Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ТХГН-ЫН ЯНГИР ЯМААНЫ ПОПУЛЯЦИД НӨӨЦ, ТАРХАЛТЫН СУДАЛГААГ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТТЭЙ УЯЛДУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
ТХГН-ЫН ЯНГИР ЯМААНЫ ПОПУЛЯЦИД НӨӨЦ, ТАРХАЛТЫН СУДАЛГААГ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТТЭЙ УЯЛДУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

Тарвагатайн нурууны БЦГ-ын янгир ямааны тусгаарлагдмал жижиг популяцийн генетик тогтцын онцлог, орон зайн тархалт, тоо толгойн хөдлөл зүй, улирлын тархац байршил, экологийн онцлогийг хөдөлгөөн мэдрэгч автомат камер, нисэгчгүй нисэх төхөөрөмж, генетик судалгааны арга зүй ашиглан судалж хамгааллын үр дүнтэй менежментийг төлөвлөн хэрэгжүүлэх үндэслэл, санал зөвлөмж боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн санхүүжилтээр Биологийн шинжлэх ухааны доктор Я.Адъяагийн удирдсан ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хөхтөн судлаачдын баг хийж гүйцэтгэн үр дүнг хүлээлгэн өгөв.

 

Тарвагатайн нурууны Алаг Ямаат орчим янгир ямааны тархах боломжит 799.5 км2 нутгаас 217.51 км2  нутагт 180 гаруй толгой янгирын сүрэг 0.83 бодгаль/км2 нягтшилтайгаар тогтвортой тархан байршиж, тоо толгой өсч байгаа ч үржлийн эрчим буурах хандлагатай байгааг судлан тогтоожээ. 



Тарвагатай нурууны БЦГ-ын Их Алаг, Бага Алаг болон Отгонтэнгэрийн ДЦГ-ын хооронд холбоос нутгуудыг тооцоолоход янгирын амьдрах орчныг  холбосон хамгийн бага энерги зарцуулалт бүхий 99.62 км урт боломжит нүүдлийн замнал тогтоогдов. Хамгийн саад багатай, тохиромжтой нүүдлийн замнал нь Тарвагатайн нуруунаас урд зүгт ТХГН-ийн хилийн цэсийн гадна байрших Халзан бүргэдтэй чиглэлд төвлөрч байна.

 

Янгир ямааны амьдрах орчны загварчлалаар тухайн бүс нутгийн янгирын популяцын одоогийн тархац нутаг, голомт нутаг, нийт тархах боломжит нутаг, хамгийн бага энерги зарцуулалт бүхий холбоос нутаг, холбоос нутаг хоорондын саад тотгорын загварчлал болон зорилтот зүйлийн амьдрах орчинд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл зэргийг тооцоолж, дүгнэлт санал боловсруулжээ.



Тарвагатайн нурууны УТХГ-т байрших янгир ямааны тархац уур  амьсгалаас хамааран 20 жилийн давтамжтай өөрчлөгдөх Био-19 загварчлалыг /2021-2100/ боловсруулав. 



Мatrice 300 RTK загварын ус чийг, тоос шорооноос хамгаалах IP25 стандартын шаардлага хангасан, 6 талдаа саад мэдрэгч сенсортой нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг анх удаа амьтан судлалын хээрийн судалгаанд ашиглав. Уг төхөөрөмж нь далайн төвшнөөс дээш 5000 метрийн өндөрт 15 м/с хүртэл салхины хурдыг тэсвэрлэн 55 минут хүртэл тасралтгүй нисэж, их хэмжээний тархац нутгийг хамруулан, дулаан мэдрэгч камерын тусламжтайгаар амьтныг илрүүлэн, татах дурангийн тусламжтайгаар зураглал үйлдэж, сенсорын мэдээллийг боловсруулж янгир ямааны тархац, тоо толгой, сүргийн бүтэц, өсөлтийн эрчим болон улирал хоногийн идэвх, амьдрах орчин, ландшафтын төрхийг үнэлэн тодорхойлжээ. 





           Тарвагатайн нурууны Алаг Ямаат орчим нутагт тусгаарлагдсан янгирын популяциас ДНХ ялгаж, мтДНХ-ийн Д-гогцооны хувьсал ихтэй хэсгийн дарааллыг тогтоон анализ хийх, мтДНХ-ийн ND5 генийн хэсгийн дарааллыг тогтоох генетикийн судалгааг хийж, ангилал зүйн асуудлыг тодруулан урьд нь хийгдэж байсан бусад популяцийн үр дүнтэй  харьцуулан дүгнэлт санал боловсруулав. Алаг Ямаатын популяцид генетик олон янз байдал харьцангуй бага, тусгаарлагдаад удсан, Ховд, Баянхонгор, Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдагийн  популяцитай генетик олон янз байдлын хувьд хамгийн бага ялгаатай, гарал үүсэл ойр, харин Дорноговийн Их нартын популяциас генетик зайн хувьд хамгийн хол байгааг судлан тогтоов. Тарвагатайн нурууны янгир ямааны популяцын генетик олон янз байдлыг тогтвортой хадгалах, цаашид тоо толгойг өсгөн нэмэгдүүлэх зорилгоор амьдрах орчин нь төсөөтэй, генетик зай харьцангуй их ажиглагдсан популяцаас сүргийг сэлбэх боломжтой юм.

 

Энэхүү тусгаарламал популяцын үндсэн байршил нутаг Их Бага Алагийн хавцал орчим буюу ялангуяа өвөл, хаврын улиралд хужир, өвс тавьж биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн уст цэг орчимд гэрийн мал, зэрлэг амьтдын бэлчээрийн давхцал үүсдэг нь гэрийн малын гадаад дотоод шимэгчид бусад халдварт өвчин зэрлэг амьтдад халдварлан тархах нөхцөлийг бүрдүүлж байх тул бэлчээрийн мал сүргийг элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болох тарилга, туулгыг тогтмол чанартай хийж, хяналт тавьж байх шаардлагатай байгааг зөвлөсөн байна.



















 


Бусад мэдээлэл