Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
ШУА-ИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

  

        Шинжлэх ухааны академийн удирдах ажилтны зөвлөгөөн 2022 оны 05 сарын 06-нд болж өндөрлөлөө. Энэхүү зөвлөгөөн нь шинжлэх ухааны салбарт үйлчилж байгаа хууль, дүрэм, журмын шинэчлэлийн өөрчлөлтийг танилцуулах, тэдгээрийн хэрэгжилтэд идэвх зохион байгуулалттай оролцох зэрэг асуудлыг тодруулах зорилготой зохион байгуулагдлаа. Тодруулбал, УИХ-аас баталсан “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн  бодлого зэрэг тулгуур хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны салбарын оролцоог тодорхойлох, хийгдсэн байгаа судалгааны үр дүнгүүдийг танилцуулах, ашиглах боломжийг олгох, хэрхэн хэрэгжүүлэх арга замын талаар хамтарсан томоохон төсөл, зөвлөмж, санал санаачилгуудын талаар ярилцаж, санал солилцсон юм.


        Түүнчлэн энэ цаг үед улс орны эдийн засаг хүнд нөхцөлд байгаа ч шинжлэх ухаан технологийн салбарт төдийгүй Монгол улсын хэмжээнд хөгжлийн бодлогын баримт бичгүүд илүү тодорхой болж, ээлж дараалан батлагдаж, тэдгээрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүд гарч эхэлж байгааг оролцогчид онцоллоо.

            Зөвлөгөөнд БШУЯ, ШУА, харьяа 16 хүрээлэн, ШУТС болон бусад хувийн хэвшлийн төлөөлөл 150 хүн оролцож 15 илтгэл хэлэлцүүлсэн ба тус хүрээлэнгийн захирал Д.Гантулга, эрдэмтэн нарийн бичгийн дарга Х.Алтанзул, лаборатори, нэгжийн эрхлэгч нар оролцож мэдээ, мэдээлэл авлаа.


            ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “БШУЯ-аас 2022 оны эхэнд “Шинжлэх ухааны салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” зохион байгуулсан. Тус зөвлөгөөн дээр яригдсан хамгийн чухал асуудлууд бол энэ салбарт мөрдөгдөж байгаа, ялангуяа Засгийн газрын түвшинд мөрдөгдөж байгаа дүрэм, журмуудад ямар өөрчлөлт оруулах вэ. Шинээр ямар дүрэм журмыг гаргаж хэрэгжүүлбэл  зохистой вэ  гэдгийг  ярилцсан. Энэ  дагуу БШУЯ  шуурхай  ажиллаж хэд хэдэн дүрэм, журам шинээр батлагдлаа. Энэ шинэчлэлтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа бид  хэрхэн зохион байгуулах юм. Тэр дундаа шинжлэх ухааны академийн өдөр тутмын үйл ажиллагаанд барьдаг бодлогын гол баримт бичиг болох Дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг бодитойгоор яаж үнэлэх вэ, зөвхөн академийн түвшинд биш, хүрээлэн тус бүр дээр хэрэгжиж байгаа стратеги төлөвлөгөөгөө үнэлж дүгнэлт гаргах, түүнчлэн хүрээлэнгүүд стратеги, төлөвлөгөөндөө  өөрчлөлт оруулах шаардлагатай бол  эхний хагас жилд ямар өөрчлөлт оруулах вэ гэдэг дээр  өнөөдрийн зөвлөгөөнөөс хариулт  авах байх гэж бодож байна” хэмээн онцолсон юм.


Бусад мэдээлэл