Өнөөдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Монгол улс болон ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн харъяа Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн зөвлөлийн ээлжит хуралдаан уламжлал ёсоор ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд болов.
Тус хурлаар Монгол улс болон ОХУ-ын Шинжлэх ухааны академиудын хоорондын хамтран ажиллах гэрээний дагуу гүйцэтгэх Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн эрдэм шинжилгээний ажлын 2018 оны хээрийн судалгааны төлөвлөгөөнд тусгагдсан хөтөлбөрт ажлууд, судалгааны хамрах хүрээ, судалгааны отрядын бүрэлдэхүүн зэрэг асуудлыг хэлэлцэн батлав. Энэ оны хээрийн судалгааны хувьд тус экспедицийн хүрээнд нийтдээ 15 отряд судалгаа, үйл ажиллагаа бүрэн явуулж байна.
Мөн тус хурлаар экспедицийн бүтэц, эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн, экспедицийн хүрээнд орос, англи хэл дээр хэвлэгдэн гардаг ”Монгол орны байгалийн нөхцөл ба биологийн нөөц” цуврал бүтээлийн ээлжит дугааруудын явц, удахгүй тохиох 50 жилийн ойн арга хэмжээний тухай зарим асуудлуудыг хэлэлцэв. ”Монгол орны байгалийн нөхцөл ба биологийн нөөц” бүтээл нь одоогоор 63 дахь дугаараа хэвлэн гаргаад байгаа бөгөөд уг бүтээлүүдтэй Та бүхэн ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн номын санд уншиж, танилцах боломжтой юм.
Хуралд хамтарсан экспедицийн Монголын талын дарга, доктор Я.Адъяа, эрдэм шинжилгээний ажлын удирдагч, академич Ч.Дугаржав, зөвлөлийн гишүүн, академич Ч.Доржсүрэн, хамтарсан экспедицийн Оросын талын орлогч дарга, доктор Н.И.Дорофеюк, Оросын талын эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор С.Х-Д.Сыртыпова, Монголын талын эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Э.Ариунболд, гишүүн, доктор О.Энхтуяа нар оролцов.
Мэдээлэл бэлтгэсэн: Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Э.Ариунболд