр, нэг эст ногоон замаг, бактерийн нутгийн омгуудыг судлан, биобэлдмэл гаргах технологи боловсруулж, хүнс, анагаах ухаан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ашиглах боломжийг бүрдүүлэх судалгаа хийж байна. Үйлдвэрлэлд ашиглах омгуудыг шинэ бүтээлийн эрхээр баталгаажуулсан. Нийт 27 Шинэ бүтээлийн патенттай.

2. Биологийн идэвхт бэлдмэл: А витамины урьдал нэгдэл болох, бета каротиныг нийлэгжүүлэх чадвартай дрожж, замгийн судалгаа хийж, каротиноидын гарцыг нэмэгдүүлэн, тэжээлийн нэмэлт бэлдмэлд ашиглах, хүнсний бүтээгдэхүүн  бохирдуулагч мөөгөнцөр болон хүнсний ногооны агуулах бохирдуулагч мөөгөнцрийн эсрэг антагонист идэвхтэй дрожжийг биологийн хяналтанд ашиглах, биобэлдмэл гарган авах мөн Монгол орны хөрснөөс ялгасан актиномицетийн биологийн идэвхт нэгдлийг паразит өвчин үүсгэгчдийн эсрэг идэвхийг турших, эмт бодис илрүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна.

3. Байгаль орчинд ээлтэй хаягдалгүй технологи боловсруулах:

Үйлдвэрлэлийн хоёрдогч түүхий эдүүдэд (шар сүү, спирт, пивоны шаар, хаягдал дрожж, хивэг) микробиологийн боловсруулт хийж, уураг, амин дэмээр баялаг малын нэмэлт нөөц тэжээл, хөрсний бүтэц, үржил шимийг сайжруулж, ургацыг нэмэгдүүлэх биобордоо гарган авах төсөлт ажлуудыг гүйцэтгэж, хаягдалгүй, байгаль орчинд ээлтэй технологийг боловсруулсан. Түүнчлэн тэжээлийн буурцагт ургамлын биобүтээмж, ногоон массыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй булцууны бактерийн омогтой болж, биобордоо үйлдвэрлэх технологийн заавар боловсруулан үр дүнгүүдээр шинэ бүтээлийн эрх авсан. Мөн хөрсний микробиологийн судалгааг явуулж, ашигтай бичил биетний нутгийн омгийг гарган хөрсний нөхөн сэргээлт явуулах, тариалангийн талбайн үржил шим, эрүүл төлөв байдлыг сайжруулах, таримал ургамлын өвчин үүсгэгчтэй тэмцэхэд хэрэглэх нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулах, түүнээс шалтгаалан ирээдүйд гарах үр дагаваруудад дасан зохицох, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц болох өндөр ач холбогдолтой. Зарим хөрсний бичил биетний нийлэгжүүлдэг экзополисахарид (ЭПС) нь хѳрсний бүтцийн үндсэн нэгж болох агрегатын үүсэл болон тогтвортой байдалд чухал үүрэгтэй учир энэ талын судалгааг эхлүүлэн, төсөлт ажил гүйцэтгэж байна.

4. Байгаль орчны нөхөн сэргээлт, биобүтээмж:  “Бүтээмжит бичил биетний биобэлдмэл”-ийг ашиглан Харгиа цэвэрлэх байгууламжийн бохир ус, лагийн бохирдлыг бууруулах төслийг хэрэгжүүлж, бохир ус, лаганд бичил биетэнг ашиглаж бохирдлыг бууруулах туршилтыг явуулахад хүнд, хортой элементүүд буурч, таагүй үнэр нь арилж, хөрсний бохирдлыг бууруулан, хөрсийг нөхөн сэргээх ажлын туршилгад суурилан лагийг шимт хөрс буюу бордоо болгох шинэ технологи боловсруулсан. Үүний үр дүнд  ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ- тай ШУА-ийн байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулах ажлыг гүйцэтгэж, нийт 30000м3 буюу 60000м2 лаг боловсруулсан. Эхний байдлаар 10000м3 боловсруулсан лаг 2100м3 шимт хөрс буюу бордоо болж Эрдэнэт үйлдвэр “Тэр бум мод” хөтөлбөрийн хүрээнд тариалж буй модны суулгацанд ашиглаж, лагийн талбайг чөлөөлөгдсөн төдийгүй суулгацны ургалтанд эерэг нөлөө үзүүлж байна.

5. Барагшуны судалгаа: Цэвэршүүлсэн, 33-35% чийгшилтэй өтгөрүүлсэн барагшуны бэлдмэлийн бактерийн эсрэг шинж чанарын судалгааг Унгар улсын эрдэмтэдтэй хамтарч төрөл бүрийн тэжээлийн орчинд, өөр өөр концентраци, pH=5.0-9.0 утганд Грам сөрөг (Acidovorax delafieldii, Serratia marcescens, Variovorax paradoxus) болон Грам эерэг бактериудын эсрэг бактерцид болон бактериостатик  идэвхтэй болохыг тогтоов.  Грам эерэг бактерийн эсрэг (pH=7.4) утга буюу саармаг орчинд маш өндөр идэвх үзүүлж байсан ба тэдгээрийн дундаас (B.subtilis, E.faecalis, S.aureus) хүний патоген өвчин үүсгэгч бактериудыг саатуулж байгаагаас үзэхэд барагшуны бэлдмэлийг бактерийн гаралтай халдварт өвчний эсрэг үйлчлэлтэй болохыг тогтоосон. Үр дүнг African Journal of Microbiology Research сэтгүүлд хэвлүүсэн. Барагшуны судалгаагаар №4367 шинэ бүтээлийн эрх  авч, Монгол Улсын Стандарт 3-ыг боловсруулсан төдийгүй үйлдвэрлэд нэвтрүүлэн хүн ардын эрүүл мэндэд тустай биологийн идэвхт бүтээгдэхүүн бий болсон.  

6.  Эфирийн тосны судалгаа:  Монгол орны ургамлын эфирийн тосны микробиологийн судалгааг хийж, эфирийн тост ургамлыг илрүүлэх, улмаар хүнсний бүтээгдэхүүн бохирдуулагч, өвчин үүсгэгч бичил биетний эсрэг идэвхийг судлан, хүнсний бүтээгдэхүүний хадаглалт, гоо сайхан, ахуйн ариутгалын болон түүхийн үнэт зүйлсийг хамгаалахад ашиглах төдийгүй антиоксидант идэвхтэй байгаа нь цаашид исэлдэлтийн эсрэг эко бүтээгдэхүүн гарган авах боломжтой нь харагдаж байна. Судалж буй ургамлаас Намгийн сургар (Ledum palustre), Таримал батраш (Mentha piperita L), Сибирь гацуур (Picea obovata L) болон Эгэл нарс (Pinus sylvestris L) –ийн эфирийн тос нь бактери, мөөгөнцөр, дрожжийн эсрэг өндөр идэвхтэй, антиоксидант шинж чанартай болохыг илрүүлээд байна.

7. Байгалийн нөөцийг биологийн аргаар хамгаалах, биохяналт: Ойн амьтан, ургамал, бичил биетний бүлгэмдлийн олон янз байдлыг хадгалан, хөнөөлт зүйлтэй тэмцэхэд байгальд ээлтэй биологийн арга хэрэглэх нь чухал. Иймээс ойн хөнөөлт шавж хүрэнцэрт сонгомолоор үйлчилдэг kurstaki (Btk) талст уураг нийлэгжүүлэгч Bacillus thuringiensis-ийн омгийг илрүүлэн, бактерийн бэлдмэл үйлдвэрлэх технологийн туршилт, судалгаа хийж, “Био-дендро” бэлдмэл гарган цаашид хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.

Цуглуулгын сан

Тус лабораторийн бичил биетний санд дрожжи, бактери, мөөгөнцөр, нэг эст замгийн нийт 1000 гаруй өсгөвөр хадгалагдаж сургалт, судалгаанд ашиглаж байна.

Хэрэгжиж буй төслүүд

Тус лаборатори нийтдээ 14 төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

  • 2014-2016 онд   "Монгол орны бичил биетний генофонд түүний ашигт шинж чанар” суурь судалгааны төсөл
  • 2014-2016 онд: "Хүнсний үйлдвэрийн  хаягдлыг боловсруулж малын нөөц тэжээл, биобордоо хийх” инновацийн төсөл
  • 2017-2016 онд: "Монгол орны биологийн нөөцөөр биоаюулгүй технологийн үндэслэл боловсруулах”  суурь судалгааны төсөл

Гадаад харилцаа

Япон улсын Обихирогийн  Мал эмнэлэг, ХААИС-ийн харьяа “Эгэл биетэн судлалын үндэсний төв”-тэй хамтран Монгол орны хөрснөөс ялгасан бичил биетний биологийн идэвхт нэгдлийг паразит өвчнн үүсгэгчдийн эсрэг идэвхийг турших, эмт бодис илрүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Унгар улсын Сегед хотын Их сургуулийн Шинжлэх ухаан, Информатикийн сургуулийн Микробиологийн тэнхим, Хүнсний Технологи Инженерийн Сургууль, Анагаах Ухааны Их сургуультай хамтран “Хүнсний бүтээгдэхүүн бохирдуулагч бичил биетний эсрэг үйлчлэлтэй эфирийн тосны судалгаа” төслийг хэрэгжүүлэн тус судалгааны чиглэлээр үргэлжүүлэн ажиллаж байна. 

Олон Улсын Шинжлэх Ухааны Байгууллагуудын Холбоо ("ANSO") болон Монгол улсын ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хооронд хийгдсэн гэрээний дагуу нь “ANSO-CR-PP-2021-09” дугаартай “Экзополимер нийлэгжүүлэгч бичил биетний олон янз байдал, хөрсний эрүүл төлөв байдалд гүйцэтгэх үүргийг Монгол орны хур тунадасны градиентаас хамааруулж судлах нь” сэдэвт төслийг 2022–2024 онд хэрэгжүүлэн туршилт судалгааны ажлууд хийгдэж байна.