Ахмад ботаникчийн бүтээл хэвлэгдэн гарлаа
ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгээс өмнөх үеийн ахмад эрдэмтдийнхээ онол, арга зүйн өндөр төвшинд туурвисан онцлох бүтээлүүдээс сонгон дээжилж, буурал эрдэмтдийнхээ мэндэлсний тэгш ойд уялдуулан хэвлэн нийтэлж, түмэн олны хүртээл болгох ажил уламжлал болон зохиогдсоор байгаа билээ.
Энэ удаад Монголын зөгнөлт зохиолын нэрт төлөөлөгч, ШУА-ийн Байгалийн ухааны хүрээлэн, Ботаникийн хүрээлэнгийн ууган эрдэм шинжилгээний ажилтнуудын нэг, нэрт ургамал судлаач, биологийн ухааны доктор Жамьянгийн Галын манай орны байгаль орчин, биологийн шинжлэх ухааны хөгжлийн түүхэн нэгэн зурвас үеийн баримт хэмээн нэрлэж болохуйц, хойч үед өвлөгдөн үлдэх “Амгалан оршихуйд аминзүйн шинжлэх ухааны ач холбогдол” сэдэвт бүтээлийг хэвлэн гаргалаа.
ЗОХИОГЧИЙН ТУХАЙ
ЖАМЬЯНГИЙН ГАЛ (1937-2000)
Жамьянгийн Гал нь 1937 онд Говь-Алтай аймгийн
Бигэр суманд төрж, орон нутагтаа бага, дунд сургууль дүүргэж, улмаар МУИС-д элсэн орж биологич
мэргэжлээр 1961 онд төгсжээ. Тэрбээр тэр
жилээ ШУА-ийн Байгалийн ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар, 1974
оноос тухайн үеийн Ботаникийн хүрээлэнгийн Ургамлын нөөц судлалын салбарын
анхны эрдэм шинжилгээний ажилтнуудын нэг болсноос хойш эрдэм шинжилгээний
ахлах, тэргүүлэх ажилтан, салбарын эрхлэгч зэрэг ажлыг 2000 оныг хүртэл
гүйцэтгэжээ.
1968 онд "Заган ойн нөөцийг ашиглах биологи-экологийн үндэс" сэдэвт ном бичиж, загийн болон говийн судалгааны ажлын тайлан олон арвыг боловсруулан хэвлүүлсэн эрдмийн бүтээлээрээ дэд эрдэмтний зэрэг хамгаалах шалгуур, болзлыг хангасан эрдэмтдийн нэг байлаа.
Эрдэмтэн зохиолч Ж.Гал нь орос, монгол хэл дээр 70 шахам эрдэм шинжилгээний өгүүлэл, 14 ном, товхимол хэвлүүлж, судалгааны ажлынхаа дүнг үндэслэн “Говь гайхамшигт нутаг” зэрэг эрдэм шинжилгээний хялбаршуулсан 6 ном хэвлүүлж, нийт 34 ажил үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бөгөөд нийтдээ 28 ном товхимол хянан тохиолдуулж, 30 орчим нийтлэл өгүүллэг, радио, телевизийн нэвтрүүлэг хийжээ.
Мөн 1957 оноос уран зохиол оролдож “Чулуун сарлаг”, “Үертийнхэн”, “Мянган уулын шүүдэр цэцэг”, “Шүрэн аралд болсон явдал”, “Буурал аавын асуулт”, “Хургачин”, “Ботгон чинээ бор шувуу”, “Хөвчийн гүнж” зэрэг зөгнөлт тууж бичиж, “Болор толийн нууц”, “Хорт зэрэглээний оронд” зөгнөлт роман зэрэг нийт 10 ном хэвлүүлсэн байна.
Мөн 90 орчим шог өгүүлэл, шог гараа, ёгтлол, ёгт өгүүлэл бичиж Монголын нэрт уран зөгнөлт зохиолчдын нэг болжээ. Мөн үүний хажуугаар кино зохиол, диафильм, мультфильм, адал явдалт зохиолууд бичиж байсан бөгөөд манай улсын түүхэн эгзэгтэй үе болох 1924-1940 оны амьдрал тэмцлийн дүр зургийг өвөрмөц аргаар харуулсан “Цагийн сүлжээ” романыг 1989 онд хэвлүүлжээ. Олон арван өгүүлэл тууж бичсэнээс “Цэнхэр угалз” зэрэг нэлээд хэдэн өгүүллэг нь ЗХУ-ын уран зохиолын сэтгүүлд орос хэл дээр орчуулагдан хэвлэгдэж байсан юм.
БҮТЭЭЛИЙН ТУХАЙ ТОВЧХОН
Жамьянгийн Гал агсны Монгол улсын биологийн шинжлэх
ухааны онол, арга зүйн хөгжлийн түүхэн нэгэн зурвас үеийн баримт болон хойч үед
үлдэх “Амгалан оршихуйд аминзүйн шинжлэх ухааны ач холбогдол” сэдэвт бүтээл
нь Ерөнхий, Тусгай, Зөвлөмж гэсэн гурван үндсэн хэсэгтэй.
Эдгээр хэсгүүдэд хамаарах 10 бүлэгт амгалан оршихуйн мөнхийн баримтлал, амьд биесийн оршихуйн төлөв, түүнд холбогдох стратегийн үндсэн асуудлууд, ургамлын баялагт зөв хандах хандлагын тухай, эмийн болон хүнсний ургамалд хандах стратеги, Монгол орны ойн баялгийн тухай, гоц хорт ургамлууд, ургамлын гаралтай донтуулагч, мансууруулагч бодисоос сэргийлэх тухай, архи-ургамлын гаралтай онцгой донтуулагчийн тухай, хүнсний ургамлын зарим өвчин хортон, барагшүнийн гарал үүслийг ареалогийн үүднээс тайлбарласан зэрэг шинжлэх ухаан танин мэдэхүйн ач холбогдолтой биологи экологийн олон сэдвийг хөндсөн бүтээл болжээ.
Уг бүтээлтэй Та бүхэн ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн номын сангаас уншиж танилцах боломжтой.
Мэдээлэл бэлтгэсэн: Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Э.Ариунболд