Олон улсын биологийн төрөл зүйлийн өдөрт зориулан шинэ ном хэвлэгдэн гарлаа
ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамлын аймаг, ангилалзүйн лабораториос “Species catalogue of rare and threatened vascular plants of Mongolia” буюу “Монгол орны гуурст ургамлын ховор, ховордож буй эмзэг зүйлүүдийн лавлах” хэмээх каталог ном хэвлэгдэн гарлаа. Уг бүтээлд тодорхой шалгууруудын дагуу сонгогдсон 96 овгийн 456 төрөлд хамаарах нийт 1472 зүйл (үүнээс 59 дэд зүйл) гуурст ургамал багтсан бөгөөд эдгээр нь нэн ховор, ховор, ховордож буй эмзэг зүйл ургамлууд юм.
Тухайлбал, зүйлийн жагсаалтад ДБХХ-ны Улаан дансны (IUCN Red List) аргачлалаар үнэлэгдсэн дэлхийн (Global) хэмжээнд 178 зүйл, бүс нутаг болон үндэсний хэмжээнд (Regional and National) 427 зүйл, Монгол улсын “Байгалийн ургамлын тухай хууль”-ийн хавсралтад орсон нэн ховор 128 зүйл, ховор 332 зүйл, Улаан ном (2013)-д багтсан 134 зүйл, CITES-ийн хавсралтад орсон 8 зүйл, унаган 120 зүйл, завсрын унаган 532 зүйл, усны 186 зүйл, уур амьсгалийн өөрчлөлтөд эмзэг 484 зүйл, өндөр уулын 418 зүйл, Монгол орны ургамал-газарзүйн зөвхөн ганц тойрогт тархдаг 618 зүйл, үлдвэр 70 зүйл, хэт ашиглалтын улмаас өртөгдөн хөнөөгдөж байгаа 54 зүйлийг тус тус хамруулжээ.
Ургамлын зүйл бүрт шинжлэх ухааны болон адилцаа нэрс, дэлхийн ба бүс нутгийн хийгээд Монгол орны тархалтын мэдээлэл, хамгааллын бүлэг, ховордолын зэрэглэл, ДБХХ-ны амьдрах орчны төрлүүд (IUCN Habitat Type), Биологийн төрөл зүйлийг хамгаалах олон улсын конвенциуд (Bern, CITES, Habitats Directive, Ramsar Convention) болон Монгол улсын холбогдох хуулиуд, Улаан ном (Red Book) ба Улаан дансны (IUCN Red List) үнэлгээ зэрэг холбогдох мэдээллүүдийг оруулав. Үүнд 150 гаруй бүтээл, эх сурвалжийн мэдээллийг шүүсний гадна ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамлын сан (Herbarium UBA) дахь гуурст ургамлын 64,500 гаруй биет цуглуулгын мэдээлэлд үндэслэсэн.
Тус лавлах нь Монгол орны гуурст ургамлын ховор, ховордож буй зүйлүүдийн анхны бүрэн хэмжээний бүртгэл бөгөөд үүнд онцгой анхаарал хандуулах зүйлүүдийг илрүүлснээр засгийн газар болон холбогдох яам, агентлаг зэрэг эрх бүхий байгууллагуудын бодлого боловсруулагчдад эдгээр зүйлүүдийг хууль эрхзүйн хувьд хамгаалах арга хэмжээг бий болгоход чиглэгдсэн ба цаашид хамгааллын төлөвлөгөөг боловсруулах, учрах аюул заналыг тодорхойлох үүднээс ДБХХ-ны Улаан Дансны (IUCN Red List Criteria) шалгуурын дагуух үнэлгээг ялангуяа унаган, үлдвэр, усны болон өндөр уулын зүйлүүдэд хийх нэн шаардлагатайг илэрхийлсэн буй.
Энэ нь цаашид шинэлэгдэх “Монгол улсын Улаан ном”, “Монголын Ургамлын Улаан данс”, “Байгалийн ургамлын тухай” хууль, “Нэн ховор болон ховор ургамлын жагсаалт” тэргүүтний шинжлэх ухааны үндэслэл, эх материал болох чухал ач холбогдолтой бүтээл бөгөөд олон улсын Биологийн төрөл зүйлийн өдөрт зориулан хэвлэгдсэнээрээ онцлог юм.
Уг бүтээлүүдтэй та бүхэн ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн номын санд ирж танилцах боломжтой.
Мэдээг бэлтгэсэн (номын зохиогч): Ургамлын аймаг, ангилалзүйн лабораторийн эрхлэгч, доктор М.Ургамал