Олон улсын тарвага судлаачдын эрдэм шинжилгээний YII хурлыг ШУА, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Байгаль орчин Аялал жуулчлалын яамны санаачлагаар олон улсын тарвага судлалын мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран 2018 оны 08 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.
Хурлыг ШУА-ийн Ерөнхийлөгч академич Д.Рэгдэл нээж,
БОАЖЯ-ны төлөөлөл оролцож үг хэлэв.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд Австри, Англи, АНУ, ХБНГУ, Итали, ОХУ, Казахстан, Киргиз, Монгол, Украин, Франц, БНХАУ, Япон зэрэг дэлхийн 13 орны нийт 121 эрдэмтэн судлаачид судалгааны ажлын үр дүнг илтгэсэн материалаа ирүүлж, 52 аман болон ханын илтгэлийн хураангуй, 28 илтгэлийг бүрэн эхээр нь нэгтгэсэн эрдэм шинжилгээний эмхтгэл бүтээл мөн 1991 оноос хойш зохиогдсон 6 удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын гол үр дүн, илтгэлийн хураангуй материалыг нэгтгэн хэвлэн нийтэлж олны хүртээл болгов.
Энэхүү хуралд Итали, АНУ, ОХУ, Казахстан зэрэг улс орны 30 гаруй, дотоодын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл 80 гаруй эрдэмтэн судлаачид оролцож 29 аман илтгэл, 15 ханын илтгэлийг хэлэлцэв.
Евразийн Альп тарваганы геномын бүтэн дараалал, Аляск нутгийн бууралдай тарваганы ичээний үеийн физиологийн зарим онцлог, монгол тарваганы хепаднавирүсийн геномын бүрэн дараалал, хүн махны гистологи бүтэц, электрон микроскопын аргаар арьсны өвөрмөц булчирхайн бүтцийг судалсан дүн, дэлхийд тархсан 10 гаруй зүйл тарваганы ангилал зүй, дуу авиа, дохиоллын онцлог, Америкийн хэрмийн овгийн зүйлүүдийн экологи, хамгаалал, тарваганы тархац нөөцийг сансрын зураглал ашиглан тодорхойлсон дүн, тарвагыг гаршуулан тэжээсэн ажлын үр дүнгүүд хуралд оролцогсдын анхаарлыг ихээхэн татлаа. Тарвага судлаач, гэрэл зураг сонирхогчдын дунд зарласан гэрэл зургийн уралдаанд 8 орны 41 тарвага судлаач, гэрэл зураг сонирхогчид дэлхийн 14 зүйл тарваганы бие бүтэц, өнгө зүс, зан төрхийн өвөрмөц онцлогийг харуулсан 64 бүтээл ирүүллээ. Украйны гэрэл зураг сонирхогч Сергей Грек, Казахстаны Алёна Кошкина, Монголын Б.Отгонбаяр нарын бүтээлийг шалгаруулан цом, батламж дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.
Монголын тарваганы экологи биологи онцлог, ашиглалт хамгааллын тухай шинжлэх ухаан танин мэдэхүйн ач холбогдолтой богино хэмжээний баримтат киног нийтэд танилцуулав.
Монголд 1974 оноос ажилласан Москва хотын Ард түмний найрамдлын их сургуулийн Экологийн танхимын багш А.А.Николький Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулав.
Хустайн байгалийн цогцолбор газарт аялал зохион байгуулж монгол тарваганы болон бусад хөхтөн амьтдын амьдрах орчин, экологи биологи онцлогийг судлах чиглэлээр хамтран ажиллах боломж, орчин үеийн судалгааны шинэлэг арга зүйн холбогдолтой хэлэлцүүлэг зохион байгууллаа.
АНУ-ын Аризонагийн их сургууль, Байгаль орчин, биологийн нөөцийн сургуулийн захирал, профессор Жонн Л. Кофровскийтэй тал хээрийн бүсийн хөхтөн амьтад ургамлын судалгаа хийх, мэргэжилтэн солилцох чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцов.
АНУ-ын Аляскийн музейн Их сургуулийн Аляск Файрбанкс Их сургуулийн судлаач Kaтя Рубинтэй хамтран монгол тарваганы ичээлэх онцлогийг судлах чиглэлээр, Казахстаны биологийн төрөл зүйлийг хамгаалах нийгэмлэгийн мэргэжилтэн, Германы Мунстер Хайсенбергийн Их сургууль, Ландшафтын экологийн хүрээлэнгийн докторант Алёна Кошкина, Э.А.Букетовын нэрэмжит Карагандагийн Их сургуулийн Ирина Григориева нартай хамтран сансрын зураглал ашиглан Монгол орны тарваганы тархац нөөцийг үнэлэн тогтоох аргачлал боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар тогтож, богино хугацааны сургалт зохион байгуулав.
Бүх Оросын Агнуурын аж ахуй амьтан үржүүлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Амьтан үржүүлгийн лабораторийн эрхлэгч Биологийн шинжлэх ухааны доктор Игорь Аркадьевич Плотников, Алексей Вячеславич Колесников нартай уламжлалт судалгааны ажлаа үргэлжлүүлэх, үслэг ангийн аж ахуй байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.