Монгол улсын гавъяат багш, тус хүрээлэнгийн ууган захирал асан академич О.Шагдарсүрэнгийн мэндэлсний 90 насны ойг ШУА-ийн Биологийн хүрээлэн дээр энэ сарын 7-нд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү ойн арга хэмжээний үеэр тус хүрээлэнгийн захирал, доктор Я.Адъяа “Академич О.Шагдарсүрэнгийн Монгол орны Биологийн шинжлэх ухааны хөгжил, боловсролын салбарт оруулсан хувь нэмэр” илтгэл тавьж, хамтран ажиллаж байсан Монгол, Оросын эрдэмтэн судлаачид болон шавь нар нь түүний биологийн шинжлэх ухаан, тухайн салбарын материаллаг бааз, боловсон хүчин бэлтгэхэд болон ялангуяа Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн хамтын ажиллагаа, хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн дурсаж, сэтгэгдлээ илэрхийллээ. Мөн өөрийн бичиж үлдээсэн товч намтар, ажлын товч тайлан зэрэг архивын материалыг голлох бүтээлийн жагсаалтын хамт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний цуврал бүтээлд хэвлэн нийтийн хүртээл болгов.
Академич О.Шагдарсүрэн нь боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын тогтолцоог төгөлдөржүүлэх, салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, түүнтэй холбогдсон удирдлага, зохион байгуулалт, аж ахуйн их ажлын зэрэгцээ эрдэм судлалын ажлыг өргөн хүрээнд тууштай, үр дүнтэй гүйцэтгэж, Төв Ази, Монгол орны байгаль, экологийн нөхцөл, биологийн нөөц баялаг, ялангуяа амьтны аймгийн судалгаанд жинтэй хувь нэмэр оруулсан сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, шилдэг зохион байгуулагч байж, биологийн олон янз байдлыг хадгалах, байгаль, амьтан хамгааллын чиглэлээр эрдмийн бүтээлийг туурвин хүн төрөлхтний оюуны сан хөмрөгт эрдэм ухааны багагүй нэмэр хандив оруулсан Монголын шилдэг эрдэмтдийн нэг мөн. МОХБИБЭ Монголд 50 жил ажилласны түүхэн ойг тэмдэглэж буй энэ цаг хугацаатай Биологийн хүрээлэнгийн захирал, МОХБИБЭ-ийн Монголын талын эрдэм шинжилгээний ажлын удирдагч асан академич О.Шагдарсүрэнгийн мэндэлсний 90 насны ой давхцаж байгаа нь онцлог юм.
Академич О.Шагдарсүрэн манай орны эрдэм шинжилгээний дагнасан байгууллага болох ШУА-ийн харьяанд Байгалийн ухааны хүрээлэнг анх байгуулахад гар бие оролцон 1965-1982 он хүртэл тус хүрээлэнгийн захирлаар ажилласан юм. Энэ үеэс түүний санаачилга, оролцоотойгоор Монгол орны амьтан, ургамлын аймгийн судалгаа эрчимтэй хийгдэх болсон бөгөөд Хэнтий, Хангайн уулархаг районы хөхтөн, шувуудын судалгааг удирдан зохион байгуулах, Монгол орны ховор болон агнуурын амьтдын тархалт, биологи, экологи, тоо толгой, нөөцийг судлах хайгуул судалгааны ажлуудыг зохион байгуулж удирдах, үр дүнг хэлэлцэж нийтлүүлэх гэх мэт ажлуудыг биечлэн удирдан гүйцэтгэж байлаа. Эх орондоо биологийн шинжлэх ухааны шинэ салбар, чиглэлийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч Биологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байх үедээ тус хүрээлэнд Генетикийн лабораторийг Унгар болон ЗХУ-ын тусламжаар, Хөхтөн судлалын экофизиологийн лабораторийг байгуулах ажлыг зохион байгуулж, эволюцийн онол, экологи, генетикийн судалгааг өөрийн оронд хөгжин төлөвшихөд тодорхой хувь нэмэр оруулсан байна.
Академич О.Шагдарсүрэн нь их сургуульд багшилж, шинжлэх ухааны байгууллагад хариуцлагатай алба хашихын хамт АИХ-ын депутатаар сонгогдож, Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн орнуудын Биофизикийн төвийн Монголын бүрэн эрхт төлөөлөгч, Монгол-Германы хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн Монголын талын эрдэм шинжилгээний ажлын удирдагч, Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг, Байгаль хамгаалах холбооны тэргүүлэгч гишүүн, Монгол-Энэтхэгийн найрамдлын нийгэмлэгийн дарга зэрэг ажлуудыг гүйцэтгэж байв.
МОХБИБЭ-ийн Монголын талын эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар 40 шахам жил ажиллаж 1978 оноос 2010 он хүртэлх хугацаанд хэвлэгдсэн “Монгол орны байгалийн нөхцөл, биологийн нөөц” цуврал 45 боть бүтээлийг хянан тохиолдуулахад оролцон ажилласан бөгөөд бусад олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлүүд, монографийн редакцийн зөвлөлд орж зарим бүтээлийг хариуцан хэвлүүлж байв.
О.Шагдарсүрэн 1964-1982 онд ШУА-ийн Байгалийн ухааны хүрээлэн, Биологийн хүрээлэнгийн захирлаар, 1982-1983 онд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1983-1989 онд МУИС-ийн ректор, 1990 оноос тус их сургуулийн Амьтан судлалын тэнхимд багшилж байв.
О.Шагдарсүрэн 1982 онд академич, 1984 онд профессор цол хүртэж, 1997 онд Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм алдрыг хүртсэн юм. Алтан Гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Боловсрол, Шинжлэх ухаан, Байгаль орчин, ХАА-н тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж, 2002 онд Засгийн Газрын хүндэт өргөмжлөлөөр шагнагджээ.