Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН БИОЛОГИЙН ИЖ БҮРЭН ЭКСПЕДИЦИ (МОХБИБЭ)–ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН БИОЛОГИЙН ИЖ БҮРЭН ЭКСПЕДИЦИ (МОХБИБЭ)–ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

БНМАУ-ын нутагт “Биологи Палентологийн, хайгуул судалгааны экспедици ажиллуулах тухай” ЗХУ-ын ШУА-ийн Тэргүүлэгчдийн 1969 оны 07-сарын 02-ны өдрийн тогтоол болон БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1969  оны 3-р сарын 28-ны өдрийн  89-р тогтоолууд гарч бэлтгэл ажлыг ханган 1970 оноос биологийн хээрийн судалгааны экспедициүд ажиллаж эхэлжээ.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн уг тогтоолоор Монгол Зөвлөлтийн палентологи, биологийн эрдэм шинжилгээний хамтарсан хайгуулыг 1969 оноос ажиллуулахыг Шинжлэх Ухааны Академи /н.Ширэндэв/-д зөвшөөрч, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот улсын ШУА-аас ирүүлж байгаа угсармал байшинг угсрах, агуулах саравч барихад болон хамтарсан хайгуул судалгааны ажилд Монголын талаас шаардагдах хөрөнгийг гаргах, хамтарсан хайгуулд оролцох хүрээлэнгийн орон тоог хянан батлах, хамтарсан хайгуулын бүрэлдэхүүнд бусад хүрээлэн байгууллага, их дээд сургуулийн мэргэжлийн эрдэмтэн судлаачид, ахлах ангийн оюутныг оролцуулан ажиллуулахыг холбогдох яамд, улсын хороо, Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргаа зэрэг байгууллагад даалгасан байна.  

1969 оны 8-р сард Улаанбаатар хотноо ЗХУ-ын Шинжлэх ухааны академи ба БНМАУ-ын Шинжлэх ухааны академийн хооронд хамтран ажиллах Монгол-Зөвлөлтийн хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн гэрээнд гарын үсэг зурж, дүрмийг баталсаны дагуу тус экспедицийн толгойлогч байгууллага, бүтцийг тодорхойлж, эрдэм шинжилгээний удирдагч, дарга нарыг томилж, захиргаа, эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан байна. Энэ экспедицийн толгойлогч байгууллагаар анх удаа Монголын талаас ШУА-ийн Биологи, Ботаникийн хүрээлэн, Оросын талаас ОХУ-ын ШУА-ийн Ботаникийн хүрээлэн Оросын ШУА, Экологи ба Эволюцийн хүрээлэн ажиллаж байна.

Дэлхийн хуурай газрын экосистемийн судалгааны томоохон экспедицийн нэг ОХУ болон Монголын Шинжлэх ухааны академийн хамтарсан Биологийн иж бүрэн экспедици тасралттгүй 50 жил ажиллаж Монгол орны байгалийн нөхцөл, биологийн нөөц баялагийн талаархи онол практикийн гүнзгий ач холбогдолтой өргөн цар хүрээтэй судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэж ирлээ.

1990 оноос тус  экспедици Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедици (МОХБИБЭ) гэдэг нэртэй болов.

МОХБИБЭ нь Оросын газарзүйн нийгэмлэгээс зохион байгуулсан Пржевальский, Потанин, Козлов нарын удирдсан Төв азийн судалгааны алдарт экспедициүд болон Монголын Шинжлэх ухааны хороо ба ЗХУ-ын Шинжлэх ухааны академиас зохион явуулсан иж бүрэн томоохон экспедицийн залгамжлагч болж байна.

Энэхүү экспедицийн гол зорилт бол нэгдүгээрт тус оронд эрдэм шинжилгээний хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, ялангуяа шинжлэх ухааны доктор ба боловсролын докторыг олноор бэлтгэх, хоёрдугаарт Монголын хөрс, ургамалжил, амьтны аймгийн тархац оршин тогтнох онцлог, зүйлийн бүрэлдэхүүнийг тогтоох зорилгоор хөрс- ургамал ба зоологийн хайгуул ба суурин иж бүрэн судалгаа явуулах, улмаар эдгээр судалгааны үр дүнд биологийн чухал нөөц баялгийг илрүүлэн үнэлэх, улмаар түүнийг зохистой ашиглах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад оршиж байв.

Тус экспедицийн Оросын тал юуны өмнө Төв Азийг судлаач нэртэй эрдэмтдийг эрдэм шинжилгээний ажлын удирдагч, экспедицийн дарга, хайгуул, суурингийн ахлагчаар томилж, нэртэй олон эрдэмтдийг судалгааны ажилд татан оролцуулсан бөгөөд  Төв Азийн нэрт судлаач доктор А.А.Юнатов, Академич Лавренко, В.Е.Соколов, А.Т.Мокроносов, Ю.Ю.Дгебуадзе, С.Павлов, В.В.Рожнов,  Н.С.Касимов, сурвалжлагч гишүүн Ю.В.Гамелей, А.В.Суров нар болон ургамал судлаач В.Н.Грубов, ой судлаач Н.Савин зэрэг эрдэмтэн судлаачид ирж, манай залуу судлаачдыг судалгааны аргазүйд сургаж, багш шавийн холбоо тогтоож, тэдгээрийг эрдэмтэд болгосон, оюуны их хөрөнгө оруулсан гавъяатай билээ.

Энэ хугацаанд Монгол орны амьтан, ургамлын аймгийн зүйлийн бүрэлдэхүүнийг үндсэнд нь нарийвчлан тогтоож, биологийн олон янз байдал, байгалийн нөхцөлийн өвөрмөц онцлог, зүй тогтлыг илрүүлсэн эрдэм судлалын олон зуун боть эрдмийн бүтээлийг туурвин нийтлүүлэв.

МОХБИБ Экспедицийн ажлын үр дүнгээр 6.5 мянган эрдмийн бүтээл хэвлүүлсэн бөгөөд тус экспедицийн шугамаар хээрийн судалгааны эх хэрэглэхүүн материалыг бүрдүүлж “Монгол орны байгалын нөхцөл биологийн нөөц” цувралаар  66 боть, “Монгол орны шавж”-11 боть, “Сээр нуруутан амьтад” цувралаар 7 боть, 100 гаруй монографи зэрэг томоохон бүтээлүүдийг туурвижээ. Мөн олон тооны янз бүрийн масштабтай зураг хэвлэгдэв. Тухайлбал, “Монгол орны ургамалжлын зураг” (1979, 1:1500000 масштабтай), “Монгол орны ойн зураг” (1983, 1:1500000 масштабтай), “Монгол орны хөрсний зураг” (1980, 1:2500000 масштабтай ), “Монгол орны экосистемийн зураг” (1995, 1:1000000 масштабтай) зэрэг томоохон бүтээлийг нэрлэж болно.

Тус экспедицийн чухал үр дүнгийн нэг болох  Орос Монголын 100 гаруй эрдэмтдийн олон жилийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэсэн Монгол орны экосистем атласыг экспедицийн 50 жилийн ойг тохиолдуулан англи хэл дээр бэлтгэн хэвлүүллээ.

Орос Монголын биологич эрдэмтдийн бүтээн туурвисан эрдмийн бүтээл, байгаль хамгааллын холбогдолтой санал зөвлөмжийг үе үеийн Засгийн газар бодлого үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж, их дээд сургуулийн оюутан, судлаачид гарын авлага хэрэглэхүүн болгон ашиглаж, байгаль хамгааллын салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд үнэлж баршгүй хувь нэмрийг оруулж байна. 

Монгол Оросын хамтарсан биологичдын олон жилийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнд бий болсон мэдээ, эх хэрэглэхүүн нь  Монгол орны экосистем, биологийн төрөл зүйлийн хувирал өөрчлөлтийг үнэлэн дүгнэх мониторинг судалгааны чухал ач холбогдолтой болохыг  онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Биологийн экспедици байгуулагдсан цаг үеэсээ эхлэн манай оронд эрдмийн зэрэгтэй эрдэмтэн судлаач бэлтгэхэд их үүрэг гүйцэтгэж байна. Тус экспедицийн шугамаар ОХУ-ын ШУА-ийн хүрээлэнгүүд, их, дээд сургуулиудад манай залуу ажилтнууд эрдэм шинжилгээний томилолтоор урт богино хугацаагаар томилогдон ажиллаж мэргэжил дээшлүүлэхийн зэрэгцээ аспирантур, докторантурт суралцаж эрдмийн зэргийг амжилттай хамгаалсан юм.

МОХБИБЭ ажилласан энэ хугацаанд Монгол орны байгалийн нөхцөл, биологийн олон янз байдлын хээрийн судалгааны материалыг боловсруулсны үндсэн дээр шинжлэх ухааны докторын зэргийг 45 ажилтан, биологийн ухааны докторын зэргийг 107 ажилтан хамгаалснаас Монголын 28 ажилтан шинжлэх ухааны доктор, 90 гаруй хүн боловсролын докторын зэрэг хамгаалсан байна. 

Тухайлбайл, О.Шагдарсүрэн, А.Дулмаа, Н.Өлзийхутаг, Д.Доржготов, А.Болд,  Ч.Содномцэрэн, Б.Бямбаа, Ч.Дугаржав, Ч.Доржсүрэн нар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж монголын шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдов.

Экспедици ажиллаж эхэлсэн эхний жилүүдэд судалгааны ажлыг 1) Монголын ургамлын аймаг ба амьтны аймгийн бүртгэл; 2) Монголын хөрс ба ургамлын бүрхүүлийн орон зайн бүтцийн үндсэн зүй тогтлыг илрүүлэх ба янз бүрийн масштабтай түүний зурагзүйн загварыг буй болгох; 3) суурин цэгүүд дээр хөрс-ургамалжлын бүлгэмдлийн хөдлөлзүйг судлах  гэсэн гурван үндсэн чиглэлээр хийж байв.

Дараагийн  шатанд дээрхи судалгааны ажлууд үргэлжлэхийн зэрэгцээ экосистемүүдийн үндсэн хэв шинжийн бүтэц, хэв шинж, үйл ажиллагааны онцлог ба экосистемүүд дэх амьтны аймгийн үүргийн талаар хайгуул ба суурин судалгааны ажил хийгдсэн юм.

1990-ээд оноос өмнөх  үе шатны судалгааны ажил батлагдсан хөтөлбөрийн дагуу үргэлжлэхийн зэрэгцээ Монголын экосистемүүдийн орчин үеийн төлөв байдлын экологийн үнэлгээ, тэдгээрийн хүний нөлөөгөөр өөрчлөгдсөн байдал, цөлжилт ба доройтлын оношлогооны үзүүлэлтүүдийг тодорхойлох ба иж бүрэн экологийн зургуудыг зохиох зэрэг шинэ чиглэлүүдээр судалгаа эхэлсэн болно. Монгол улсын Засгийн газар “Монголын биологийн нөөц баялаг ба хүрээлэн буй орчны төлөв байдлын экологийн үнэлгээ” сэдэвт МОХБИБЭ-ийн хөтөлбөрийг баталсан юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Монгол орны экосистемүүдийн үндсэн хэвшинжүүдийн төлөв байдлын зураглал ба үнэлгээний талаар тусгай аргазүй боловсруулав.

1000000 масштабтай “ Ecosystems of Mongolia” зургийг зохиож 1995 онд “Ecosystems of Mongolia” зураг 15 хуудастайгаар цаасан хувилбараар хэвлэгдсэн ба харин 2000 онд түүний электрон эх хувилбарыг дуусгав.

2000-аад оноос эдийн засгийн хөгжлийн зах зээлийн тогтолцоот хөгжлийн замыг сонгосон Монгол улс ба шилжилтийн үед нилээд тод илэрч буй экологийн чухал асуудлыг судлахад экспедицийн үйл ажиллагаа чиглэсэн байна. Монголын ШУА ба Оросын ШУА-ийн хооронд байгуулсан эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны протоколын дагуу МОХБИБЭ-ийн эрдэм шинжилгээний хөтөлбөрт Монголын байгалийн нөхцөлийг судлах 7 үндсэн чиглэл, тэдгээрээс гарах үндсэн үр дүнг тодорхойлсон юм. .

Төв Ази ба Өмнөт Сибирийн шилжилтийн бүсийн амьтан, ургамал ба биогеоценозын олон янз байдал,  Монголын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн сүлжээний одоогийн төлөв, хөгжлийн ирээдүй, Цөлжилт, Монголын байгаль орчны бохирдлын экологи-нийгмийн асуудал,  Байгал нуурын ай савын биологи ба экологийн мониторинг судалгааны чиглэлээр тус экспедицийн Монгол Оросын талууд ойрын ирээдүйд хамтран ажиллахаар төлөвлөж байна. 

Монгол оронд байгалийн экосистемүүдийн үйл ажиллагаа, ландшафт-экологийн нөхцөлийн хувьсал, биологийн нөөц баялагийг зохистой ашиглах ба байгаль хамгааллын арга хэмжээг боловсруулах талаар экспедицийн олон жилийн турш явуулсан судалгаа нь арга зүйн чухал ач холбогдолтой. Төв Азид загвар орон болох Монголын экосистем ба экологийн нөхцөлийн судалгаа нь Сибирийн тайгын ой ба Төв Азийн цөлийн зааг дээр экологийн тогтвортой байдлыг хадгалахад ихээхэн ач холбогдолтой байх болно.

МОХБИБЭ манай орны байгалийн бүслүүрт экосистемийн урт хугацааны  мониторингийн сүлжээг байгуулав. Тухайлбал, Архангай аймгийн Түвшрүүлэхийн ойт хээр, Өмнөговь аймгийн Булган сумын цөлийн хээр, Төв аймгийн Өнжүүлийн хуурай хээр, Мөнгөнморьтын ой-нугат хээр, Завхан аймгийн Тосонцэнгэлийн ой, Булган аймгийн Хялганат, Дархан-Уул аймгийн Шарын голын ой, Сэлэнгэ аймгийн нуга, Сүхбаатар аймгийн Жинхэнэ хээр, Нийслэлийн Гацууртын ойн суурингуудыг байгуулахад техник-эдийн засгийн дэмжлэг туслалцаа үзүүлж байна.

Цаашид электрон өөрөө бичигч дамжуулагч төхөөрөмжийг ашиглан Монголын хөрсний дулаан ба усны горимыг жилийн турш судлах, цөлжилтийн явц ба ургамлын харь зүйлийн судалгаа үргэлжилж, ургамлын аймаг ба амьтны аймгийн биологи экологийн судалгааг гүнзгийрүүлж,  Ойрын жилүүдэд Монгол орны нийгэм-эдийн засаг, ногоон хөгжлийн бодлогод нийцүүлэн тус экспедицийн судалгаа шинжилгээний ажлын хөтөлбөр, үндсэн чиглэлийг нарийвчлан боловсруулах зорилго тавьж байна.

 

 

                                                                                                                         ШУА-ийн Биологийн хүрээлэн  2019.09.04


Бусад мэдээлэл