1969 онд МАХН -ын Төв Хорооны Улс Төрийн товчооны 294 -р тогтоолоор ШУА -ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн дэргэд Генетикийн лаборатори (тэр үеийн нэрээр тасаг) байгуулагдсанаар Монголд Генетикийн шинжлэх ухаан үүсч хөгжих эхлэл тавигдсан юм. Боловсон хүчин болон материаллаг бааз хөгжихийн хэрээр судалгааны ажлын цар хүрээ тэлж, манай орны таван хошуу мал, тариалангийн гол ургамал болох улаан буудайн генетикийн судалгааг манай генетикчид амжилттай гүйцэтгэж орчин үеийн туршилт судалгааны ажлын шинэ шинэ чиглэлүүд үүсэн хөгжсөн байна. Тус лабораторид ажилласан эрдэмтэн судлаачид Молекул генетикийн лаборатори, Хүний генетикийн лаборатори, Ургамлын эд, эсийн өсгөврийн лаборатори, Генетикийн нөөцийн лабораторийг байгуулан ажиллуулсан байна.
“Монголд генетикийн шинжлэх ухаан - 50 жил” эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 10 сарын 11 -ны өдөр зохион байгуулав. Уг эрдэм шинжилгээний хуралд тус лабораторийн үе үеийн судлаач эрдэмтдээс гадна МУИС, АШУҮИС, ХААИС, МУБИС, МЭХ, АУ-ны хүрээлэн, АУАкадеми, НЭМҮТ зэрэг байгууллагуудад ажилладаг судлаачид Монголд дахь генетикийн шинжлэх ухааны ололт, амжилт бүтээл, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцож нийт 15 эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцэв. Академич Д.Баатар тус хурлыг нээж, доктор Х.Түмэннасан “Монголд Генетикийн шинжлэх ухаан үүсч хөгжсөн түүхэн замнал” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв. Тус хурлын төгсгөлд монголын генетик молекул биологичид хамтран холбоо, нийгэмлэг байгуулан зохион байгуулалтад орж ажиллах нь манай орны генетикийн шинжлэх ухааны хөгжил, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй байх болно гэсэн саналыг академич Д.Баатар, Ц.Оюунсүрэн, доктор Х.Түмэннасан тэргүүтэй олон эрдэмтэд гаргаж ихэнх оролцогсод дэмжсэн юм.
Тус хурлыг санаачлан зохион байгуулсан тус хүрээлэнгийн Генетикийн лаборатори, Молекул биологийн лабораторийн хамт олон болон ивээн тэтгэсэн БСШУЯ, ШУТСан, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Монос Фарма ХХК, ЗанаСпекс ХХК болон үе үеийн судлаачиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.