Үндсэн агуулга руу

Мэдээ

Вайоминг болон айдахогийн их сургуулийн профессорууд илтгэл тавилаа

2022.04.06  |  МэдээfX⧉

Mанай хүрээлэнтэй хамтран ажиллаж буй АНУ-ын Вайоминг болон Айдахогийн их сургуулийн профессорууд 2022 оны 4-р сарын 4-нд ШУА-ийн Биологийн хүрээлэнд зочилж, хамтын ажиллагааны талаар хэлэлцэхийн зэрэгцээ өөрсдийн судалгааны ажлын чиглэл, тэдгээрээс гарсан үр дүнгээс танилцууллаа. 

Вайомингийн их сургуулийн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн сургуулийн захирал, профессор Жон Копровски "How do we make a difference? The importance of community-based conservation" (Бид хэрхэн өөрчлөлтийн авчрах вэ? Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын ач холбогдол) сэдвээр, Айдахогийн их сургуулийн Загас болон зэрлэг амьтан судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Лизетте Веист "Genetic Monitoring of Wildlife for Conservation" (Зэрлэг амьтны хамгаалалд генетик мониторинг) сэдвээр тус тус сонирхолтой илтгэл тавилаа. Энэхүү семинарт Биологийн хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэн судлаачдаас гадна ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, ГИДЦГ-ийн Б хэсэг, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Зэрлэг амьтан судлан хамгаалах төв, НҮБХХ-ийн “ENSURE” төсөл зэрэг олон улсын болон эрдэм шинжилгээний бусад байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж сонирхон асуулт хариулт өрнүүллээ. 

Манай хүрээлэнгийн Хөхтний экологийн лаборатори нь профессор Жон Копровскитой 2018 оноос хамтран ажиллаж 2020 онд албан ёсоор хамтын ажиллагааны гэрээ байгуулан  ажиллаж байна. Цар тахлын улмаас хээрийн судалгааны ажил хойшлогдож энэ жилээс Хөхтний экологийн лабораторийн судлаачид Вайомингийн их сургууль болон Айдахогийн их сургуулийн судлаачидтай хамтран Монгол орны хэрмийн овгийн хөхтөн амьтдын экологи, хамгааллын хамтарсан судалгааны ажил эхлүүлж байна.