Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ий Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.
ШУА-ий Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.

2025 оны 09 сарын 17-нд Монгол улс, Оросын холбооны улсын Шинжлэх ухааны академийн харьяа Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедиц үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Тус экспедиц нь 1970 онд үүсэн байгуулагдсанаас хойш нийт 55 жилийн хугацаанд Монгол орны байгалийн үндсэн бүс, бүслүүр - өндөр уулаас жинхэнэ цөл хүртэлх өргөн уудам нутагт хөрс, ургамал-амьтны аймаг, биологийн олон янз байдал, экологи, экосистемийн төлөв байдал, биологийн нөөц баялгийг ашиглах, хамгаалах асуудал, цөлжилт, газрын доройтол, ойн бүрхэвчийн нарийвчилсан ба онолын суурь судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй судлаж байгаа билээ.

Монгол-Оросын эрдэмтэд экспедицийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээр олон тооны бүтээл гарсан бөгөөд түүний дотор 69 боть, ном, цуврал бүтээл туурвижээ. Мөн “Монгол орны ургамалжлын зураг” (1979, 1:1500000 масштабтай), “Монгол орны ойн зураг” (1983, 1:1500000 масштабтай), “Монгол орны хөрсний зураг” (1980, 1:2500000 масштабтай), “Монгол орны экосистемийн зураг” (1995, 1:1000000 масштабтай) зэрэг томоохон бүтээлийг нэрлэж болно.

Биологийн иж бүрэн экспедиц байгуулагдсан цаг үеэсээ эхлэн Монгол улсын үндэсний эрдмийн зэрэгтэй эрдэмтэн судлаач бэлтгэхэд их үүрэг гүйцэтгэж байна. Тус экспедицийн шугамаар ОХУ-ын шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд, их, дээд сургуулиудад манай үе үеийн эрдэм шинжилгээний ажилтнууд аспирантур, докторантурт суралцаж эрдмийн зэрэг амжилттай хамгаалсан бөгөөд шинжлэх ухааны доктор 40 орчим, биологийн ухааны доктор 95 үндэсний эрдэмтэд төржээ.

Энэхүү олон улсын хурлын үр дүнгээр Монгол-Оросын эрдэмтдийн судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэн дүгнэж хурлын эмхэтгэл нэгтгэн олны хүртээл болгоод байна. Мөн ойрын жилүүдэд Монгол орны байгаль орчин, нийгэм-эдийн засаг, ногоон хөгжлийн бодлогод нийцүүлэн тус экспедицийн судалгаа шинжилгээний ажлын хөтөлбөр, үндсэн чиглэлийг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн нарийвчлан боловсруулах зорилго дэвшүүлэв.


Бусад мэдээлэл