Үндсэн агуулга руу

Бүтээл

Ахмад ботаникч о.чогний агсны бүтээл хэвлэгдэн гарлаа

2018.12.06  |  БүтээлfX⧉

ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгээс Монгол орны бэлчээрийн ургамал судлаач, ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн ууган эрдэм шинжилгээний ажилтнуудын нэг, биологийн ухааны доктор Очирбатын Чогний агсны “Монголын ойт хээр, хээрийн бүсийн нүүдлээр ашиглагдсан бэлчээрийн өөрчлөгдөх, сэргэх онцлог” сэдэвт бүтээлийг эргэн сэргээж, хэвлэн гаргаж байна.

ЗОХИОГЧИЙН ТУХАЙ

ОЧИРБАТЫН ЧОГНИЙ (1936-2001)

Очирбатын Чогний нь 1936 онд Архангай аймгийн Цахир сумын нутаг Байц хэмээх газарт мэндэлсэн. 1961-1966 онд ОХУ-ын Эрхүү хотын Их Сургуульд суралцан Биологи-ботаник-химийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшин 1966 онд Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар, 1974 оноос Ботаникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, ШУА-ийн Тэргүүлэгчдийн Газарт Байгалийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэн нарийн бичгийн даргаар 2001 оныг хүртэл ажиллажээ.

О.Чогний 1975 онд “Дорнод Хангайн ойт хээрийн бэлчээрийн өөрчлөгдөх, нөхөн сэргэх зүй тогтол” сэдвээр биологийн ухааны дэд эрдэмтний зэрэг амжилттай хамгаалсан.

Мөн 1990-1992 онд Япон-Монголын хамтарсан “Гурван гол” олон улсын төслийн багийн судалгаанд оролцон ажилласан, 1996-1997 онд АНУ, ХБНГУ-ын эрдэмтэдтэй хамтран “Хээрийн экосистемийн өөрчлөлт”, “Нүүдэл, бэлчээрийн ашиглалт, түүний өөрчлөлт”, “Хойд Америк болон Өвөр Азийн бэлчээр” зэрэг олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд тус тус оролцон судалгааны ажлын үр дүнгээрээ олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн сэтгүүлүүдэд хамтын бүтээл хэвлэн нийтлүүлжээ. Мөн хуучнаар ЗХУ-ын нэрт эрдэмтэдтэй хамтран Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицэд хамрагдаж манай орны ойт хээр, хээрийн бүсийн бэлчээрийн ургамлан нөмрөгийн экологи, биологи, нөхөн сэргэх онцлогийг нарийвчлан судалжээ.

Доктор О.Чогний нь нэгэн сэдэвт бүтээл, ном товхимол 10 орчим, эрдэм шинжилгээний өгүүлэл 70 гаруй, эрдэм шинжилгээний хялбаршуулсан өгүүлэл 40 гаруй, олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурлуудад 30 орчим илтгэл хэлэлцүүлсэн, үйлдвэрлэлд 4 сэдэвт ажил, зөвлөмж нэвтрүүлж, Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн шугамаар лекц уншсанаас гадна олон арван оюутны диплом, магистр, докторын ажлуудыг удирдан амжилттай хамгаалуулсан манай тэргүүний ахмад, ургамал судлаачдын нэг байсан билээ.

БҮТЭЭЛИЙН ТУХАЙД

Очирбатын Чогний агсны “Монгол орны ойт хээр, хээрийн бүсийн нүүдлээр ашиглагдсан бэлчээрийн өөрчлөгдөх, сэргэх онцлог” сэдэвт шинжлэх ухаан, онол практикийн өндөр ач холбогдол бүхий бүтээл анх 2001 онд хэвлэгдэн олны хүртээл болж байжээ.

Зохиогч уг бүтээлдээ 1970-1990 онд Монгол орны ойт хээр, хээрийн бүсэд орших Архангай, Өвөрхангай, Төв, Булган, Хөвсгөл, Завхан, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгуудын төв, мөн Улаанбаатар хот орчмын хүн, амьтан, малын хөлийн нөлөөгөөр ихээхэн өөрчлөгдөн талхлагдсан газрын ургамлан нөмрөгийн хувирах, сэргэх онцлогийг судалсан олон жилийн хөдөлмөрийн үр дүнгээ нэгтгэж, тунгаан боловсруулж тусгажээ.

Зохиогч энэхүү бүтээлийнхээ хүрээнд Монгол орны бэлчээрийн өөрчлөгдөх, сэргэх зүй тогтлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр анх удаа илрүүлэн тодорхойлж, талхигдсан бэлчээрийн өөрчлөгдөх, сэргэх үе шат, хугацааг тодорхойлж, үүнтэй уялдуулан бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, хэрхэн нөхөн сэргээх, сайжруулах тухай биологи-экологийн үндэслэлийг зөвлөн боловсруулсан нь тухайн үедээ 10 гаруй аймгийн бэлчээр зохион байгуулалтад гарын авлага болон ашиглагдаж, үр дүнгээ өгч, практикт хэрэгжиж байсан.

Тэрбээр уг бүтээлээ дүгнэн: Манай орны бэлчээр харилцан адилгүй байгаль, цаг уурын нөхцөлд оршдог, хүн, мал, амьтны үйл ажиллагааны нөлөөгөөр үлэмж өөрчлөгдөж байдаг, ургацын хэмжээ, чанар нь жил бүр ихээхэн хэлбэлзэлтэй учир нутаг тус бүрийн бэлчээрийн өөрчлөгдөх, сэргэх онцлогийг сайн танин мэдэхгүйгээр бэлчээрийг зохистой ашиглах, сэргээн сайжруулах асуудлыг зөв шийдвэрлэж чадахгүй. Иймээс бэлчээрийн өөрчлөгдөх, байгалийн аясаараа сэргэх онцлогийг танин мэдэх нь бэлчээрийг зүй зохистой ашиглах, сайжруулах, хамгаалах шинжлэх ухааны үндэслэл болно хэмээн бичсэн нь орчин үед тулгамдаж буй манай орны мал аж ахуй, бэлчээрийн үндсэн асуудлууд, ойт хээр, хээрийн бэлчээрийг зохистой ашиглахад суурь үндэслэл болох бөгөөд одоо ч уг бүтээл нь үнэ цэнэ, ач холбогдлоо алдаагүй болохыг харуулж байна.  

Уг бүтээлтэй Та бүхэн ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн номын санд уншиж танилцах боломжтой.

Мэдээлэл бэлтгэсэн: Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Э.Ариунболд