Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Ахмад эрдэмтэн, шавж судлаач, доктор, профессор Ж.Пунцагдуламтай хийсэн ярилцлага
Ахмад эрдэмтэн, шавж судлаач, доктор, профессор Ж.Пунцагдуламтай хийсэн ярилцлага


Ахмад эрдэмтэн, шавж судлаач, доктор, профессор Жүгнээгийн Пунцагдуламтай хийсэн ярилцлагыг хүргэе.

 

Товч танилцуулга: Ж.Пунцагдулам 1947 онд Увс аймгийн Улаангом хотод төрж, 1954-1964 онд Нийслэлийн 10 жилийн III дунд сургууль, 1964-1969 онд Монгол Улсын Их Сургуулийн Биологийн ангийг амьтан судлаач, биологийн багш мэргэжлээр төгссөн. 1969 онд ШУА-ийн Биологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар орж ажилласанаас хойш 38 жил ажиллан тэтгэвэрт гарсан боловч өөрийн санаачлан байгуулсан Монголын шавж судлалын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, шавж судлаачаар одоог хүртэл ажиллаж байна. Тэрээр 1994 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Амьтан судлалын хүрээлэнд “Монгол орны илтсэн сахалт цохын ангилалзүй, биологи, экологи, аж ахуйн холбогдол” сэдвээр боловсролын (Ph.D) докторын зэрэг хамгаалсан.

 

-Биологийн мэргэжлийг яагаад сонирхож сонгох болсон бэ?

 

-Аравдугаар ангиа төгсөөд сургуулиас хуваарилсны дагуу МУИС-ийн Биологийн ангид элсэн суралцсан. Анхны хичээл Анударийн Дашдорж багшийн Амьтан судлалын хичээлээр эхэлсэн явдал надад амьтан судлалыг сонирхох бодол төрүүлсэн. Гуравдугаар курст амьтан судлалын группд орж суралцан, дадлагын ажлыг Шаамарын жимсний аж ахуйд ажиллахыг доктор А.Цэндсүрэн багш маань зөвлөсний дагуу шавж судлаач болох гараа маань эхэлсэн юм. Ийнхүү биологич болсон түүх маань сургууль, багш нартай минь холбоотой билээ.

 

-Биологич хүний ажлын онцлог, түүнээс улбаалах өдрийн болон улирлын цагийн хуваарь, ажлын төлөвлөгөө ямар онцлогтой байдаг вэ?

 

-Ажлын гараагаа эхлэх үед Монгол-Оросын хамтарсан биологийн экспедицийн бүрэлдүүнд орж ажиллах боломж олдсон тул хээрийн судалгааны ажлын зохион байгуулалтыг олон талаас нь эзэмших боломжтой болсон юм. Үүнийг дараа үедээ  өвлүүлсэн гэж боддог. Хамгийн анх Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Монгол-Оросын биологийн экспедицийн суурин судалгааны цэгт ажиллаж нэрт эрдэмтэн Л.Н.Медведевийн багт ажилласан. Дараа нь Төв аймгийн Баян-Өнжүүл сум, Баянхонгор аймгийн Эхийн голын суурин судалгааны цэгт ажилласнаас гадна Шавж судлалын хайгуулын багт Г.С.Медведев, И.М.Кержнер, А.Ф.Емельянов, М.А.Козлов, Е.Л.Гурьева, Э.М.Нарчук, О.Г.Горбунов зэрэг нэрт эрдэмтэдтэй хамтран ажилласан маань шинжлэх ухаанд хандах бүх хандлагыг маань тогтоож өгсөн юм. Хээрийн судалгаа өглөө босох, ажиллах, хооллох гээд нарийн цагийн хуваарьтай, түүнийг чанд баримталдаг, аялал судалгааны үед оройн 7 цагаас хойш машинаар явахгүй байх бичигдээгүй дүрэмтэй, хоолны дараа цуглуулгаа цэгцлэх, шөнийн цуглуулга хийхэд их хугацаа орохоос гадна мэдэхгүй зүйлээ мэдэж авах боломж байдаг байв. Шавж судлаач хүний ажлын чухал хугацаа бол дулааны улирал байдаг тул суурин судалгаанд дээд тал нь 3-4 сарын хугацаагаар ажиллаж байв.


-Таны судалгааны чиглэл юу вэ? Одоо ч үргэлжлүүлэн хийж буй эсхүл залуу үеийн судлаачдыг хийж бүтээгээсэй гэж боддог зүйл бий юу?

 

-Сургуулиа төгсөөд 1969-2007 онд Шавж судлалын лабораторид ажилласан. Тэтгэвэрт гарсан ч одоо Төрийн өмчит Улаанбаатарын их сургуульд бакалавр, магистр, докторантурын сургалтанд оролцож байна. Тэтгэвэрт гарснаас хойш  Байгаль орчны үнэлгээ хийдэг компаниудын хүсэлтээр уул уурхайн орд газрын амьтны аймагт үнэлгээ хийх 113 ажил хийж мэдлэгээ тэлсээр байна. Энэ бүхэн хэрэв хүн хүсвэл эрдэм шинжилгээний ажилтан тэтгэвэрт гардаггүйг харуулах байх.

 

-Хөдөө хээрийн судалгааны үед тохиолдож байсан дурсамжтай үйл явдалаасаа хуваалцаач.

 

-З.Касабын экспедицийн судалгааны дүн гол төлөв герман хэл дээр нийтлэгдсэн тул И.М.Кержнер хээрийн судалгааны үед машинаар явж байхдаа болон ажлын зав чөлөөгөөр надад герман хэл зааж, шалгадаг байсан нь өмнө гарсан хэвлэлийн мэдээг ашиглах, мэдээллийн сан байгуулахад ач холбогдолоо өгсөн гэж боддог.

 

-Хээрийн судалгаанд явахад тулгардаг байсан хүндрэлтэй асуудал ямар асуудал байсан бэ? Түүнийг хэрхэн шийддэг байв?

 

-Нэг удаа ургамал судлалын багийн судалгаанд оролцох үед үерлэсэн Зэлтэрийн голд машинтайгаа сууж бүх зүйлээ норгоод нутгийн хүний тусламжтай гарч хэдэн өдрийн турш хатааж байж билээ.

 

-Та Монгол орны хэдэн аймаг, сумдаар аялаж байсан бэ?

 

-Би Монгол орны бүх аймгийн нутгаар аялж судалгаанд оролцсон. Одоо ч уул уурхай бүхий нутгаар ажиллаж байна.

 

-Таны хувьд Монгол орны хамгийн үзэсгэлэнтэй газар нутаг гэвэл аль газрыг нэрлэх вэ?

 

-Судалгаа хийсэн газар нутаг бүр миний хувьд шинэ байсан болохоор бүгд үзэсгэлэнтэй сайхан байсан. Гэхдээ ховор, өвөрмөц болон шинэ зүйл олсон цэгүүд мартагдахгүй сайхан дурсамж болон үлдсэн.

 

-Монгол орны байгаль цаг уур таны бага залуу байх үеэс хэр их өөрчлөгдсөн бэ?

 

-Миний бодлоор залуу байхад +20оС гэхэд одооныхоос их халуун байдаг байсан санагддаг. Гэтэл одоо ийм хэм тийм ч их халуун биш санагддаг болсон. Энэ нь агаарын чанарт өөрчлөлт гарч байна гэж бодогдуулдаг.

 

-Чухам ямар шалтгаанаас өөрчлөгдөж байгаа вэ?

 

-Хотжилт, үйлдвэржилт, байгальтай зүй бус харьцсан хүний үйл ажиллагаанаас болж цаг агаарын дулааралт болж байна.

 

-Манай орны биологийн төрөл зүйлийн онцлог юу вэ?

 

-Монгол орон байгаль газарзүйн хэд хэдэн мужийн уулзвар нутаг болохоор амьтны аймаг өвөрмөц байдаг. Ялангуяа шавжийн аймаг их өвөрмөц, амьтны аймгийн мужлалд чухал ач холбогдолтой бүлэг юм.

 

-Монголчууд байгалиа, эх дэлхийгээ хайрлаж, дээдэлж ирсэн байдаг.  Таны бодлоор энэхүү уламжлалыг хэрхэн өвлүүлэн үлдээх вэ?

 

-Хүүхдийг бага балчираас нь гэр бүлийн хүмүүжлээр, сургуульд биологийн болон холбогдох ойр төрлийн хичээлийн багш нар хичээлээр мэдлэг, дадлага олгох  нь чухал юм. Бүх төрлийн мэдээллийн сувгаар шинжлэх ухааны үндэс, тайлбартай суртал нэвтрүүлгийн ажил хийж байгаль хайрлах сэтгэлтэй болгох хэрэгтэй юм. Үүнд хүүхдэд мэдлэг олгож байгаа Япон, Солонгос улсын туршлагаас суралцах нь зүйтэй болов уу.

 

-Залуу судлаачдад та юу захиж хэлэх вэ?

 

-Ажилтан бүрийг эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйг баримталж ажилладаг болгох шаардлагатай байна. Хүний бүтээлийг ашиглаж дахин хэвлэх үед нэрээ тавьж хэвлүүлэхийг хуулиар хориглодог гэдгийг ажилтан бүр мэдэж байх ёстой. Бакалавр, магистрын ажлыг хүнд мэдлэг олгох, шинжлэх ухааны арга зүй эзэмшүүлэхэд анхаардаг байх ёстой. Миний уншсан, шүүмж бичсэн магистрын ажил, өгүүллүүд дотор шаардлага хангахгүй, өөрөө судлаагүй байж номноос шууд аваад бичих ажлууд гарч байна. Түүнчлэн алтаар үнэлэгддэг эталон коллекцийг харьцуулалт хийхээс өөр зорилгоор ашиглахгүй байх ёстой. Мөн судалгааг хийхдээ өөрт таалагдсан, сонирхол татсан сэдэв биш судлагдаагүй байгаа сэдвийг сонгон хийхэд анхаарах нь монголын шавж судлалын шинжлэх ухааны хөгжилд шаардлагатай байна.

 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.


Бусад мэдээлэл