ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга Болгарын ШУА-ийн ерөнхийлөгч Юлиан Ревалски, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Нели Косева нарыг хүлээн авч уулзав. Тус уулзалтаар хүрээлэнгийнхээ бүтэц, эрдэм шинжилгээний ажил, бүтээл, бүтээгдэхүүн, лабораториудын судалгааны чиглэл, үйл ажиллагаа, инновацын бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа. Уулзалтын үеэр Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга хоёр улсын ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн судалгааны чиглэлээс харахад хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах боломжтой харагдаж байна, харин бидний зүгээс дараах гурван чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлж, хоёр тал харилцан тохиролцов.
Хамтран ажиллах чиглэлүүдийг дурьвал:
1. Манай улсын хувьд уламжлалт сүү цагаан идээ хэрэглэж ирсэн олон зуун жилийн түүхтэй. Тийм ч учраас манай хүрээлэн дээр сүүн цагаан идээний чиглэлээр судалгаа шинжилгээ хийгдэж ирсэн. Энэ үнэт бүтээгдэхүүнээс ашигтай микроорганизм ялган авч, тэдгээрийн биологийн идэвхийг тогтоох улмаар цэврээр бодис ялган авах чиглэлээр ажиллах
2. Манай хүрээлэнгийн Хөхтний экологийн лаборатори классик биологийн судалгааг олон жил хийж ирсэн. Иймд хоёр орны том жижиг хөхтөн амьтдын биологи, экологийн судалгааг хамтран хийх
3. Манай орны хувьд элэгний хорт хавдрын өвчлөл нийт хүн амын дунд өргөн тархсан, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан жагсаалтаар манай улс элэгний хорт хавдраас шалтгаалсан нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа. Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори элэгний хорт хадврын судалгааг сүүлийн 40-өөд жил тасралтгүй хийж байна. Ийм учраас элэгний хорт хавдрын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна.