Үндсэн агуулга руу

Бүтээл

“би шувуу ажиглагч” хүүхдийн номны тухай

2021.06.21  |  БүтээлfX⧉

“БИ ШУВУУ АЖИГЛАГЧ” ХҮҮХДИЙН НОМНЫ ТУХАЙ

Биологийн хүрээлэнгийн Шувуу, шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтуяа, Ц.Өлзий нар бичиж, шувууны гэрэл зурагчин Л.Жаргалсайханы гэрэл зургуудаар баяжуулсан монгол орны шувуудын тухай, хүүхэд багачуудад зориулсан анхны ном хэвлэгдлээ.


Энэхүү бүтээл нь монголын ирээдүй болсон мянга мянган хүүхэд багачуудыг монгол орныхоо шувуудыг таньдаг, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалдаг иргэн болон төлөвших, цаашлаад биологийн шинжлэх ухаанд зөв, сонирхолтой аргаар суралцах, ирээдүйд чадварлаг биологич болох хүсэл, эрмэлзлийг дэмжих зорилгоор бүтээгдсэн билээ.

Бүтээлийн онцлог:

Шинжлэх ухааны баримт материалууд дээр үндэслэсэн 24 сэдэвтэй

Монгол орны шувуудын тухай сонирхолтой түүх агуулсан

Өөрсдийн судалгааны хүрээнд цуглуулсан материал ашигласан

Монгол орны шувуудын, өндөр чанартай 100 гаруй гэрэл зургаар баяжуулсан

Хүүхэд багачуудыг байгальд аялах, шувуу ажиглагч болоход туслах зөвлөмжүүд

Шувуу судлалын өвөрмөц нэр томьёоны жагсаалттай

НОМЫН ХЭСГЭЭС...

ШУВУУ ХЭРХЭН СУДЛАХ ВЭ?

Шувуу судлалын салбар сонирхолтой байдаг гол шалтгаан бол үргэлж шинэ, содон мэдээлэл, судалгааны үр дүн гарч байдагтай холбоотой билээ.

Өмнө дурдсан тэдний амьдрах орчин, зан төрх, нүүдэл, бие бүтцийн онцлог зэрэг шувуудтай холбоотой бүхий л зүйлсийн талаар дэлхий даяар судлаачид үргэлж судалж байдаг.


Эдгээрээс шувуудын ангилал зүй, бүлийн амьдралын хэлбэрүүд, зан төрх, тархины үйл ажиллагаа, энерги зохицуулалт зэрэг олон сэдвүүд одоо болтол бүрэн судлагдаагүй, бидний өмнө нээлттэй байсаар байна. Энэ бүхэн шувуудын талаар шинэ мэдлэг, мэдээлэл олж илрүүлэх хүслийг улам бадраадаг. Гэсэн хэдий ч шувуу судлал бол хүүхдүүд та нарын бодож байгаа шиг хэцүү салбар биш шүү. Хүсвэл та нар бие даагаад судалсан ч болохоор гээд боддоо. Эхлээд хоёр зүйлийг сайн сурах хэрэгтэй.

Нэгдүгээрт-тэдний амьдралын хэлбэрийг ажиглах.

Хоёрдугаарт-шувуудыг хараад таньдаг болох.

Өөрөөр хэлбэл тэднийг маш нарийн ажиглан, маш тодорхой тэмдэглэл хөтөлнө гэсэн үг юм. Шувуу ажиглаж байхдаа юу хийж байгаа, хэрхэн хийж байгаа, биеийн хэлбэр, хэмжээ, өнгө зүс, онцгой шинж тэмдэг гэх мэт харсан бүх зүйлээ тэмдэглэх хэрэгтэй.

Та нарт шувуудыг ажиглаж, тодорхойлох үйл явцыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Хэрэв шувууд хооллож байвал тэд ихэвчлэн хаанаас хоолоо түүж байгааг онцгойлон анхаараарай. Тухайлбал: модны хонгил, зааг завсраас уу, нарийн мөчир, навчис дундаас уу, өвсний орой, газар дээрээс үү, агаарт нисэж байхдаа хооллож байна уу зэрэг бүхий л хооллолтын хэлбэрийг анхааралтай ажиглаж тогтооно.

Үүний дараа ажиглалтаа бүр нарийвчлахыг хичээгээрэй. Тухайн шувууны хооллож буй зүйл шавьж эсвэл үр жимс, бүр цаашилбал царцаа, цох, өт, авгалдай гэх мэт. Хоолоо барьмагцаа залгиж байна уу, идэлгүй амандаа зуугаад цуглуулж байна уу зэргийг анхаарч ажиглана.

Мөн түүний зан төрхийн онцлогийг мартаж болохгүй. Үүнд шувууд хөдөлгөөнгүй зогсож байна уу, сүүлээ хөдөлгөж байна уу, биеэрээ хөдөлж байна уу, мөчир хооронд тасралтгүй дамжиж байна уу, цэцэг, ургамал дээгүүр эргэлдэж байна уу, модны холтсыг хушуугаараа тоншиж байна уу зэрэг үйлдлүүд хамаарна.Үүнээс гадна газар дээгүүр алхаж байна уу эсвэл ойр ойрхон үсрэх маягаар явж байна уу, дуу гаргаж байна уу эсвэл чимээгүй байна уу, шулуун нисч байна уу эсвэл дээш доош долгиолж нисч байна уу зэрэг мэдээллийг дэвтэртээ тэмдэглэж авбал дараа нь шувуу тодорхойлох гарын авлагаас ямар шувуу вэ гэдгийг хайхад чухал мэдээлэл болно.

Биеийн хэмжээг тодорхойлох хамгийн амархан арга бол өөрийн хамгийн сайн мэдэх шувуутайгаа жишиж тодорхойлох. Тухайлбал боршувуунаас арай жижиг, намнаахайтай ойролцоо, хөөндэйнөөс үл ялиг том гэх мэтээр өөрийн тэмдэглэлдээ бичиж болно. Мэдээж дараа нь гарын авлагаас хайх үед хэрэглэх нэг түлхүүр болно.


Үүний дараа биеийн хэлбэрийг гуалиг, бахим, бандгар зэрэг өөрийн үгээрээ тодорхойлж болно. Мөн эвэр, согсоо, онцгой хэлбэртэй урт, богино сүүл зэрэг өвөрмөц шинж тэмдгийг нь тэмдэглэж авна.

Мэдээж хушууны хэлбэрийг мартаж болохгүй. Хушууны хэлбэр, өнгөнөөс гадна уртыг нь толгойн хэмжээтэй харьцуулан тэмдэглэвэл илүү ойлгомжтой байдаг. Хэрэв бор шувууны хушуу шиг бүдүүн, бахим, бага зэрэг богино бол үрээр хооллогч, намнаахай шиг урт, шулуун, нарийн бол шавьжаар хооллогч, хурц, хавтгай, том ангайдаг бол нисдэг шавьжаар хооллодог байх боломжтой.

Хамгийн сүүлд биеийн ерөнхий өнгө зүсийг сайтар ажиглах хэрэгтэй. Үүнд далавч болон сүүлэн дээрх толбо, тэмдэг, нүдний цагираг, хөмсөгний өнгө, гүеэ хар эсвэл цайвар эсэх, цээж бидэртэй эсвэл зураасан толботой эсэх гэх мэт нүдэнд харагдах онцгой шинжүүд хамаарна. Энэ бүх зүйлсийг нэг бүрчлэн хараад тогтоочихно гэж найдаж болохгүй. Бүх ажигласан мэдээлэл болгоноо тухайн цаг мөчид тэмдэглэж авах эсвэл дуу хураагуурт бичих нь шувуудыг маш сайн таньдаг болох нэг эхлэл юм шүү.

Зарим хүмүүс шувуудын нэрийг нарийн тодорхойлохын тулд гартаа барьж далавч, сүүлний өдийг тоолох, биеийн хэмжээсийг авах хэрэгтэй гэж бодож байж магадгүй. Гэвч шинжлэх ухааны нарийн зорилгогүй бол энэ бүхэн огт шаардлагагүй. Учир нь бараг бүх шувуудыг дээр дурдсан аргаар алсаас ажиглаад эсвэл фото зургийг нь дараад сайн гарын авлагын тусламжтайгаар бүрэн тодорхойлох боломжтой юм.

Монгол орны хувьд сүүлийн жилүүдэд шувуудын чанартай зураг, нарийн мэдээлэл бүхий гарын авлага, тодорхойлох бичиг олон гарч байгаа тул шувуу ажиглах нь улам л сонирхолтой, хялбар болсоор байна. 

Хэдийгээр хүүхдүүд та нарт шувуу ажиглах нь авхаалж самбаа сорьсон, нүдний хараа шалгасан зугаатай зүйл мэт санагдах боловч энэ бүхнээс илүү тэвчээртэй байдал хамгийн чухал шүү. Яаран дүгнэлт хийхээс татгалзаж, өөрийн ажигласан мэдээллээ заавал баттай эсэхийг нарийн шалгах хэрэгтэй. Шувууд жимсний бутан дунд мөчирнөөс мөчир дамжин нисч байгааг ажиглаад жимсээр хооллодог гэж дүгнэж эсвэл тааж болохгүй. Жимсний бутан дээр байгаа шавьжийг ангуучилж байж болно. Тиймээс баттай мэдлэгтэй болохын тулд тэвчээр хамгийн түрүүнд шаардлагатай. Ингэж тэвчээртэйгээр ажиглаж, тэмдэглэж, бататгаж, өөртөө мэдлэгийг бий болгож сурвал хүүхдүүд та нар ирээдүйд хүссэн ажил мэргэжилдээ амжилт гаргах нь дамжиггүй бизээ.