Үндсэн агуулга руу

Бидний тухай

Судалгааны гол үр дүнгүүд

2017-10-02

Манай шувуу судлаачид Монгол орны шувуудын судалгааны үр дүнд зүйлийн бүрдлийн жагсаалтыг 1966 оноос хойш 2006 он хүртэл 7 удаа (Болд 1973, Болд, Сумъяа нар 1983, Болд 1989, Фомин, Болд 1991, Болд 1995, Болд, Болдбаатар нар 2002, Цэвээнмядаг, Болд 2006) шинэчлэн гаргаж нийтэд мэдээлж 2006 онд Монгол улсын нутагт 19 багийн 61 овгийн 204 төрлийн 472 зүйл шувуу байгаагаас орших хэлбэрийн хувьд  81 зүйл суурин, 254 зүйл  өндөглөн зусдаг, 49 зүйл дайрч өнгөрдөг, 10 зүйл Сибирээс ирж өвөлждөг, 8 зүйл өндөглөдөггүй, нүүдлийн зусдаг, 64 зүйл тохиолдлын байдлаар хаяа орж ирдэг болохыг тогтоосон байна.  Сүүлийн жилүүдэд шувууны ангилал зүйн асуудалд зарим өөрчлөлт, шинэчилэл хийгдсэн, мөн уур амьсгалын өөрчлөлт, хуурайшил, дулаарлын улмаас тэнэмэл шувуудын үзэгдэх байдал нэмэгдсэний улмаас 2016 он гэхэд Монгол оронд 500 орчим зүйл шувуу бүртгэгдээд байна.  

Монгол орны шувууны аймгийн газарзүйн хилийн зааг нутгийг 4 дэд муж, 13 провинцид анх удаа ялган тогтоож, Монголын шувууд нь гарал үүслийн хувьд Транспалеарктикийн, Сибирийн, Түвдийн, Монголын, Хятадын, Газардундын тэнгисийн, Арктикийн, Европын гарал үүсэлтэй болохыг тогтоосон байна.

Монгол орноор Зүүн Ази-Австралын, Төв Ази-Энэтхэгийн, Баруун Ази- Африкийн, Газрын дундад Хар тэнгисийн гэсэн дэлхийн шувуудын нүүдлийн үндсэн 4 их зам дайрч өнгөрдөгийг тогтоосон ба сүүлийн жилүүдэд гадаадын судлаачидтай хамтран хээрийн галуу, хошуу галуу, өвөгт тогоруу, цэн тогоруу, гангар хун, тарважи бүргэд, нөмрөг тас, идлэг шонхор, амарын шонхор, хонин тоодог, адууч чогчиго зэрэг шувуудад сансрын дамжуулагч, идэвхигүй байрлал тогтоогч, бөгж, өнгөт хүзүүвч зэргийг зүүж нүүдлийн хурд, хугацаа, саад бэрхшээл, чиглэл, шувууны томуу өвчний холбогдол, шувууны биологи, физиологи, байгаль хамгаалалын олон сонирхолтой судалгааг хийж үр дүнг нь "Зоологический журнал", "Орнитология",  "Waterbirds", "PLos ONE", "Journal of the Royal Society", "EcoHealth", "Proceedings of the National Academy of Sciences USA", "Journal of Avian Biology", "Science" зэрэг үнэлэмж өндөртэй сэтгүүлүүдэд нийтлүүлж байгаа нь олон улсын анхаарлыг ихэд татсан ажил болж байна. 

Манай хүрээлэнгийн шувуу судлаачдаас биологийн шинжлэх ухааны докторын зэргийг 1 хүн, биологийн ухааны дэд докторыг 6 хүн дараах сэдвүүдээр хамгааллаа.

Биологийн шинжлэх ухааны доктор (ScD)

  • А.Болд 1990 онд "Эколого-географические основы охраны и рационального использования орниторфауны МНР” сэдвээр ОХУ-ын Амьтны экологи, түүхэн хөгжлийн хүрээлэнд 
  • Биологийн ухааны дэд доктор буюу боловсролын доктор (PhD)
  • О.Шагдарсүрэн 1964 онд "Хищные птицы Центральной и Южной частей Монголии и их практическое значение" сэдвээр Москвагийн их сургуульд,
  • А.Болд 1977 онд "Хэнтийн уулархаг районы шувууд, тэдгээрийн практик ач холбогдол” сэдвээр Улаанбаатарт
  • Ш.Болдбаатар: 1997 онд "Улаанбаатар, түүний орчмын шувуудын экологи, аж ахуйн ач холбогдол” сэдвээр Улаанбаатарт,
  • Н.Цэвээнмядаг 2005 онд "Современное состояние и экология журавлей Монголии” сэдвээр ОХУ-ын Буриадын Их сургуульд,
  • Б.Нямбаяр 2013 онд "Breeding and migration ecology of Bar-headed Goose Anser indicus and Swan Goose Anser cygnoides in Asia" сэдвээр АНУ-ын Оклахомагийн их сургуульд,
  • Г.Майнжаргал 2013 онд "Монгол орны Богширгын овгийн шувуудын (ALAUDIDAE) биологи, экологи, хамгаалал" сэдвээр МУИС-д тус тус дэд докторын ажлыг амжилттай хамгааллаа.