Вэбсайтын цэс
Хэлний сонголт
БОСОО ТЭНХЛЭГИЙН ДАГУУ ТӨЛӨВЛӨГДӨЖ БУЙ АВТО ЗАМЫН ЗЭРЛЭГ АМЬТНЫ НҮҮДЭЛ, ШИЛЖИЛТЭД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ СУДАЛГААНЫ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ
БОСОО ТЭНХЛЭГИЙН ДАГУУ ТӨЛӨВЛӨГДӨЖ БУЙ АВТО ЗАМЫН ЗЭРЛЭГ АМЬТНЫ НҮҮДЭЛ, ШИЛЖИЛТЭД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ СУДАЛГААНЫ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ


БОСОО ТЭНХЛЭГИЙН ДАГУУ ТӨЛӨВЛӨГДӨЖ БУЙ АВТО ЗАМЫН ЗЭРЛЭГ АМЬТНЫ НҮҮДЭЛ, ШИЛЖИЛТЭД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ СУДАЛГААНЫ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ


Зам, тээврийн хөгжлийн яамны үйл ажиллагааны тайланд  2020 оны байдлаар Монгол улс нийт 20 аймаг, 106 сум, 5 хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар нийслэл Улаанбаатар хоттой холбосон тухай дурджээ. Монгол улсын “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Бүс нутгийн авто замын хөгжил, засвар арчлалтын төслийн III үе шат”–ны ажлын хүрээнд Завхан, Говь-алтай аймгийн төвийг холбох 198 км урттай А1103 авто зам болон Ховд – Увс аймгийн төвийг холбох 163.3 км урттай улсын чанартай авто замуудыг барих ажлыг ойрын жилүүдэд эхлүүлэхээр тусгасан” болно.  Эдгээр авто замууд нь Монгол Улсыг ОХУ-ын Сибирийн тойрог, БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах оронтой авто замаар холбон цаашлаад Ази-Европыг холбосон авто замын коридор үүсгэж байгаагаараа бүс нутгийн хэмжээнд чухал үүрэг, ач холбогдолтой юм. Уг төлөвлөгдөж буй замын трассууд ховор болон нэн ховор зарим зүйл хөхтөн амьтад, шувуудын чухал амьдрах орчныг дайран өнгөрч байна.  ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хөхтөн судлаачид Азийн Хөгжлийн Банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр эдгээр замын бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө төлөвлөгдөж буй замын трассын дагууд зэрлэг хөхтөн амьтдын улирал, хоногийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг судлах, улмаар замын аль хэсэгт амьтдад зориулсан гарц, гарам байгуулах зөвлөмж саналыг боловсруулах зорилгоор нас, хүйсийн ялгаатай, бие гүйцсэн 4 толгой бодгаль янгир ямаа (Capra sibirica Pallas, 1776), 4 бодгаль хар сүүлт зээр (Gazella subgutturos, Güldenstädt, 1780) амьдаар барьж сансрын дохиололт хүзүүвч зүүх хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэв. 

  Уг судалгааг 14 сарын хугацаанд хийж гүйцэтгэх бөгөөд өдөрт 6 цагийн давтамжтайгаар 32 цэгийн мэдээлэл цуглуулж нийт судалгааны явцад 13440 цэгэн мэдээллийн санг үүсгэнэ. Судалгааны үр дүнгээр тухайн бүс нутагт тархсан уулын ба тал хээрийн туруутан амьтдын амьдрах орчин, тархалт, нүүдэл шилжилт, хөдөлгөөн, хоног, улирлын идэвхийн мэдээллийн санг бүрдүүлж голомт ба тархац нутаг, холбоос нутгийг зураглан авто замын сөрөг нөлөөг улирлын байдлаар ялган тодорхойлж, зэрлэг амьтдын нүүдэл шилжилтэд хамгийн бага нөлөөлөх MNS 6515:2015 болон MNS 6735:2018 стандартын шаардлага хангасан гарц гармыг төлөвлөх зөвлөмж хүргүүлэх, цаашид агнуур, амьдас нийцийн өргөн холбогдолтой зэрлэг хөхтөн амьтдын популяцыг  хамгаалах үр дүнтэй менежментийг боловсруулах, төлөвлөн хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд уг судалгааны ажлын үндсэн зорилго оршино.


Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид анх Японы их сургуультай хамтарсан болон ШУТ-ийн төсөл хэрэгжүүлж, цагаан зээр, бор гөрөөс, халиун буга зэрэг амьтдад сансрын дохиололтой хүзүүвч зүүж Улаанбаатар – Замын Үүдийн төмөр зам болон бусад авто замууд нүүдэллэдэг зэрлэг хөхтөн амьтдад үзүүлж буй нөлөөллийг судалсны дүнд, ялангуяа босоо тэнхлэгийн дагуух авто болон төмөр замууд Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилтэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг болохыг тогтоож, Монгол орны уулын болон тал хээрийн туруутанд зориулсан гарц гарам байгуулах үндэсний стандартыг боловсруулан батлуулсан юм.  Хээрийн судалгааны явцад Богд Хан уулын янгирын популяцийн үндсэн байршил шилжилт, хөдөлгөөн, улирал хоногийн идэвхийг судлан тогтоох зорилгоор янгир ямаанд сансрын дохиололтой хүзүүвч зүүж, байршлын цэгэн мэдээллийг 4 цагийн давтамжтайгаар авч эхлээд байна.  

Уг хээрийн судалгааны ажлыг хамтран гүйцэтгэсэн болон бүх талаар дэмжин ажилласан Азийн Хөгжлийн Банк, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богд-Хан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, ХААИС-ийн Мал Эмнэлгийн сургууль, Ховд, Завхан, Говь-Алтай, Увс аймгийн Байгаль орчны газрын хамт олон, орон нутгийн иргэдэд гүн талархал илэрхийлье.  






Бусад мэдээлэл