Ахмад
эрдэмтэн, биологич, амьтан судлаач, доктор Лувсанжамбын Амгалантай хийсэн
ярилцлагыг хүргэе.
Товч
танилцуулга: Л.Амгалан 1955 онд Хэнтий аймгийн
Баянхутаг суманд төрсөн. Хэнтий аймгийн 10 жилийн нэгдүгээр сургуульд суралцаж
төгссөн. МУИС-ийн БУФ-ийн Биологийн тэнхимд суралцаж 1981 онд биологич, агнуур
зүйч мэргэжлээр төгсөөд Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн
Эко-физиологийн лабораторид эрдэм шинжилгээний туслах ажилтнаар орж ажлын
гараагаа эхэлж байжээ. 2000 онд Биологийн ухааны докторын (Ph.D) зэргийг
“Монгол орны хар сүүлтийн биологи-экологи, хамгаалал” сэдвээр хамгаалсан. Тэрээр
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторид эрдэм шинжилгээний
ажилтан, Амьтан судлалын салбарын эрхлэгч, хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн
дарга, ШУА-ийн Биологи-ХАА-н салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн
даргаар ажиллаж байв.
-Биологийн мэргэжлийг яагаад сонирхож сонгох болсон бэ?
-Би айлын 12 хүүхдийн 4 дэх хүү.
Багаасаа л аавтайгаа хамт тарвага, цагаан зээрийн анд явдаг байлаа. Манай аав
энэ хүүхдүүд дотроос Амгалан л анд арай гайгүй дөртэй гээд тоож дагуулж явдаг
байсан. Намайг 10-р анги төгсөхөд МУИС-ийн Агнуур зүйн анги гэсэн шинэ
мэргэжлийн хуваарь ирж билээ. МУИС
төгсөөд 1981 онд Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнд туслах ажилтнаар ороод
байхад ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Ширэндэв гуай тэр жил академийн
хүрээлэнгүүдэд шинээр орсон залуучуудыг хүлээн авч ямар чиглэлээр ажиллах гэж
байгаа талаар хүн бүрээр яриулж, ажлын амжилт хүсэж байж билээ. Тэгэхэд би
Х.Сүхбат багшийн удирдлагаар цаа бугаар диплом бичиж хамгаалсан энэ амьтны
биологи хамгааллын талаар ажиллана гэж том толгойлж байж билээ. Хэрэг дээрээ
байгууллагууд тав таван жилийн төлөвлөгөөтэй ажилладаг, тэр үед манай
лаборатори говь цөлийн бүсийн ховор тууртан амьтад судлах төлөвлөгөөтэй байжээ.
Тэгээд юун Хөвсгөлийн цаа буга, харин С.Дуламцэрэн багштайгаа говь цөлийн
монгол бөхөн, хар сүүлт судлах болсон.
-Биологич хүний ажлын онцлог, түүнээс улбаалах өдрийн болон улирлын цагийн хуваарь, ажлын төлөвлөгөө ямар онцлогтой байдаг вэ?
-Биологич тэр дундаа амьтан судлаач, том
хөхтөн амьтан судлах ажлын онцлог нь судалдаг амьтан маань лабораторид авчирах
боломжгүй. Тиймээс тархац байршил нутагт нь жилийн турш ажиглалт судалгаа хийдэг.
Монгол-Зөвлөлтийн хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн тууртан амьтан
судлалын отрядад оролцон 5 сараас 10 сарын эх хүртэл Дорнод нутгаас говь цөлийн
нутгаар дамжин Монгол Алтайн нуруу, Алтай таван богд, Увс, Хөвсгөл нуур гээд л
явдаг байлаа. Оюутан байхаас хаврын шалгалт дуусаад намар хичээл эхэлтэл зуны
дадлагын ажил, дараа нь намрын ажилд явна. Би хоёр зун Хөвсгөлийн цаатангуудтай
хамт амьдарч зэрлэг цаа бугын судалгаанд явдаг байлаа. Ямар сайндаа л ШУА-ийн
дэд ерөнхийлөгч Ш.Цэгмид гуай Биологийн хүрээлэнгийн хэдэн залуучууд хөдөө
явахын бөөн өвчин гэж ярьж байсан гэдэг.
-Таны судалгааны чиглэл юу вэ? Одоо ч үргэлжлүүлэн хийж буй ажил эсхүл залуу үеийн судлаачдыг хийж бүтээгээсэй гэж боддог зүйл бий юу?
-Одоо ч надад чиглэл гээд байх юу
байхав. Ер нь Монгол орны нэн ховор, ховор том хөхтөн амьтад тэдгээрээс хар
сүүлт, монгол бөхөн, мазаалай баавгай, тахь адууны биологи экологи, хамгаалал,
цагаан зээр, хар сүүлт, монгол бөхөнгийн янзага барьж тэжээн сэргээн
нутагшуулах туршилт судалгааны ажилд хамтран оролцож байлаа. Одоо амьтны
амьдралын нарийн зохилдолгоо судлах техник багаж төхөөрөмж улам л боловсронгуй
болж байна. Бид залуудаа тэмдэглэлийн дэвтэр, дуран, буунаас өөр багажгүй л
явдаг байлаа. Манай ахмад эрдэмтэн А.Болд, С.Дуламцэрэн гуай нар 70-аад онд
Алтайн цаад говьд мазаалайн судалгаа хийж 30-аад толгой мазаалай баавгай байна
гэсэн дүгнэлт гаргаж байсан нь одооны автомат камер, сансрын дохиололтой
хүзүүвч зүүж мөн генетикийн судалгаагаар тоо толгойг тогтоосонтой ойролцоо
байгаа нь багаж төхөөрөмждөө биш судлаачийн мэргэжлийн ур чадвар, сэтгэн бодохуй,
амьтны амьдралын онцлог, зан төрхийг таньж мэдсэн мэдрэмж, түүнийгээ эмхлэн
цэгцэлж боловсруулж, дүгнэх нь ямар чухал болохыг харуулж байна гэж би боддог
юм. Орчин үеийн техник технологийн дэвшлийг
ашиглан маш өргөн чиглэлээр асар их мэдээлэл олж авах боломжтой болсон өнөө үед
эмхлэн цэгцлэх, боловсруулах түүндээ байгалийн хуулийн дагуу зөв дүгнэлт гаргаж
чаддаг байх. Гарсан үр дүнгээ байгаль хамгаалах, зүй зохистой ашиглах зорилгод
нийцүүлэн ажил хэрэг болгох хэрэгтэй. Байгаль орчныг хамгаалах гэдэг нь огт гар
хүрэхгүй гэсэн үг биш тэр дундаа биологийн төрөл зүйлүүд нь нөхөн сэргээгддэг баялаг
тул зүй зохистой ашиглах асуудал хамгийн чухлаар тавигдах ёстой.
-Хөдөө хээрийн судалгааны үед тохиолдож байсан дурсамжтай үйл явдлаасаа хуваалцаач.
-Нэг удаа Монгол-Зөвлөлтийн хамтарсан
биологийн иж бүрэн экспедицээр явж байтал зам дээр мотоцикльтэй 2 залуу зогсож
байна. Отрядын дарга Амгалан замаа асуу л гэж байна. Би Төхөмийн говь ордог
замыг заалгаж авлаа. Нөгөө залуу ахаа ганц шил бензин өгөөч гэж гуйлаа. Отрядын
даргад хэлсэн чинь орос жолооч мотоциклээ аваад ир гэж байна. Банкийг нь дүүргэж
дээрээс нь масло хийж өгч байна. Орос мотоцикл бензинд нь масло хийдэг байсан.
Нөгөө 2 залуу маань та хэд яг хаана очих гээд байгаа юм бэ? Бид 2 хүргэж
өгчихөөд буцаад ирье гэлээ. Банк дүүрэн бензинтэй улсууд тэгэхээс яахав. Хэлсэн
чинь оросууд инээлдэж байсан юм. Мөн
нэг удаа Баруун тооройн баян бүрдэд мазаалай баавгай барих гээд амьд баригчаа
цэнэглэчихсэн ГИДЦГ-ын байгаль хамгаалагч Сүхээ бид хоёр хүлээж байх. Бусад
маань Богц цагаан дэрсний байранд, бид 2 майханд, УАЗ-69 машинтай. Өдөр хэрд
нам гүм байснаа гэнэт тэнгэр харанхуйлаад нар харагдахаа байв. Сүхээ маань за
угалз ирж байна даа майхнаа машиныхаа нөмөрт бариад хоёулаа машиндаа унтана
гэв. Салхи ширүүсээд чулуу шороо шажигнаад л нам. Өглөө сэрэхэд майхан алга,
дотор нь 50 л цэнхэр савтай ус байсан. Тэгэхэд ундны ус 100 км хол байсан юм. Усаа
эрсээр байгаад 50-иад метрт жалганаас олов, ус асгараагүй байсан. Майхан олдоогүй.
-Та монгол орны хэдэн аймаг, сумдаар аялаж байсан бэ?
-Аймаг бол бүгд харин сумын талаар уул
нь тэмдэглэдэг байсан юм. Говь, тал хээрийн аймгуудын бүх сумдаар судалгааны
ажлаар л явсан харин Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Завхан, Архангай, Булган
аймгуудын зарим сумдаар орж үзээгүй.
-Таны хувьд Монгол орны хамгийн үзэсгэлэнтэй газар нутаг гэвэл аль газрыг нэрлэх вэ?
-Монгол орны үзэсгэлэнт газрыг нэрлэнэ
гэвэл ярилцлагын хугацаа хүрэлцэхгүй болох байх, Монгол орны хангай, говь, тал
хээр, гол мөрөн, нуур ус, элсэн манхан тэр чигээрээ үзэсгэлэн хүний хөлд ховор
өртдөг газрууд улам ч гайхам. Ер нь хүний төрж өссөн нутаг гэдэг цаанаа нэг
сэтгэлд ойр байдаг юмуу даа. Тал газар очих дээр л нүд онгойгоод сэтгэл
уужирдаг.
-Монгол орны байгаль цаг уур таны бага залуу байх үеэс хэр их өөрчлөгдсөн бэ?
-Энэ талаар Дэлхий дулаарал гээд л олон
улсад их яригдаж байгаа Монгол оронд хамгийн гол нь хур тунадасны байгалийн
хэмнэл алдагдсанаас үер ус, ган зудны давтамж ойр ойрхон тохиолддог болсон. Тэрнээс
биш монголын хөрсөнд үр, үндэс арвин байгаа гэж боддог. Москвагийн их
сургуулийн багш, доктор В.С.Лобачев гуайтай хамт Орог нуурын хөвөөнд байж
байтал нутгийн настай хүн ирж хөөрөлдсөн юм. В.С.Лобачев гуай нөгөө хүнээс та
Орог нуур ширгэж байсан тухай мэдэх үү гэж асуув. Би үзээгүй өвөг дээдэс маань
60-70 жилд ширгэдэг тухай ярьдаг байсан гэж билээ. Орог нуур 2005-2007 онд огт
усгүй болж мотоцикльтой хүн цагаан тоос босгон дундуур нь давхиж байхыг харж
байсан.
-Чухам ямар шалтгаанаас өөрчлөгдөж байна гэж боддог вэ?
-Энд ганц жишээ хэлэхэд тал хээрийн
бүсэд хэсэг хэсэг нутагт 2005-2008 онд их ган болсон үед идэш тэжээлгүйн улмаас
тарга тэвээрэг авч чадаагүй монгол тарвага ичээд хавар нь маш цөөхөн ичээ
онгойсон, дээрээс нь онгойсон нүхэн дээр нь хавх, урих тавьсан байсантай бид
таарч байсан. Ингээд тал хээрийн тарвага устсан нэг шалтгаан.
-Манай орны биологийн төрөл зүйлийн онцлог юу вэ?
-Төв Азийн тэгш өндөрлөгт, байгаль цаг
уурын эрс тэс уур амьсгалтай энэ нутагт дасан зохицож үлдэж хоцорсон зөвхөн
монголд байдаг гэсэн тодотголтой унаган амьтад байдаг нь онцлог юм болов уу.
-Монголчууд байгалиа, эх дэлхийгээ хайрлаж, дээдэлж ирсэн байдаг. Таны бодлоор энэхүү уламжлалыг хэрхэн өвлүүлэн үлдээх вэ?
-Хүний нийгэм байгальтайгаа л харьцаж
оршин тогтнох учиртайг эрдэмтэн мэргэд, өвөг дээдэс маань сургаж захиж ирсэн.
Монголчуудын хувьд эртнээс байгальтайгаа, ан амьтан, мал сүрэгтэйгээ шууд
харьцан ёс заншлаа эрхэмлэж ирсэн. Харин одоо суурьшил, хотжилт эрчимжиж байгаа
өнөө үед цэцэрлэг, сургууль, залуучуудад байгальтайгаа харьцах, хамгаалахын ач
тус, биологийн ерөнхий мэдлэг олгох, сургалт сурталчилгааг энгийн байдлаар
ойлгуулах нь чухал юм.
-Ярилцлага
өгсөн танд баярлалаа. Танд эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.