Үндсэн агуулга руу

Бүтээл

Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн ээлжит бүтээл хэвлэгдэн гарлаа

2018.03.01  |  БүтээлfX⧉

Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн эрдэмтдийн судалгааны дүнгээр хэвлэгдэн гардаг "Монгол орны байгалийн нөхцөл ба биологийн нөөц" цуврал бүтээлийн 63 дахь дугаар буюу “Байгаль нуурын сав газрын өмнөд хэсгийн экосистемийн өөрчлөлт” сэдэвт монгол, оросын эрдэмтдийн хамтын бүтээл (Бажа С.Н., Данжалова Е.В., Дробышев Ю.И., Хадбаатар С. Трансформация наземных экосистем южной части бассейна Байкала. М.: КМК, 2018. Т. 63. – 402 с.) хэвлэгдэн гарлаа.

Уг бүтээлд Монгол улс, ОХУ-ын ШУА-ийн харъя Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн эрдэм шинжилгээний ажлын хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэсэн олон жилийн судалгааны үр дүнг тусгажээ. Бүтээлд Байгаль нуурын сав газрын өмнөд хэсгийн ойт хээрийн ландшафт бүхий экосистемд өдгөө хүний хүчин зүйлийн нөлөөнөөс үүдэлтэй бэлчээрийн талхлагдалын тархалтын үндсэн төрлүүд болох ой устах, бэлчээр доройтох, хөрс хуурайших зэрэг үйл явц хөрс-ургамлан нөмрөгт хэсэгчилсэн болон бүтнээр хувирч буйг нийт 6 тооны загвар цэгүүдэд судлан харуулсан болно.

Энэхүү хамтын бүтээлийн гол ач холбогдол нь бэлчээрийн талхлагдалын үйл явцын төлөв байдлыг харуулахыг зорьсноос гадна сонгогдсон загвар цэгүүдийн экосистемийн төрөл тус бүрд газарзүйн мэдээллийн системийн базыг бүрдүүлэн тухайн экосистемийн доройтлыг илэрхийлэгч таниур (индикатор)-ыг тодорхойлсонд оршино.

Уг бүтээлтэй Та бүхэн ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн номын сангаас уншиж танилцах боломжтой юм.

"Монгол орны байгалийн нөхцөл ба биологийн нөөц" цуврал бүтээл нь 1972 оноос үндэслэгдсэн болно.  

Мэдээлэл бэлтгэсэн: Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D)  Э. Ариунболд