Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ХАЛИУН БУГЫН ПОПУЛЯЦИД НӨӨЦ ТАРХАЛТЫН СУДАЛГАА ХИЙХ АЖЛЫН ҮР ДҮН ГАРЛАА
ХАЛИУН БУГЫН ПОПУЛЯЦИД НӨӨЦ ТАРХАЛТЫН СУДАЛГАА ХИЙХ АЖЛЫН ҮР ДҮН ГАРЛАА


Зарим тусгай хамгаалалтай газрууд болон говийн бүсийн уулсад халиун бугын тархац нягтшил, тэдгээрийн хооронд холбоос нутаг илрүүлэх судалгааг Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лаборатори хийж гүйцэтгэв. Энэ судалгааны ажил нь 2019-2020 онд Биологийн олон янз байдлыг хамгаалах, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн хүрээнд хэрэгжүүлсэн судалгааны ажлын үргэлжлэл бөгөөд Их богд ууланд нүүдэллэн очсон сансрын дохиололт хүзүүвчтэй бугын амьдрах орчин нөхцөл, сүрэг үүсгэсэн эсэхийг тодруулах зорилготой байсан юм.

Тарвагатайн нурууны БЦГ-ын Цэцүүх гол орчмоос гүйсэн буга Завхан аймгийн Отгон, Баянхонгор аймгийн Баянбулаг, Хүрээмарал, Бууцагаан, Баацагаан зэрэг сумдын нутаг дэвсгэрийг хойноос урагш чиглэн 20-оод хоногт туулж Их Богд ууланд 2019 оны 8 сарын сүүлээр очиж тогтвортой байршсан мэдээллийг өгсөн юм. Судалгааны дүнд Их богдын БЦГ-т гүйдэллэн очсон сансрын дохиололт хүзүүвчтэй бие гүйцсэн буга нь согоо хурааж, үржлийн сүрэг үүсгээгүй ганцаараа очсон болохыг тогтоов. Идээшил нутгийн талбайн хэмжээ нь өвлийн улиралд бага 13 км2, хавар 27 км2, зуны улиралд хамгийн том 57 км2, намар 21 км2 байна. Их Богд уулын Оюу болон Номин нуурын нутагт 2 жилийн турш ганцаар тогтвортой байршиж байгаад 2021 оны намар 9-р сард орооны үеэр буцаж хойшоо чиглэлтэй нүүдэллэн 2021 оны 10-р сарын 30-ны байдлаар Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Босго ууланд очсон байршлын цэгэн мэдээллээ дамжуулсаар байна (Зураг 1).

 

Зураг 1. Сансрын дохиололт хүзүүвчтэй халиун буга (Cervus elaphus)

 

Зураг 2. Сансрын дохиололт хүзүүвчтэй буга 2021 оны 10-р сарын байршлын мэдээгээр Баянхонгор аймгийн Хүрээ марал сумын Босго ууланд очоод байна.

Тарвагатайн нурууны БЦГ-т халиун бугын тархан байрших боломжит нутгийн хэмжээ 2658 км2, үүнээс идээшил бүхий нутгийн хэмжээ нь 2174 км2, Их богдын БЦГ-ийн нутагт халиун бугын тархац нутаг 689 км2, үүнээс идээшил бүхий цөм нутгийн хэмжээ 284 км2, Бага богд уулын районд 260 км2 нутагт буга тархах боломжтой, үүний 150 км2 нь цөм нутаг болох, Говь Гурван сайхан уулын БЦГ-т халиун бугын тархах нутаг 438 км2, үүнээс 191 км2 нь, Хустайд 355 км2 нутагт тархаж, 183 км2 идээшил цөм нутаг болохыг үнэлэн тогтоолоо.

Монгол орны халиун бугын тархац болон говийн Алтайн салбар уулсад бүртгэгдсэн халиун бугын байршлын мэдээнд үндэслэн амьдрах орчны тохиромжтой нутгуудыг загварчлан гаргаж, тэдгээрийн хоорондох боломжит холбоос нутгуудын зураглал, болон хамгийн бага саад бартааг туулж хүрэх холбоос коридоруудыг тооцон зураглал үйлдэв.      Тарвагатайн нурууны БЦГ, Ноён хангай БЦГ, Их Богд уулын БЦГ, Бага Богд уул, Говь гурван сайхан БЦГ-ийн Баруун сайхан  уул, Хангайн нурууны зүүн өмнөд Улиастай уул, Сант уул, Батхаан БНГ, Хөгнө-Тарна БЦГ газруудыг тус тус холбосон хамгийн бага энергийн зарцуулалттай (LCP) нийт 5240  км урттай 18 холбоос замнал коридорууд, Төвийн бүсийн Хустайн БЦГ, Хустайн нуруунаас баруун тийш Цагаан өл уул, Батхаан БНГ, Хөгнө-Тарна БЦГ, Нэвсээний нуруу, Богд хан уулын ДЦГ газрыг хамарсан 2109 км урттай 15 замнал - коридор нутаг байгааг тооцоолов (зураг 3).

 

 

Зураг 3. Тарвагатайн БЦГ, Хангайн ТХГН-ууд,  Их Богд БЦГ, Бага Богд уул, Говь-Гурван сайхан БЦГ-ууд хооронд хамгийн бага энерги зарцуулж холбогдох коридор холбоос нутгууд (Least cost path болон Cost-weighted distance)


Зураг 4.   Хустайн нуруу, Бат хаан уул, Богд Уул, Хан хэнтийн нуруу хоорондох хамгийн боломжит коридор холбоос нутгууд

Халиун бугын нүүдэл шилжилт хөдөлгөөнд хүний үйл ажиллагааны шууд ба дам нөлөө,   автозам, тариан талбай зэрэг нь үндсэн саад, хязгаарлагч хүчин зүйл болж байна. Бугын улирал хоногийн идэвх, шилжилт хөдөлгөөн намар орооны үеэс эхлэн нэмэгдэж, өвөл хаврын улиралд аажим буурдаг зүй тогтолтой байна. Иймд халиун бугын үндсэн байршил – цөм нутаг болон нүүдэллэн шилжих боломжит холбоос нутгийг нэн түрүүнд хамгаалах нь тааламжтай амьдрах орчныг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Хэтийн уур амьсгалын өөрчлөлтийн загварчлалаар халиун бугын тархах боломжит нутгийг тооцоолон үзэхэд 2040 он хүртэл хумигдан багасах, 2040-2060 онд тархац нутаг хойт зүгт бага зэрэг шилжих ба 2100 он гэхэд говийн бүсэд тархацгүй болох хандлагатай  байна.

  Энэ судалгааг Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголт, зээлийн банк (KfW)-аар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн захиалга, санхүүжилтээр хийж гүйцэтгэн үр дүнг хүлээлгэн өгөв.

 

 


Бусад мэдээлэл