Вэбсайтын цэс
Хэлний сонголт
БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ ГЭЖ ЮУ ВЭ? СЭДЭВТ ТАНИН МЭДЭХҮЙН ӨДӨРЛӨГ БОЛОВ
БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ ГЭЖ ЮУ ВЭ? СЭДЭВТ ТАНИН  МЭДЭХҮЙН ӨДӨРЛӨГ БОЛОВ


Биологийн олон янз байдлын  тухай олон улсын конвенцийг Бразил улсын  Рио де Жанейро хотод болсон НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн асуудлын талаарх  дээд чуулга уулзалтын үеэр 1992 оны 5-р сарын 22-нд батлан гаргасан юм. Иймээс  энэ өдрийг Биологийн олон янз байдлын Дэлхийн өдөр гэж тэмдэглэх болсон билээ.

Монгол Улсын Их Хурал 1993 онд “Биологийн олон янз байдлын тухай” конвенцийг соёрхон баталснаар Монгол улс конвенцид албан ёсоор нэгдэн орсон дэлхийн 30 дахь орон болсон.  Биологийн олон янз байдлын Дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсоноос хойш жилээс жилд ач холбогдол, цар хүрээ нь тэлсээр байгаа билээ. Бид өнөөдөр Биологийн  олон янз байдлын Дэлхийн өдөрт зориулсан үйл ажиллагааг Монгол улс Биологийн олон янз байдлын конвенцид нэгдсэний 25 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Биологийн салбарын Бага чуулган,  Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн хамтран амжилттай зохион байгуулж байна.

Уг өдөрлөгт Хо-Ши-Миний нэрэмжит нийслэлийн тэргүүний 14-р лаборатори сургууль, Нийслэлийн 53-р сургуулийн нийт 100 орчим сурагчид  багшийн хамт манай хүрээлэнд хүрэлцэн ирж оролцов. Мөн Биологийн Бага чуулганы нарийн бичгийн дарга, доктор Н.Нарантуяа, зарим гишүүд, хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор  Э.Ариунболд, бусад судлаачид оролцсон. Хурлыг нээж Биологийн Бага чуулганы дарга, академич Ц.Оюунсүрэн хэлсэн үгэндээ Монгол орныхоо болон эх дэлхийнхээ Биологийн олон янз байдал болох ургамал, амьтан, бичил биетэнийг таньж мэдэх, судлах, хамгаалах, зүй зохистой ашиглахад хүн бүр, хүүхэд бүрийн   мэдлэг боловсрол, хичээл зүтгэл, хүчин чармайлт ихээхэн үүрэгтэйг онцлох тэмдэглэсэн юм. Өдөрлөгийн хүрээнд тус хүрээлэнгийн Ургамлын аймаг, ангилалзүйн лабораторийн эрхлэгч, доктор М.Ургамал “Ургамлын төрөл зүйлийн олон янз байдал”, Хөхтний экологийн лабораторийн ЭША, доктор Ц.Мөнхзул “Улаан номонд багтсан ховор, нэн ховор амьтад”, Микробиологийн лабораторийн ЭША, магистр Х.Гантуяа “Бичил биетний олон янз байдал, хэрэглээ ба өсгөврийн сан” сэдвээр тус тус танин мэдэхүй, сурталчилгааны илтгэл тавив. Мөн өдөрлөгт оролцогч багш, сурагчдад ШУА-ийн ЕСБХ-ийн амьтан, ургамлын цуглуулгын сан хөмрөг, Молекул биологийн лабораторид явуулж буй Молекул гегетикийн туршилт судалгаа, хувиргасан амьд организмын лабораторийн үйл ажиллагаа, Ургамлын биотехнологийн лабораторийн дэргэдэх Монгол орны нэн ховор, ховор зарим эмийн ургамлын бойжуулгын туршилтын талбай, Микробиологийн лабораторийн Бичил биетний цуглуулга, өсгөврийн сан, Микробын нийлэгжлийн лабораторийн инновацийн гол бүтээгдэхүүн болон судлаачдын  өдөр тутмын туршилт судалгааны явц, үр дүн зэргийг танилцуулав. Тус өдөрлөгт Хо-Ши-Миний нэрэмжит нийслэлийн тэргүүний 14-р лаборатори сургуулийн Биологи, байгалийн ухаанаар мэргэшин суралцаж буй “Эко-Клуб”-ын нийт 15 сурагч оролцож бидний судалгааны ажлыг ихээхэн сонирхож байв. Оролцогч бүх сурагчид Биологийн олон янз байдлын тухай тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болсоноос гадна биологич мэргэжлийг олон хүүхэд сонирхох болсон нь өнөөдрийн арга хэмжээний ач холбогдолыг харуулна.


Мэдээлэл бэлтгэсэн: Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Э.Ариунболд



Бусад мэдээлэл