Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ ТАРВАГА СЭРГЭЭН НУТАГШУУЛСАН АЖЛЫН ҮР ДҮНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ
МОНГОЛ ТАРВАГА СЭРГЭЭН НУТАГШУУЛСАН АЖЛЫН ҮР ДҮНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламж санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн газар хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” “ENSURE” төслийн захиалга, санхүүжилтээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг буюу Тарвагатайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газарт Монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг 2 үе шаттай буюу 2020 -2021 оны хавар тус бүр 25 толгой, 2021 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг Мод толгой гэх газарт 20, нийт 70 толгой бодгалийг сэргээн нутагшуулах ажлыг Биологийн хүрээлэнгийн хөхтөн судлаачдын баг хийж гүйцэтгэв. Төслийн удирдагчаар биологийн шинжлэх ухааны доктор, профессор  Я.Адъяа ажиллав.

Монгол тарвагыг сэргээн нутагшуулах ажлын хүрээнд мөрдөх хууль эрхзүйн асуудлыг нарийвчлан судалж шаардлагатай зөвшөөрөл, аргазүй болон бусад бүрдүүлэх баримт бичгийн бүрдлийг хангах, тарвага сэргээн нутагшуулах зорилгоор барих болон нутагшуулах газрыг сонгох, амьтныг барих, түр тэжээн байршуулах, зөөвөрлөх, байгальд суллан тавих, нутгийн иргэдэд сэргээн нутагшуулах ажлын ач холбогдлыг сурталчлан таниулах зэрэг шат дараалсан үйл ажиллагаа, бэлтгэл ажлыг ханган ажиллав.    

Мониторинг судалгааны явцад сэргээн нутагшуулсан тарваганы популяцийн тоо толгой жилд 13.6 хувь өсөж, үржлийн хосын тоо нэмэгдсэн, тухайн популяцид мөндөлийн эзлэх хувь өндөр (26.4%,),  биологийн үхэл хорогдол бага (6.5%), үржлийн эрчим хэвийн байгаа нь сэргээн нутагшуулах ажил эерэг үр дүнтэй байгааг харуулж байна.


  













































                 

Энэхүү судалгаанд сансрын зураг болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан тарваганы ичээ нүх тоолох, нягтшилыг үнэлэх аргазүйг боловсруулан ашиглав.



Орон нутгийн байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагын мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, нөхөрлөлийн гишүүдэд Монгол тарваганы биологийн онцлог, амьдрах орчны талаар болон судалгаа ажиглалтын багаж хэрэгслэлийг ашиглах, мэдээлэл цуглуулах сургалт зохион байгуулж цаашид нутагшуулсан тарвагыг хэрхэн нутгийн иргэдийн оролцоотой хамгаалах зөвлөмж санал боловсруулав.

 

Тарвага сэргээн нутагшуулсан байршил нутгийг орон нутгийн ард иргэд, нөхөрлөлд хариуцуулан, төслийн орон нутгийн зохицуулагчид, УТХГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хяналт тавин хамтран ажиллаж байгаа нь хүний шууд ба дам сөрөг нөлөө, хууль бус агнуураас сэргийлэх улмаар тоо толгой өсөх боломжийг бүрдүүлж байна. 




 



 


Бусад мэдээлэл