Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Хөх мөрний дагуух ус намгархаг газрын олон улсын шувууны мониторинг судалгааны ажилд манай судлаач оролцоод ирлээ
Хөх мөрний дагуух ус намгархаг газрын олон улсын шувууны мониторинг судалгааны ажилд манай судлаач оролцоод ирлээ

Шувуу судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан С.Түвшинтөгс 2018 оны 1 –р улиралд Хятадын Шинжлэх Ухааны Академийн харьяа Экологи-Хүрээлэн буй орчны Шинжлэх Ухааны Судалгааны Төвийн урилгаар тус улсын Жангши, Анхуй аймагт ажиллаа.

Төвдийн өндөрлөгөөс эх аван 3300 гаран километр урссаар Шар тэнгист цутгадаг Хөх мөрний сав газрын дагуух ус намгархаг газруудад өвөлжиж буй усны шувуудын тооллогын ажилд ОХУ, БНХАУ, АНУ, Белги зэрэг олон улсын судлаачидтай хамтарч оролцов.

 Судалгаагаар 87 ус, намгархаг газрын 787 мониторингийн цэг дээр шувуу тоолох ажлыг 3-5 багт хуваагдан хийсэн. Судалгааны үр дүнгээр 82 зүйлийн 743394 шувуу тоолсон. Хөх мөрний сав газарт өвөлжиж буй усны шувуудын бүх зүйлүүд Монгол оронд үрждэг, нүүдлийн үедээ дайран өнгөрдөг, зусдаг, тохиолдлоор орж ирдэг зүйлүүд байдаг. Судалгааны явцад олон улсын хэмжээнд устах аюулд орсон, ховордсон ундар нүдэн шумбуур, дорнын өрөвтас, цагаан тогоруу, ухаа шумбуур зэрэг маш олон зүйлийг бүртгэж тэдгээрийн амьдрах орчны нөхцөл байдлын талаар нэлээдгүй баримт цуглуулсан. Дээрх ховор шувуудаас гадна Хятад улсын газар нутагт ховор тохиолддог зүйлээс улаан-цээжит галуу (Branta ruficollis)-г олж бүртгэсэн бөгөөд энэхүү зүйл нь 1960 оноос хойш хятадын нутагт бүртгэгдсэн тохиолдол нийт 16 байсан. Энэхүү зүйл нь Сибирийн баруун хойд хэсгийн туйлын бүсээр үрждэг бөгөөд гол өвөлжих цэг нь Каспын тэнгис бөгөөд өвөлжих газраас эсрэг чиглэлд нүүж Поян нууранд ирсэн нь онцгой бөгөөд ховор тохиолдол юм.

Энэхүү бодгаль манхин галууны 800 орчим бодгаль сүрэг дотор байсан бөгөөд гол өвөлжих цэгээсээ төөрч ирсэн шалтгаан нь намрын  нүүдлийн үед өөр зүйлийн галууны сүрэгт нийлснээр тайлбарлагдах боломжтой. 

Энэхүү судалгааны ажилд оролцсоноор залуу судлаачын хувьд олон улсын судлаачдын сүүлийн үеийн судалгааны арга зүйд суралцах, туршлага солилцох, хамтран ажиллах боломжуудыг эрэл хийх, Монгол оронд үржин зусдаг олон зүйл шувуудын өвөлждөг амьдрах орчны онцлог, амьдрах орчны эерэг болон сөрөг хүчин зүйлүүдийн талаар мэдлэг нэмсэн, олон талын чухал ач холбогдолтой ажил болсон.












Хээрийн судалгааны үед тохиолдсон Улаан цээжит галуу (Branta ruficollis).


Бусад мэдээлэл