Вэбсайтын цэс
Хэлний сонголт
АДУУНЫ ЭРТНИЙ ОЛЗВОРТ НАС, ХҮЙС ТОГТООХ СУДАЛГАА ХИЙВ
АДУУНЫ ЭРТНИЙ ОЛЗВОРТ НАС, ХҮЙС ТОГТООХ СУДАЛГАА ХИЙВ

Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялангийн хадны оршуулгаас олдсон МЭ-ний VI зууны үед холбогдох эртний адууны нас, хүйс, явдал тодорхойлох судалгааг Соёлын өвийн үндэсний төв (СӨҮТ), “Усан тэлмэн жороо судлалын академи” ТББ-ын захиалга, дэмжлэгээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн судлаачид хамтран хийж гүйцэтгэлээ.Эртний бодгаль адууны эрмэл үлдэгдлээс шүд болон хэмт ясны дээж авч морфоанатоми, орчин үеийн молекул генетикийн арга зүй ашиглан судалж 19 (±1) настай, жороо морь байсан болохыг тогтоож, судалгааны ажлын үр дүнг танилцуулж, тайланг захиалагчид хүлээлгэн өглөө.

 

Тайлангийн нэгдсэн дүгнэлт:

 

1.      Тухайн адууны шүдний цементумын давхарга дахь жилийн цагирагийн тоонд үндэслэн насыг тодорхойлсон ба уг адуу нь 19 (±1) настай гэж үзсэн болно.

2.      Адууны удамшлын материалд хүйс тодорхойлох Амелогенин (AMEL) генийн хэсгийн тусламжтай хүйс тодорхойлох судалгааг полимеразын гинжин урвалын аргаар хийж энэхүү эртний адуу нь XY хромосом бүхий эр бодгаль болох нь тогтоогдсон байна.

3.      Уг судалгаанд жороо адуу болон хэвийн алхаатай нийт дөрвөн адууны цуснаас, мөн эртний адууны яснаас нийт хоёр аргаар удамшлын материал болох ДНХ молекул ялган адууны явдлын өвөрмөц жороо хэлбэрийг нөхцөлдүүлэгч Doublesex and Mab-3 Related Transcription Factor 3 (DMRT3) генийн мутант аллелийг тодорхойлоход уг эртний адууны эрмэл үлдэгдэлд DMRT3 генийн А/А гомозигот аллель илэрсэн тул уг адуу нь жороо явдалтай байсан гэж үзсэн байна.



Бусад мэдээлэл