ХЯТАД-МОНГОЛ-ОРОСЫН КОРИДОРЫН ДАГУУХ ЭКОЛОГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ БА АВАХ АРГА ХЭМЖЭЭ (CMRC СУДАЛГАА) ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛОВ
Хятад-Монгол-Оросын
коридорын дагуух экологийн аюулгүй байдлын үнэлгээ ба авах арга хэмжээ (CMRC
судалгаа) олон улсын хамтарсан төслийн Монголын талын гүйцэтгэгчээр ШУА –ийн
Биологийн хүрээлэн сонгогдож 2020 онд хамтран ажиллах гэрээг байгуулан
ажилласан.
Биологийн хүрээлэнгийн захирал доктор
Д.Гантулга; Казахстаны амьтан судлалын хүрээлэнгийн захирал, доктор Роман Ященко; ОХУ-ын Экологи, эволюцын
судалгааны хүрээлэн, академич Вячеслав Рожнов; Хятад, Олон улсын амьтан
судлалын нийгэмлэгийн (ISZS) захирал Жибин Жанг.
Энэхүү төслийг Амьтан судлалын олон улсын нийгэмлэг (ISZS) ба “Бүс ба зам” дагуух улсуудын олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбооны (ANSO) удирдлага, санхүүгийн дэмжлэгтэйгээр Хятадын шинжлэх ухааны академийн Амьтан судлалын хүрээлэн (IOZ/CAS), Тусгай хамгаалалтай газруудын олон улсын холбоо (IAPA), холбогдох гишүүн тусгай хамгаалалтай газруудын захиргаа (Хятад, Монгол, Орос), түүнчлэн Хятадын Шинжлэх ухааны академи, ОХУ-ын Шинжлэх ухааны академи, Монголын Шинжлэх ухааны академи, Казахстаны шинжлэх ухааны академи болон бусад холбогдох их сургуулиудын судлаачид хамтран оролцож хэрэгжүүлж байна.
Төслийн үндсэн
зорилго нь коридор нутгийн хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилтийн явцад экологийн
аюулгүй байдлыг хангах, экологийн эрсдэлээс зайлсхийх зөвлөмжүүдийг өгөх,
байгаль хамгааллын болон халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр таниулах ажлыг
сайжруулах, олон улсын хамтын ажиллагааны сүлжээг бий болгох, хамтын ажиллагааг
өргөжүүлэх, “Бүс ба зам санаачилгад” хамрагдаж буй орнуудын хооронд байгаль
хамгааллын хамтын ажиллагааны үр дүнтэй механизмыг судлан бий болгоход оршино.
Коридор нутгийн
дагуух экологийн болон нийгмийн хөгжлийн дэлгэрэнгүй үнэлгээг гүйцэтгэн,
судалгааны эдгээр нутаг нь хүн амын нягтшил бага, томоохон туруутан болон
махчин амьтдын амин чухал амьдрах орчин, нүүдлийн шувуудын үржлийн нутаг
болохыг онцолж, зайнаас тандан судлал болон мониторингийн өгөгдөл дээр урт
хугацааны анализ хийж, экологийн ерөнхий
нөхцөл байдал сүүлийн 20 гаруй жилд үргэлжлэн сайжирч байгаа ч зарим нутгуудад
доройтол байгааг тэмдэглэв. Бүх нутаг дахь чухал ач холбогдолтой хөхтөн болон
шувуудын түүхэн тархац дээр мэдээлэл цуглуулан шинжилгээ хийж, уур амьсгалын
өөрчлөлтийн хандлагыг нэгтгэн шинжилж, ирээдүйд болох эрсдэлийн таамаглалыг
гаргав.
Монголын ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хөхтөн судлаачид толгойлон оролцсон энэхүү судалгааны ажлын үр дүнг нэгтгэсэн 500 гаруй хуудас бүхий томоохон бүтээлийн эхийг бэлтгэн, англи, хятад хэлээр хэвлүүлэх эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн санал дүгнэлтийг боловсруулав. 2023 оны 8 дугаар сарын 03-08 өдрүүдэд төслийн явцын үр дүнг хэлэлцэх энэхүү уулзалтад Хятад, ОХУ, Казахстан, Монгол улсын 20 гаруй судлаачид оролцон санал солилцсон байна.