Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“БИЧИЛ БИЕТНИЙ ОЛОН ЯНЗ БАЙДАЛ: СУДАЛГАА, ХАМГААЛАЛТ БА ЗОХИСТОЙ АШИГЛАЛТ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ, “БИЧИЛ БИЕТНИЙ НӨӨЦИЙГ ХАМГААЛАХ БА ЗОХИСТОЙ АШИГЛАХ” АЗИЙН КОНСОРЦИУМЫН XV ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨВ
“БИЧИЛ БИЕТНИЙ ОЛОН ЯНЗ БАЙДАЛ: СУДАЛГАА, ХАМГААЛАЛТ БА ЗОХИСТОЙ АШИГЛАЛТ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ, “БИЧИЛ БИЕТНИЙ НӨӨЦИЙГ ХАМГААЛАХ БА ЗОХИСТОЙ АШИГЛАХ” АЗИЙН КОНСОРЦИУМЫН XV ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨВ

ШУА, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн (ЕСБХ)-гийн Микробиологийн лабораториос санаачлан Микробиологийн сектор байгуулагдсаны 45 жилийн ойд зориулан “Бичил биетний олон янз байдал: судалгаа, хамгаалалт ба зохистой ашиглалт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болон “Бичил биетний нөөцийг хамгаалах ба зохистой ашиглах” Азийн консорциумын XV хуралдааныг 2018 оны 10 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав.



Хурлыг ЕСБХ-гийн захирал Я. Адъяа нээж, ШУА, БСШУСЯ, БОАЖЯ-ны төлөөлөл оролцож үг хэлэв.



Эдгээр хуралдаанд Австрали, БНХАУ, Их Британи, Индонези, Малайз, Монгол, ОХУ, Өмнөд Солонгос, Тайланд, Тайвань, Филиппин, Япон зэрэг 12 орны 20 гаруй байгууллагын 80 орчим эрдэмтэн судлаачид оролцож, судалгааны ажлын үр дүнг илтгэсэн материалаа ирүүлж, 31 аман болон ханын илтгэл, 33 илтгэлийг бүтэн болон хураангуй хэлбэрээр нэгтгэсэн эрдэм шинжилгээний эмхэтгэл бүтээлийг хэвлэн нийтлүүлж олны хүртээл болгов.



Тус хурлаар олон улсын эрдэмтэн судлаачид Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бичил биетний ач холбогдол, Нагойя протоколтой холбоотой бичил биетний генетик нөөцийн ашиглалт, бичил биетний сангуудын үүрэг, хэтийн төлөвөөс гадна тус хуралд оролцож буй орнуудын экосистем дэх олон янз байдал, тэдгээрийн ашигт шинж чанарын судалгааны үр дүн, ба ашиглалт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, туршлага санал бодлоо солилцлоо.



ЕСБХ-гийн Микробиологийн лаборатори нь 2006 оноос одоог хүртэл Япон улсын Үндэсний технологи үнэлгээний хүрээлэнгийн (ҮТҮХ) Биологийн нөөцийн төвтэй (БНТ) хамтран ажиллаж байгаа ба 2006-2017 онд хэрэгжүүлсэн Монгол орны бичил биетний экологи, ангилал зүй ба ашиглалтын судалгаагаар Монгол орны байгальд тархсан бичил биетний талаарх мэдлэгт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Японы ҮТҮХ, БНТ-ийн зочин зөвлөх, доктор, профессор Кацухико Андо болон ЕСБХ-гийн Микробиологийн лабораторийн хүндэт гишүүн, доктор Б.Цэцэг нарыг Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав.


ЕСБХ нь “Бичил биетний нөөцийг хамгаалах ба зохистой ашиглах” Азийн консорциумыг 2004 онд анх байгуулагдсан цагаас нь гишүүнээр элсэн, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн бөгөөд уг консорциумын ээлжит XV хуралдаан (ACM15)-ыг гишүүн байгууллагын үүргийн дагуу эх орондоо хүлээн авч зохион байгууллаа. 2018 оны байдлаар тус консорциум Азийн 16 орны Биологийн нөөцийн төвүүд, эрдэм шинжилгээний хүрээлэн гэх мэт 27 байгууллагыг эгнээндээ нэгтгээд байгаа ба ACM14 Тайваньд, ACM15 Монголд, ACM16 Малайзад зохион байгуулагдах гэж байна.   




Мэдээлэл бэлтгэсэн: Хурал зохион байгуулах комисс - ШУА-ийн ЕСБХ-ийн Микробиологийн лаборатори


  


  


 



Бусад мэдээлэл