Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“УРГАМАЛ ОРШИХУЙД АМЬДРАЛ ОРШИНО – 2019”
“УРГАМАЛ ОРШИХУЙД АМЬДРАЛ ОРШИНО – 2019”

Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн (ЕБСБХ), “Оюу толгой” ХХК хамтран зохион байгуулсан “УРГАМАЛ ОРШИХУЙД АМЬДРАЛ ОРШИНО – 2019” эрдэм шинжилгээний бага хурал “Говийн бүсийн ургамлын аймгийн судалгаа, хамгаалал” сэдвийн дор 2019 оны 6-р сарын 17, 18-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо амжилттай болж өнгөрлөө. Энэ жил 2 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү бага хуралд  БОАЖЯ, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, МУИС, ХААИС, Цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн (ЦУОСМХ) зэрэг эрдэм шинжилгээний байгууллагууд болон “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо”,“Монголын жимс, жимсгэнийн үндэсний холбоо”, “Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS)”, “Монголын шувуу хамгаалах төв”, “Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв (WSCC)”, “Зүүн Азийн хөрс судлалын холбоо”, “Амин хэлхээ байгаль сан”, “Монг-эм” ХХК, “Оюу Толгой” ХХК, “Говь Хангай төгөл” ХХК, “Монголын алт” ХХК, “Энержи Ресорс” ХХК, "Хатан хармаг" ХХКзэрэг ургамлын аймаг, ургамалжил, тархац нөөц, байгалийн ургамал тарималжуулах судалгаа-шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим байгууллага, аж ахуйн нэгжийн нийт 120 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Тус хуралд

1) Монгол орны ургамлын аймгийн судалгаа, 

2) Ховор ургамлын судалгаа,

          3) Бэлчээрийн өнөөгийн төлөв байдал

4) Говийн экосистем, амьдрах орчны судалгаа, хамгаалал

5) байгалийн ургамал тарималжуулах судалгаа гэсэн 5 чиглэлээр нийт 30 гаруй илтгэл

тавигдаж, санал хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Сүүлийн жилүүдэд говийн бүс нутгийн эмийн ургамлын ашиглалт ихээр нэмэгдэж, замбараагүй түүж хэрэглэх, улмаар гадаадад ихээр гаргах явдал ихсэж байгаатай холбогдуулан нэн даруй дорвитой арга хэмжээ авах шаардлага гарч байна. Тиймээс говийн бүс нутгийн нэн ховор, ховор ургамлын судалгааг эрчимжүүлэх, ашигт ургамлын генийн санг хадгалж хамгаалах, тарималжуулах арга технологи боловсруулж, нэвтрүүлэх шаардлагатай талаар хурлын төлөөлөгчид онцолж байлаа.



Бусад мэдээлэл