Унгар улсаас Монгол улсал суугаа элчин сайд ноён М.Галошфай 2019 оны 5 сарын 22-нд Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд айлчлав. Элчин сайдыг ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, хүрээлэнгийн захирал, доктор Я.Адъяа, академич Д.Баатар, Ц.Оюунсүрэн, доктор Х.Түмэннасан нарын хүмүүс хүлээж авч уулзан Унгар, Монголын шинжлэх ухааны уламжлалт хамтын ажиллагаа, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, лаборатори нэгжийн материаллаг баазыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Биологийн хүрээлэн 1960-аад оноос Унгар улстай монгол
орны амьтан, ургамлын аймаг, биотехнологийн чиглэлээр хамтран ажиллаж, олон
тооны мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн, генетикийн лабораторийг орчин үеийн
судалгааны багаж тоног төхөөрөмжөөр тоноглон хүлээлгэн өгсөн юм.
Унгар улсын
Сегедийн Их сургууль, Сент Иштван болон Паннониагийн Их сургуулиудад тус
хүрээлэнгийн судлаачид магистрантур, докторантурт суралцаж, уламжлалт хамтын
ажиллагаа үргэлжлэн хөгжсөөр байна.
Элчин сайд ноён М.Галошфай тус хүрээлэнгийн Үзмэрийн
танхим, Генетикийн лаборатори болон тус лабораториос салбарлан хөгжсөн
Молекул биологи, Ургамлын биотехнологийн лабораториудын
үйл ажиллагаатай танилцлаа.